Дархан-Уул аймгийн онцгой комисс гуравдугаар сарын 24-ний өдрийн 00:30 цагт хуралдаж, шөнийн 02:30 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тус аймагт өнгөрсөн өдрүүдэд Covid-19-ийн батлагдсан долоо, эх үүсвэр нь тодорхойгүй 4, нийт 11 тохиолдол бүртгэгдсэн тул гамшгийн эрсдэлийн шар түвшин рүү шилжиж байгааг тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ.
Улсын онцгой комиссоос гаргасан түр журмын дагуу Дархан-Уул аймагт олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт, хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар, бүх төрлийн үйлчилгээний газрууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй, диско баар, караокег хязгаарлахаар болжээ.
Тархалтыг бууруулах зорилгоор иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа, Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагаа, Шарын гол, Орхон, Хонгор сумын орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 24-ний 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Харин дэд бүтцийн байгууллагуудад дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.
Мөн тус аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрлөөр гаргах юм байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна. Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирэх ажээ.
Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн тохиолдлын нэг нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газар (ХХҮГ)-ын ажилтан тул сүүлийн 14 хоногт тус газраар үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9924- 6468 дугаарт холбогдохыг анхааруулж байна.
Шар түвшинд шилжих: Тухайн бүс нутаг нь Covid-19-ийн зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай бүс бөгөөд сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн, эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохыг хэлдэг.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ