Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь эдийн засгийн хямралтай, өмнөх олон төслүүд нь царцсан байгааг үл харгалзан нийслэл Пёньян хотод 10 мянган барилга бүхий том хороолол барихаар газар чөлөөлж эхэлсэн талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус төсөл нь түүний нэгдүгээр сард танилцуулсан 50 мянган шинэ орон сууц барих төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн эхээр эхний 10 мянган орон сууцыг барих газарт очиж, шав тавих ёслолд оролцсон аж.
Ким Жон Уны хэлснээр, шинэ хороолол барьснаар засгийн газар ард иргэдийнхээ амьдрах орчин, амьдралын түвшинг сайжруулах зорилготой аж.
Дараагийн таван жилд төлөвлөсөн өндөр амбицтай энэ мэт төлөвлөгөөнүүдийнх нь дунд эдийн засгаа хөгжүүлэх зэрэг том зорилтууд мөн багтжээ. Гэвч Пёньянд тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүдээс болж тэдгээр төлөвлөгөөнүүд нь биелэх боломж тун хомс юм.
Төрийн муу зохицуулалт, байгалийн гамшиг, цар тахлаас болж хилээ хаасан зэрэг нь умард солонгосчуудад хүнд тусч, эдийн засгийн хямралд оруулаад буй. Тиймээс НҮБ-аас Солонгосын хойгт хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэлээ хэмээн анхааруулж байна.
Эх сурвалж: REUTERS