"УИХ-ын гишүүнийг тагнадгаас болж утсаар ярихаас айдаг болсон"

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"УИХ-ын гишүүнийг тагнадгаас болж утсаар ярихаас айдаг болсон"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2021.03.24)-ийн хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган, зохих Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн өөрчлөлтөөр дэд хороо өөрийн гэсэн дүрэмтэй болж байгаа аж. Өмнө нь дүрэмгүй явж ирснийг тус дэд хорооны дарга Н.Энхболд тодотголоо. Дүрэмд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, мөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлыг ч гэсэн илүү өргөн хүрээнд авч үзэхээр тусгажээ. Заавал шүүхээс хариу хүлээхгүйгээр гишүүний халдашгүй байдал нь илэрхий зөрчигдсөн тохиолдолд дэд хороо холбогдох арга хэмжээ авах зэрэг заалтуудыг нэмж оруулсан байна. Өөрөөр хэлбэл, дүрэмд УИХ, УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой хуулиудыг мөрдөх явцад гарсан нөхцөл байдал, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын зүгээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаарх эрхзүйн зохицуулалтыг янз бүрийн байдлаар тайлбарлаж хэрэглэж байгааг засч нарийвчлан тогтоожээ.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

-Өмнөх парламентад УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой хэд хэдэн ноцтой асуудал гарсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХ-ын гишүүнийг хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, баривчлах, саатуулах, хорих, улмаар ял оногдуулах зэрэг асуудал нэр бүхий гишүүдэд гарсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг зөрчсөн олон асуудалд хууль хяналтын байгууллагууд ямар хариултууд өгч байсан бэ? Эргээд хуулийн зөрчлийг арилгах, хууль зөрчсөн асуудал гарсан бол хууль хяналтын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдсан уу? УИХ-ын гишүүний халдашгүй байдал дээрх асуудлын араас явсан уу? Ямар хариуцлага тооцох вэ? Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм баталснаар цаашид ийм зөрчил гарахгүй байх боломж бүрдэх үү?

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХБОЛД:

УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байгаа нөхцөлд нь шүүгч шийдвэр гаргаж баривчилж, саатуулсан явдал гарсан. Энэ асуудлаар асуудалд холбогдсон гишүүний өмгөөлөгч болон бусад хүн Халдашгүй байдлын дэд хороонд хандсан. Нэг зүйлийг хэлэхэд, одоогийн мөрдөж буй хуулиар манай дэд хороо УИХ-ыг хугацаанаас нь өмнөх тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлыг хуульд заасан байгууллага, албан тушаалтнаас УИХ-д санал ирүүлбэл хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд, УИХ-д оруулсан тохиолдолд, эсвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал гаргаж, Халдашгүй байдлын дэд хороонд ирүүлсэн тохиолдолд хэлэлцэнэ.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлыг УЕП дэд хороонд албан ёсоор тавьсан тохиолдолд хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Гэвч Д.Эрдэнэбатыг баривчлах асуудлаар хуульд заасан байгууллагаас нь бидэнд албан ёсоор бичиг ирээгүй байсан учраас уг асуудлаар дэд хороо хуралдсан боловч байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах санал, дүгнэлт гаргах боломжгүй байсан. Гэхдээ манай дэд хороо хуралдаад, гишүүд санал нэгтэйгээр хууль зөрчигдсөн байна гэсэн саналыг нэгтгээд, дэд хороо нэгдсэн ойлголтод хүрсэн. Байнгын хороо уг саналыг чуулганаар оруулах гэхээр хуулийн заалт нь боломжгүй байсан. Албан ёсны санал дүгнэлт гэхээсээ илүүтэй хууль зөрчигдсөн байна гэж дэд хорооны таван гишүүн үзээд, УЕП, шүүхийн байгууллагуудаас энэ талаар тайлбар өгөхийг шаардсан бичиг явуулсан. Хариу бичиг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирсэн.

Асуудал эцэслэгдэн дуусаагүй, хуулийн шатанд яваа учир энэ талаар тодорхой хариулах боломжгүй гэсэн утга бүхий тайлбар өгсөн. Эдгээр тайлбар бичгүүдийг гишүүдэд танилцуулж болно. Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр буруу байна гэж үзсэн учраас Д.Эрдэнэбат гишүүн УИХ-д тангаргаа өргөсөн. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн өөрчлөлтөөр дэд хороо өөрийн гэсэн дүрэмтэй болж байгаа. Өмнө нь дүрэмгүй явж ирсэн юм билээ. Дүрэмд дээрх шиг тохиолдлуудад яах вэ гэдгийг тал талаас нь авч үзсэн. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, түүнтэй холбоотой асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх боломжтой байх заалт оруулсан. Мөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлыг ч гэсэн илүү өргөн хүрээнд авч тусгасан. Заавал шүүхээс хариу хүлээхгүйгээр гишүүний халдашгүй байдал нь илэрхий зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах зэрэг заалтуудыг хуулиар олгосон эрхээс давуулахгүйгээр оруулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

Сүүлийн үед УИХ-ын гишүүний халдашгүй дархлааны асуудал чухал болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд болсон асуудлыг хөндөж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл магадгүй танай гэрт камер байгаа, та болгоомжтой байгаарай гэж хэлэх нь наад захын асуудал болсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын эрхзүйн зохицуулалтыг маш нарийвчлан тусгах шаардлагатай. Шударга үнэний төлөө дуугарсан, эсвэл хууль бус зүйлийг ил гаргавал тухайн гишүүнийг тагнадаг, чагнадаг. "Эзэн нь байвал хэрэг нь олдоход амархан" гэсэн үг хүртэл хууль, шүүхийн байгууллагуудын дунд гарсан. УИХ-ын гишүүнийг тагнаж чагнадгаас болж утсаар ярихаас айдаг болсон. Одоо Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэмд энэ бүхнийг нэг мөр болгох хэрэгтэй. Тагнаж, чагнах асуудал өнөөдөр ч гэсэн бүрхэг хэвээр байгаа. Үүнээс болгоомжил гэсэн яриа гараад л өнгөрдөг, тэр нь тогтоогддоггүй. Үүнтэй холбоотой заалт дүрэмд тусгагдсан уу?

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХБОЛД:

-Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэмд УИХ, УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой хуулиудыг мөрдөх явцад гарсан нөхцөл байдал, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын зүгээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаарх эрхзүйн зохицуулалтыг янз бүрийн байдлаар тайлбарлаж хэрэглэж байгааг засч, хуулиар нарийвчлан тогтоожээ. Тагнаж, чагнах асуудал зөвхөн манай дэд хорооны дүрмээр шийдэгдэхгүй. Бусад олон хуулиар давхар зохицуулагддаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ТОГТОХСҮРЭН:

-Дүрэмгүй байсан бол дүрэм батлах нь зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хоёр том асуудал тусгасан. Энэ нь Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргах. Цэц эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргавал дэд хороо хэлэлцэх үү? Ямар шийдвэр гаргах вэ? Цэц үндэслэлтэй байна гэж шийдвэр гаргасны дараа дэд хороо үндэслэлгүй гэж шийдвэр гаргах боломж бий юу? Энэ талаар дүрэмд тусгаагүй байна. Энэ хоёр асуудал сүүлийн 30 жил огт яригдаж байгаагүй.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХБОЛД:

-Дүрэм 3.1.3-т УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой шинэ заалт оруулсан. Цэцэд хэн нэгэн хандаад дүгнэлт гаргавал дэд хороо хэлэлцэнэ. Санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл бэлдээд, байнгын хороогоороо хэлэлцүүлнэ. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганд оруулна. Дэд хороо эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Санал гаргадаг зохицуулалттай.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ТОГТОХСҮРЭН:

-УИХ, УИХ-ын дэгийн тухай хууль болон ҮХЦ-ийн тухай гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнтэй холбоотой хоёр заалт оруулсан. УИХ-ын гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татах, Цэц ямар суудлын хуралдаанаар хэлэлцэх вэ гэдгийг нарийвчилж зааж өгмөөр байна. Цаана нь хүний эрхийн асуудал, сонгогчдын эрхийн асуудал байна. Тиймээс энэ асуудлыг авч үзээд, энэ хаврын чуулганаар хэлэлцэж өгөөч гэж хүсье. Цэц зөвхөн нэг суудлаараа биш, гурван суудлаараа хэлэлцдэг байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж