ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.03.24) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:  

-Өчигдөр (2021.03.23) нийт 12605 сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5610 боллоо. 186 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. 176 нь Улаанбаатар хотод 42 нь хөдөө орон нутагт тус тус илэрлээ. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 18, Төв аймагт 5 тохиолдол тус тус илэрлээ. Нийт 18 хүний биеийн байдал хүнд, 4 хүний биеийн байдал нэн хүнд байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 226427 хүнийг вакцинжуулаад байна. Өмнөговь аймгийн есөн суманд 6330 хүнийг вакцинд хамрууллаа.
Монгол Улсын Засгийн газар албан ёсоор орос вакцин оруулж ирээгүй байгаа бол хувийн хэвшлүүд орос вакцин оруулж ирсэн. Дөрөвдүгээр сарын эхээр Оросоос 300 мянга гаруй тун орж ирэхээр яригдаж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ПАСПОРТ ОЛГОХООР СУДАЛЖ БАЙНА

-Вакцин хийлгэсэн хүмүүст хэрхэн вакцинжуулалтын паспорт олгох вэ?

-Олон улсын стандартад нийцсэн паспорт олгохоор судалж байна. E-mongolia дээр вакцин хийлгэсэн мэдээлэл англи, монгол хэлээр гарч байна.

-Вакцины эхний тун хийлгэсэн эмэгтэйчүүд дааврын эм ууж болох уу?

-Жирэмсний эхний гурван сард вакцин хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа байхгүй байна. Вакцин хийлгэсний дараа эхний гурван сардаа жирэмслэх төлөвлөгөөгүй бол хийлгэж болно. Одоо хэдэн насны хүүхдүүдэд ямар туншаар вакцин хийх талаар судалж байна.

-"AstraZeneka" вакцины хугацаа өөрчлөгдсөнтэй адил бусад вакцины хоёр дахь тунг хийлгэх хугацаа өөрчлөгдөх боломжтой юу?

-ДЭМБ-аас хоёр дахь тунг 8-12 долоо хоногийг дараа хийлгэхийг зөвлөсөн. Энэ нь илүү үр дүнтэй гэж үзсэн.

-Хоёр вакцин хольж хийлгэж болох уу?

-Нэг үйлдвэрлэгчийн хоёр тунг хийлгэхийг зөвлөж байна. Одоогоор дэлхийн эрдэмтэд хоёр өөр төрлийн вакцин хийх талаар судалж, эмнэлзүйн туршилтууд хийж байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол бий юу?

-Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14-28 хоногийн дараа дархлаа тогтдог. Вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэх хүмүүс энэ дэлхий дээр нэг хэсэг амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай. 2022 оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж төлөвлөж байна.

-Хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байгаа вэ?

-Орон нутагт нийт 10 газар PCR шинжилгээ хийж байна.

НЯРАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХАМРААС БУС, АМНЫ ХӨНДИЙ, ХООЛОЙНООС СОРЬЦ АВДАГ

-Халдвар авсан хүүхдүүдээс хэрхэн шинжилгээ авдаг вэ? Ялангуяа нялх хүүхдүүдээс яаж авдаг вэ?

-Манай улсын хувьд хараахан шүлсний шинжилгээ нэвтрээгүй байна. Нярай хүүхдүүдэд зориулагдсан уян бамбар байдаг. Нярай хүүхдүүдийн хамраас авахгүй амны хөндий, хоолойноос сорьц авдаг.

-Чингэлтэй дүүргийн 247-р цэцэрлэгт covid-19-ийн голомт үүссэн гэсэн. Хичнээн хүнээс халдвар илрээд байна вэ?

-Анх гуравдугаар сарын 12-нд эхний тохиолдол батлагдсан. Тус цэцэрлэгийн нийт гурван ажилчин, тэдний ойрын хавьтал таван хүн гээд нийт найман хүнээс халдвар илрээд байна.

-Халдвар авсан иргэний эмчилгээнд 8-9 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэрээр эмчилгээ хийж буй энэ үед эмчилгээний зардал хэд болсон бэ?

-8-9 сая төгрөгийн зардал гарахгүй байгаа. Нэг хүнд хэдэн ч төгрөгийн эмчилгээний зардал гарч болно. Энэ бол дундаж үнэ. Биеийн байдал нь хүндэвтэр, хүнд байгаа хүмүүст тусгайлан эмчилгээ хийдэг. Сүүлд 4 орчим сая төгрөгт багтана гэсэн тооцоо гаргасан. Өгч буй эмээс гадна эмчлэгч эмч нарын цалин хөлс мөн багтдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хичнээн газар тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна вэ?

-Орон нутгуудын онцгой комиссууд шийдвэрээ гаргаж байна. Зарим аймгууд хөдөлгөөнөө хааж байх шиг байна.

-Өчигдөр 300 гаруй иргэнийг гэрээр эмчилж байгаа гэсэн. Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоогоор нийтдээ 306 иргэнийг гэрээр тусгаарлаад эмчилж байна. 24 цагийн шуурхай баг маань очдог. Хөнгөн, шинж тэмдэг илрээгүй, мөн тухайн иргэн өөрөө гэртээ үлдье гэвэл гэрээр нь эмчилж байгаа. Өрх, дүүргийн эмнэлгүүд хяналт тавьж байна.

-Энэ ажилд хичнээн төгрөгийн эмчилгээ, зардал төлөвлөсөн бэ?

-Улсаас ямар нэгэн байдлаар зардал гаргаж, мөнгө төгрөг төсөвлөөгүй.

-Халдвар авсан гэртээ байгаа иргэдээс хэд хоногийн дотор дахин шинжилгээ авч байгаа вэ?

-Анхны шинжилгээг ХӨСҮТ-өөс очиж авдаг. Давтан шинжилгээ авах шаардлагагүй байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хяналт тавьж, холбогдох утсаа үлдээдэг.

-Гэртээ тусгаарлагдаж буй иргэд өөрсдийн мэдээллээ хэрхэн хянах боломжтой вэ?

-Гэртээ байгаа бол гэртээ байгаа гэж бүртгэгддэг. Тэрнээс биш гэртээ байгаа хэрнээ ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэж бүртгэгдэхгүй. Дашрамд хэлэхэд, Тосонцэнгэлд очсон Өвөрхангай аймгийн иргэдийн шинжилгээний хариу баталгаажиж гараагүй байна. Гарахаар нь хэлнэ. Мөн PCR шинжилгээний цэгүүдийг нэмэхгүй байх бодлого барьж байгаа. Вакцинжуулах ажилдаа илүүтэй анхаарч байна. Мэдээж PCR шинжилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй. Онцын шаардлагагүй бол албан байгууллагууд алба хаагчдаасаа битгий шинжилгээ нэхээрэй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, March 23, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж