Наурызын баяраар С.Мухтарынд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Наурызын баяраар С.Мухтарынд зочиллоо

Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын хосгүй цогц өв уламжлал хэмээн үздэг. Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс уламжлан ирсэн заншил ёсоо, түмэн зуунаар өвлөж, хахир хатуу цагийг өнөтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр буюу Наурызын баяр болж байна.

Казахуудын энэ баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр, шөнө тэнцэж, дэлгэр цаг ирж буйн бэлгэдэл, алтан нараа дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг.

Бид энэхүү уламжлалт баяраа тэмдэглэж буй нэгэн сайхан гэр бүлд зочиллоо. Ширээ дүүрэн идээ будаа дэлгэсэн С.Мухтарын гэр бүл урин хавартайгаа энх золгосны, Нарны баяраа халуун бүлээрээ тэмдэглэж байлаа. Бид нэгэн танилаараа дамжуулан холбогдож, гэрийг нь заалган очиход, огт танихгүй мөртлөө биднийг хэзээний дотно танил мэт "Хүрэлцэн ирсэнд талархлаа. Алив дээшээ сууцгаа" гэсээр найрсаг угтсан юм. Энэ үед казах түмнийг зочломтгой зантай гэж дуулж байсан минь санаанд орлоо. Биднийг ширээнд суухад том бэр нь цай барин ирлээ. Тэдний гэрийнхэн бүгд зочломтгой найрсаг зантай аж. Наурызын баярын ширээ буюу дастархан нь “Бесбармак” каз, жигнэсэн гурил зэрэг хоолноос бусдаар монголчуудын Цагаан сарын баярын ширээтэй адилхан. Гэрт доомбор өлгөөтэй байх бөгөөд уран хатгамал, үндэсний хувцсаараа гоён уламжлалт баяраа тэмдэглэж буй тэдний соёл ахуй, ёс заншил гайхам, бахархам санагдаж байлаа.

Гэрийн эзэн С.Мухтар Баян-Өлгий аймагт төрж өссөн, хотод суурьшаад таван жил болжээ. Тэрбээр эрчим хүчний салбарт 40 жил амжилт, бүтээл дүүрэн ажиллаад, гавьяаныхаа амралтад суусан байна. С.Мухтар гэргий Т.Ардагүлтэйгээ гэрлээд 32 жил болжээ. Тэднийх Серикболат, Нурболат, Бекболат, Берболат, Еркулан хэмээх таван сайхан хүүтэй.

Наурызын баярын тухай асуухад “Наурызын баяр чинь Цагаан сартай л адилхан баяр шүү дээ” гэж С.Мухтар яриагаа эхлээд, “Наурызын баярт бэлтгэхдээ эхлээд дастархан буюу баярын ширээгээ засдаг. Наурызын баяр эхлэхэд өрхийн тэргүүн мөргөл үйлдэж, хөх тэнгэрт гэр бүлийнхнээ даатган залбирна. Бага хүүхдүүд ахмад настандаа очиж золгоно, өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлддаг юм. Мөн доомбор хөгжмөө хөгжимдөж, олон тоглоом наадгай тоглож, хөгжилдөн цэнгэдэг. Манай хүүхдүүд багаасаа доомбор хөгжимд их дуртай байдаг. Амархан ч сурчихдаг. Би хүүхэд байхдаа Наурызын баяраар 40 айлдаа заавал орж чихрээ авдаг байлаа. Айлд ороод шууд л көже уухгүй ээ, эгчээ чихрээ авъя л гэдэг байсан (инээв). Одоо ч хүүхдүүд тэгээд л гүйж яваа байх. Манай ахмадууд хүүхдүүддээ "Эртнээс уламжлан ирсэн Наурызын баяр буюу үндэсний баяраа хүндэтгэн, жил болгон эрүүл энх, аз жаргалтай, сайхан угтан авч, сайхан тэмдэглэж байгаарай" гэж захидаг гэлээ.

Том бэр Х.ХАНАТ:

-Наурызын баярын идээг нэг өдрийн өмнөөс эхлэн бэлддэг. Дастарханы идээний гол зоогт каз, карта, көже шөл, цагаан идээ, чихэр жимс ордог. Казахуудын хувьд 7-гийн тоо чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд баярын хоол “Көже шөл” нь долоон төрлийн орцтой байдаг. Үүнд: мах, хөц будаа, давс, ус, ааруул, эрдэнэшиш, гурил зэрэг байна. Көже шөлийг бэлтгэхдээ өглөө махаа чанаад, дараа нь будаагаа бэлдэж, махны шөлөндөө будаа болон орцуудаа хийдэг. Тэгээд ирсэн зочдоо элбэг дэлбэг ширээгээ засан дайлна.

Том хүү С.Серикболат хэлэхдээ “Би Баян-Өлгий аймгийн  Дэлүүн суманд өвөө, эмээ дээрээ өссөн. Улаанбаатар хотод ирээд 10 жил болж байна. Цэргийн байгууллагад ажилладаг. Монголын төр засаг казак түмнийг үргэлж дэмжиж, хайрлаж ирсэн. Дэлхийн 170 оронд казак түмэн оршин суудаг бол Монголын казак үндэстнүүд өв, соёл уламжлалаа өндөр түвшинд сахиж яваа. Энэ нь Монгол төрийн зөв бодлого гэж би боддог. Хөл хориотой болохоор манайхан ихэнх нь нутаг явж чадсангүй. Гэр гэртээ сайхан баярлалаа” гэлээ.

Наурызын баярын гол зүйл бол көже шөл уух. Үүнийг 40 айлаар орж уух заншилтай аж.

Казах ард түмнийг доомбор хөгжим, бүргэд хоёргүйгээр төсөөлөшгүй.

Хонины толгой, казыг зочин бүрт хүртээдэг уламжлалтай.

Гэрийн хамгийн бяцхан гишүүн өхөөрдөм С.Айшолпан

Наурызын баяраар Казахын ард түмэн архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь "харам” буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй заншилтай. Тиймдээ ч сайхан уламжлалт ариун баяраа тэмдэглэн буй казак түмэндээ үйлс бүхэн нь өөдрөг, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж