Мэргэжлийн сүмогийн харү башёгийн 10 дахь өдрийн тун хариуцлагатай барилдаанууд өчигдөр (2021.03.23) явагдлаа.
Энэ удаагийн башёг тэргүүлж буй комүсүби Такаяасү озэки Такакэйшог ялж, тэргүүллээ улам баталгаажуулав. Харин түүний араас нэхэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Шиманоүмид өвдөг шороодож, долоон даваа, гурван унаатай болжээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд ирэх барилдаанууд тун ач холбогдолтой. Хэрэв тэрбээр үлдсэн таван барилдаандаа гурав, эсвэл түүнээс дээш даваа авбал озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангана. Өөрөөр хэлбэл, ялагдах эрхгүй барилдаанууд ирлээ.
Бусад монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар хоорондоо барилдаж, Кирибаяама дөрөв дэх даваагаа авчээ. Мөн Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн хоёр зургаа дахь даваагаа тус тус хүртэв. Харин Чиёошома Г.Мөнхсайхан Тобизарүд өвдөг шороодож, таван даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна.
Арван өдрийн дараах байдлаар харү башёг Такаяасү есөн даваа, ганц унаатай тэргүүлж байгаа бол түүний араас долоон даваа, гурван унаатай дөрвөн бөх удаалж буй юм.
Холбоотой мэдээ