Өвөрхангай аймгийн онцгой комиссс өчигдөр (2021.03.23) орой хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус комиссоос "Өвөрхангай аймагт Сovid-19-ийн 27 эерэг тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Хужирт суманд 23 тохиолдол, Хархорин суманд 4 тохиолдол тус тус бүртгэгдэв. Хужирт сумын "Сэмжид Хужирт" амралтад амарч байсан 50 иргэн одоо Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад бий. Эдгээр хүмүүс болон одоо "Сэмжид хужирт" амралтад амарч буй амрагчид, ажилчид гээд нийт 166 хүнээс шинжилгээ авахад 27 нь халдвар авсан нь тогтоогдлоо. Тус амралтын газрын долоон ажилтан, 20 амрагчаас халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийж, Хужирт сум руу эмчилгээний баг гарсан. Зоонозын зөөврийн шинжилгээний багийг Хужиртад ажиллуулахаар болж байна. Халдварыг аль болох хурдан хугацаанд хумихыг хичээнэ. Амралт, сувиллын газраас л ийм нөхцөл байдал үүслээ.
Арвайхээр суманд тусгаарлагдсан амралтын газрын хоёр иргэний PCR шинжилгээний сорьцыг бүсийн оношилгоо, шинжилгээний төвд урьдчилан шинжлэхэд эерэг гарсан. Шинжилгээг бататгахын тулд ХӨСҮТ дахин сорьцод шинжилгээ хийхээр болсон. Одоогоор эерэг гэж үзээд, эмчилгээний ажлаа эхлүүлээд байна.
Ойрын, дам хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын 280 иргэнийг тогтоож, гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтал 1451 иргэнийг илрүүлсэн. Тандалт, судалгааны ажил үргэлжилж байна. Нийт 12 суманд 833 ор бэлдсэн. Зочид буудлуудтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Аймгийн нийт хүн амын нэг хувь буюу 1141 хүн халдвар авна гэсэн тооцоо гаргасан. Үүнд тулгуурлаж бэлтгэл ажлаа хангаж байна" хэмээн мэдээлэв.
А.БЯМБАСҮРЭН: ЗАВХРАЛЫН ЭЦСИЙН ТУСГАЛ БОЛЖ, ХАМТ ОЛНООРОО ЯЛЛУУЛЖ БАЙГААДАА ҮНЭХЭЭР ХАРАМСЧ БАЙНА
“Сэмжид хужирт” рашаан сувиллын захирал А.Бямбасүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр (2021.03.24) уучлалт хүсэн, дараах мэдэгдлийг гаргав. Түүнд, "Сэмжид хужирт" рашаан сувилал нь 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа харьцангуй залуу хамт олон юм. Тус сувиллын ард том толгойтой дарга битгий хэл, хөрөнгө оруулагч компани ч байхгүй бөгөөд банкны зээл, ажилчдынхаа хүч хөдөлмөр, сувилуулагчдынхаа итгэл найдварын хүчээр дөнгөж өндийж буй байгууллага билээ. Эрүүл мэндийн байгууллагад Боловсролын яамнаас бусад бараг бүх яамнаас шалгалт орж ирдэг. Өгүүлбэрийнхээ заалт бүрийн эхнээс огтлоно, тайрна гэсэн хууль журмын "ГАЛ" дунд төрийн дарамтыг хангалттай амсаж яваа.
Энэ өвөл гэхэд орон нутгийн 500 гаруй иргэнийг 50 хувийн хямдралтай, тусламж хэрэгтэй 20 гаруй иргэнийг тус тус үнэгүй сувилж, постод гарч буй онцгой байдлын албан хаагчдыг гэр бараа, хоол хүнсээр хангах ажлыг тасралтгүй явуулж ирсэн. Санаачилсан олон нийтийн ажил, хандив, тусламжуудаа нийгэмд сурталчилж магтуулах, төрд мэдүүлж шагнал горьдож яваагүй. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг дүгнэж 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 60 хоногийн хугацаатай, 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс 20 хоног үйл ажиллагаагаа зогсоож байсан. Үндсэндээ бид энэ өвөл гурван сарын хугацаанд ажиллаагүй билээ.
Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутгийн иргэддээ тодорхой хязгаартай үйлчилж байгаад, Өвөрхангай аймгийн Засаг даргын А/100 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх сувилуулагчдаа PСR шинжилгээтэй, ногоон бүсээс ирэх сувилуулагчдаа хэвийн горимоор хүлээж авсан. Улаанбаатар хотоос 2021 оны гуравдугаар сарын 5-наас 50 гаруй хүн хүлээн авч үйлчилсэн. Аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос сувилуулагчид авахыг хориглосон хугацаа буюу гуравдугаар сарын 13-наас хойш дахин нийслэлээс хүн хүлээж аваагүй. Хотоос сувилуулагчид хүлээж авсан гээд байгаа нь Хужирт рашаан сувилал хаасны улмаас шилжиж ирсэн хоёр хүн юм. Тэдгээр хүмүүс гуравдугаар сарын 10-нд ирээд сувилуулж байсан. Шуурганаар шилжиж ирсэн 13 хүний хоёрынх нь шинжилгээний хариу эерэг гарсан.
Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирнэ. "Сэмжид хужирт" рашаан сувиллаас эхэлж илэрсэн болохоос халдвар хаанаас анх тарсныг одоогоор хэн ч тогтоогоогүй. Санаатай, санаагүй ам дамжсан мэдээлэл газар авч, түүнийг нь хэвлэл мэдээлиийн хэрэгсэл, сошиал мэдээгээр улс орон даяар цацаж, нийгэмд үзэн ядагдах хандлагатай байна. Ажилчид руу, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн ялгаварлан гадуурхалт ил далд мэдрэгдсээр байна.
Зарим албаны хүмүүс биднээс тайлбар авахгүйгээр сонссоноороо мэдэгдэл хийж буй нь нийгэмд ташаа мэдээлэл тарахад хүргэлээ. Энэ завхралын эцсийн тусгал болж хамт олноороо яллуулж буйдаа үнэхээр харамсч байна. Рашаан сувилалд тангаргаа өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.
Орон нутаг, улс орон даяар нөхцөл байдал хүндэрвэл "Сэмжид хужирт" рашаан сувилал нь “ор дэлгэх”-ээр орон нутгийн нөөцөд авагдсан байсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагадаа талархъя. Бидний нөхцөл байдлыг ойлгож, цар тахлын хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэм өгч буй иргэд, сувилуулагчид, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх хүнээс уучлалт гуйя" гэжээ.
Холбоотой мэдээ