Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нь УИХ-ын гишүүн С.Батболдыг мэтгэлцээнд дуудсантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Батболдын хуульч М.Нармандахаас дараах тодруулгыг авлаа.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Батболдын талаар нэлээд ноцтой мэдээлэл дэлгэж, хэвлэл мэдээллээр мэтгэлцээнд дуудсан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Батболд өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Үнэхээр хэвлэл мэдээлэлд гарсан шиг буруутай зүйлс байгаа юм уу?
-УИХ-ын гишүүн С.Батболд болон хуулийн багийнхны зүгээс хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй өгөх зорилгоор хэд хэдэн удаа ярилцлага тайлбарууд өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой болоод ч тэр үү УИХ-ын гишүүн С.Батболдын эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд өнөөг хүртэл тасрахгүй байна. Тухайлбал, олон нийтэд "Оюутолгой", "Рио Тинто" компанийн гэрээг сайжруулах, ашиг хүртэх ёстой гэсэн гоё сайхан үгээр халхавчлан С.Батболдын эсрэг өлсгөлөн зарлах, өөрийгөө шатаая хэмээн уриалах, илтэд худал мэдээлэл тараах зэрэг зохисгүй үйлдлүүд УИХ-ын гишүүн болон зарим хүмүүс удаа дараа гаргасаар байна. Уг нь бодит байдал дээр Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлж байсан Засгийн газрын үед Монголын талын төлөх зээлийн хүүг гуравны нэгээр бууруулсан, Монгол Улсын Засгийн газрын авах татварыг үлэмж хэмжээгээр нэмэх боломжийг бүрдүүлсэн зэрэг "Оюутолгой" төсөлд Монголын тал өөрийн ашиг сонирхлоо ахиулсан шийдвэрүүд гарч байсан гэдгийг дурдах нь зүйтэй биз. Гэтэл энэ шийдвэрүүдийг зориудаар гуйвуулж байгаа нь Монголын ашиг сонирхолд огт нийцэхгүй, харин ч нөгөө талд үйлчилсэн үйлдэл гэдгийг бас сануулахад илүүдэхгүй. "Рио Тинто" олон улсын шүүхэд Монгол Улсыг хариуцагчаар татан онц их хэмжээний мөнгө нэхэмжилсэн энэ хэцүү, эмзэг цаг үед зөвхөн Монгол, монголчууд ялахын тулд хоорондоо хагаралдаж, хуваагдалгүй байх ёстой байтал хэт улстөржиж, Монгол орныхоо ашиг сонирхлыг уландаа гишгэх нь дээд зэргийн ёс зүйгүй, бүр нарийн хэлбэл улс, эх орныхоо эсрэг хийж буй эс үйлдэл бүхий хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэж болохоор байна.
УИХ-ын гишүүн С.Батболд нь С.Ганбаатар гишүүнийг залуу улс төрчийнх нь хувьд, мөн сөрөг хүчин гэх үүднээс хүндэтгэлтэй, өнөөг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Харамсалтай нь С.Ганбаатар гишүүн бодит үнэнийг тогтоох гэхээс илүүтэй зөвхөн С.Батболд гэх хувь хүний нэр хүндийг харлуулах зорилго бүхий улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа тул бид хуулийн байгууллагад саяхан хандсан болно. Тиймээс хуулийн байгууллагын шалгах ёстой асуудлыг бүрэн шийдвэрлэгдэж дуустал УИХ-ын гишүүний зүгээс тодорхой байр сууриа илэрхийлэх нь өөрөө зохисгүй гэж бид үзэж байна.
-Гэхдээ С.Ганбаатар гишүүн С.Батболд гишүүний асар их өртөг бүхий хөрөнгийг гадаадын шүүхээс царцаасан, энэ нь "Рио Тинто", "Оюутолгой" зэрэг уул уурхайн компаниас авсан хээл хахууль мэт тайлбарласаар байгаа шүү дээ?
-Бид өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагад шүүхийн шатанд байгаа иргэний хэргийн талаар хангалттай тайлбаруудаа өгсөн. С.Ганбаатар гишүүний хувьд үнэхээр бодит үнэнийг мэдэх хүсэлтэй, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх хүсэл агуулж байсан бол ядаж нэг танхимд сууж байгаа гэдэг утгаараа уг асуудлуудаа хувь хүнтэй нь эхэлж уулзаад, байр суурийг нь мэдсэний дараа олон нийтэд хандаж болох л байсан. Харамсалтай нь, тэр хүн тэгээгүй. Эндээс харахад олон нийтэд үнэн мэдээлэл түгээх гэхээсээ илүүтэй зүгээр хувь хүний нэр хүндийг гутаах зорилго агуулж байна гэж дүгнэж болохоор байна. Иймд бид хуулийн байгууллагад хандсан. Тиймээс шүүхийн мэтгэлцээний хүрээнд одоо С.Ганбаатар гишүүнд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх боломж бий. Учир нь эцсийн шийдвэрийг шүүх тогтооно.
Б.МЯГМАР
Холбоотой мэдээ