Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Covid-19-өөс сэргийлэх дархлаажуулалтад хамрагдсанаа зургаар баримтжуулан, цахим хуудсаараа дамжуулан “жиргэсэн” бол Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан эрх баригчдад гадуурхагдсанаас вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй байгаа аж.
Энэ тухай гомдлыг өнөөдөр (2021.03.24) Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх С.Ламбаа мэдээлэл хийх үеэрээ дуулгалаа. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид хүртэл гадуурхагдаж байна. Улсын онцгой комисс (УОК)-оос вакцинжуулалтын хуваарь гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газар багтаагүйгээс ажилтнууд маань хаана очиж вакцинд хамрагдах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэтэл төрийн бүх албан хаагч, ТӨҮГ-ын албан хаагчид вакцинд хамрагдаад дуусч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцид эрх баригч намынхан хэрхэн хандаж буйг харуулж байна” гэж мэдэгдсэн юм.
Монгол Улс Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca” вакциныг анх авчирч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт хийснээр дархлаажуулалтыг эхлүүлж байсан. Тодруулбал, хүн амаа вакцинжуулах ажил хоёрдугаар сарын 23-наас албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Эхний удаад цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагынхныг хамруулсан бол дараа нь төрийн байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрынхныг хамруулсан. Үүнд УИХ, Засгийн газрын гишүүд ч багтсан билээ.
Одоогоор вакцинжуулалтад 230 мянга орчим иргэн хамрагдаад буй. Гэвч С.Ламбаа зөвлөхийн хэлсэнчлэн эрх баригчид Ерөнхийлөгчийн институцийг гадуурхаж, хэргээр вакцинжуулалтад хамруулахгүй хойш тавьж буй бол тэнэг үйлдэл болно.
Тэр тусмаа Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газраас гадна УИХ, Засгийн газар гэсэн хоёр том институци үйл ажиллагаа явуулдаг. Нэвтрэх хаалга нь нэг гэж ойлгож болно. Ажлын шугамаар УИХ, Засгийн газрын гишүүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэн нэг албан тушаалтантай уулзах шаардлага өдөр бүр биш юмаа гэхэд хэд хоноод гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд харилцаа үүснэ. Үгүй ядахнаа халдвар авсан нэг хүнтэй ойр өнгөрөхөд л хавьтагч болно. Нэг үгээр хэлбэл вакцин хийлгэснээр Covid-19 огт тусахгүй гэсэн үг биш, хөнгөн тусна. Тиймээс эрх баригчид алаг үзэл гаргалгүй адилхан л вакцинд хамруулах арга хэмжээ авахгүй бол ялгаварлан гадуурхалтаас нь болж өөрсдөө ч давхар эрсдэлд орж буйгаа бодолцох цаг болжээ.
Нөгөөтэйгүүр, Ардын намынхан Ерөнхийлөгч Х.Баттулгад дургүй байж болох ч Тамгын газарт нь ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид энэхүү ялгаварлан гадуурхалтад нь өртөж, вакцинд хамрагдах эрхээ хасуулж таарахгүй юм. Төрийн албан хаагч гэх институцэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид ч багтдаг.
Ер нь эрх баригч намынхан Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг төсвөөр нь хавчихаас эхлээд ялгаварлан гадуурхах хандлага гаргаж ирсэн. Энэ хандлагаа вакцинжуулалт дээр "турших" нь хамгийн увайгүй үйлдэл болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ