"Иргэд алхаад ч болов хотоос гарахыг завдаж байна" | News.MN

"Иргэд алхаад ч болов хотоос гарахыг завдаж байна"

"Иргэд алхаад ч болов хотоос гарахыг завдаж байна"

"Иргэд алхаад ч болов хотоос гарахыг завдаж байна"

Саяхан ногоон байсан бүсэд халдвар зөөвөрлөгдөж, хэд хэдэн аймагт Covid-19 бүртгэгдээд байна. Бүхэлдээ голомт болсон Улаанбаатараас халдварыг “гаргахгүй” гэсэндээ хотоос гарч буй иргэн бүрийг хянаж, шинжилгээний бичиг шаардаж, халдваргүй, эрүүл гэж үзсэний үндсэн дээр орон нутаг руу явуулж буй юм.

Гэсэн хэдий ч аймгуудад халдвар зөөвөрлөгдөж, шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна. Бид хотоос орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнд хэр хяналт тавьж буйг сурвалжлахаар "22-ын товчоо"-г зорилоо.

"ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХҮЛЭЭЖ АВАХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ"

Биднийг очиход товчооноос хэдэн километрын наана олон машин урт дараалал үүсгэсэн байв. Цагдаагийн ажилтан машинуудыг нэг нэгээр нь зогсоож, шаардлагатай зүйлсийг шалгаж, ямар нэгэн зөрчилгүй бол хотоос гарахыг зөвшөөрч байв. Харин энэ зуур хоёр залуу цагдаагийн ажилтны ард, урд орж ямар нэгэн зүйлийг учирлаж, гуйсаар байв. Тэдний харцнаас ямар нэгэн зүйлд яарч сандран тэвдэж яваа нь илт. Дөхөж очоод яриаг нь чагналаа.

Цагдаагийн ажилтанд хоёр залуугийн нэг “Аавын минь бие муудаад, бид яаралтай хөдөө явах шаардлагатай байна. Шинжилгээний бичиг энэ байна. Сөрөг гарсан. Аав дээрээ яаралтай очих хэрэгтэй байна шүү дээ. Ойлгооч дээ” хэмээж байв. Хариуд нь цагдаагийн ажилтан “Залуу минь, очих сумынхаа онцгой комиссоос та нарыг хүлээж авахыг зөвшөөрч байна гэсэн бичиг л аваад ир. Бүх зүйл онлайн болчихоод байхад энэ тийм хэцүү биш шүү дээ. Өөрсдийн регистерийн дугаар болон машины дугаараа тэр сумын онцгой комисст өгөөд,  зөвшөөрсөн бичгийн зургийг үзүүлэхэд л болно. Дээрээс шаардсан зүйл болохоор тэр бичиг байхгүй бол хотоос гаргахгүй. Ямар ч "найраа" байхгүй” гэлээ.

Ингэж хэлээд цагдаа залууст хот руу буцахыг хатуу сануулав. Дээрх залуус өндөр настай аавынх нь бие муудсан гэх мэдээг сонсоод 24 цагийн өмнө шинжилгээ өгч, шинжилгээний хариу гарангуут товчоон дээр ирсэн ч хотоос гарч чадалгүй буцахад хүрчээ.

Хотоос гарахад шинжилгээний хариу сөрөг гарсан нь хангалтгүй. Залуус хотын харьяалалтай тул аавынх нь байгаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Онцгой комиссоос тэднийг хүлээж авахыг зөвшөөрсөн бичиг хэрэгтэй.

Энэ бичиг байхгүй тул залуус хот руу буцахаас өөр аргагүй болсон юм. Харин орон нутгийн харьяалалтай иргэнд шинжилгээний бичиг байхад л хангалттай аж. Мөн хотоос гарч буй иргэд бүгд асуумж бөглөж байв.

НЭГ ГЭР БҮЛ ГЭДЭГ НЬ НОТЛОГДВОЛ НЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГЭЭР НЭВТРҮҮЛНЭ

Гэхдээ зарим зорчигчийн шинжилгээний хариуг шалгахгүй байгаа нь ажиглагдав. Шалтгааныг нь цагдаагийн ажилтнаас лавлахад “Нэг гэрт байдаг бол нэг гишүүнийх нь шинжилгээний бичгийг үндэслээд хотоос гаргаж байна. Гэхдээ нэг гэр бүл гэдгийг нотлох бичиг баримт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх дээрх хаяг нь ижил байх ёстой” гэв.

Тус товчоон дээр цагдаа, онцгой, эрүүл мэндийн ажилтнууд 24 цагаар ажиллаж, дээрхтэй адил зөрчилтэйг нь буцааж, өдөрт зөрчилгүй 300-600 машин нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн Баасан гаригт хотоос гарах хөдөлгөөн нэмэгддэг бол Ням гаригт хот руу орох хөдөлгөөн ихэсдэг ажээ.

"УУЛЫН ЗАМААР АЛХАЖ ХОТООС ГАРАХЫГ ЗАВДСАН 4-5 ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН"

Хот руу орох хөдөлгөөний хувьд өчигдөр ямар ч дараалал үүсээгүй, тээврийн хэрэгслүүд харьцангуй чөлөөтэй нэвтэрч байлаа. "22-ын товчоо"-н дээр ажиллаж буй эмч Т.Эрдэнэзулаас орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж байгаа шалтгаан болон илэрч буй зөрчлийн талаар тодрууллаа.

-Товчоогоор иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үед ямар зөрчил илэрч байна вэ?

-Орох хөдөлгөөнд ямар нэгэн саад байхгүй. Харьяалал харгалзахгүй. Ногоон бүсээс ирж байгаа бол шинжилгээний бичиг шаардахгүй, асуумж бөглөөд шууд орж болно. Халдвар гарсан аймгаас ирж байгаа бол шинжилгээний бичигтэй байх шаардлагатай. Харин хүнс тээвэр, ар гэрийн гачигдал, эрүүл мэнд гэх шалтгаанаар хотоос гарч болно. Хотын харьяалалтай хүн орон нутгийг зорьж байгаа бол тухайн орон нутгийн Онцгой комисс хүлээж авахыг зөвшөөрсөн бичиг үзүүлээд гарч байна. Үүнийг мэдээгүй иргэд зөвхөн шинжилгээний бичиг үзүүлээд хотоос гарах гэж оролдож байна. Үүнийг эс тооцвол одоогоор ноцтой зөрчил гараагүй.

-Орон нутагт халдвар зөөвөрлөгдөөд байгаа нь магадгүй шалган нэвтрүүлэхдээ алдаа гаргаж байгаатай холбоотой байж болох юм. Товчоод дээр сайн шалгаж нэвтрүүлж чадаж байгаа юу. Олон хүн орж, гарч байгаа болохоор хүн бүрийг шалгалгүй алдаа гаргаж байгаа юм биш биз?

-Одоогийн байдлаар /2021.03.23-ны 16.30 цаг/ 137 машинаар 287 хүн хот руу орж, 225 машинаар 350 хүн хотоос гараад байна. Өдөрт дунджаар 300-600 машин орж гарч байна. Эдгээрийг бүгдийг нь журмын дагуу шалгаж байгаа. Хотоос халдвартай хүн гаргахгүй байх нь бидний гол зорилго. Орон нутагт халдвар зөөвөрлөгдөж байгаа нь халдварын нууц үетэй холбоотой. Өнөөдөр шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч 4-7 хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрч, давтан шинжилгээгээр эерэг гарч болно. Орон нутагт гарсан тохиолдлууд ийм байна. Эхэн үед иргэд хулгайн замаар нэвтрэх гэж оролддог байсан. Үүнийг цагдаагийнхан илрүүлж арга хэмжээ авсан. Сүүлийн үед хотоос гарахын тулд явган алхаж байгаад баригдсан тохиолдол хэд хэд гарсан. Хэн ч халдвар дамжуулах эрсдэлтэй тул иргэддээ энэ мэт алхам хийхгүй байхыг зөвлөе.

-Хотоос алхаж гарахыг завдсан хэдэн тохиолдол гарсан бэ?

-Уулын замаар алхаж, хотоос гарахыг завдсан 4-5 тохиолдлыг цагдаа, онцгойгийнхон илрүүлсэн.

Товчооны цаана тосч авах хүнтэйгээ ярьчихаад эндээс алхаад очих төлөвлөгөөтэй байсан юм билээ. Энэ нь иргэд хариуцлагагүй байгаагийн илрэл. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон энэ үед бусдад халдвар тараахгүй байхыг бодолцох нь чухал байна.

-Оны өмнөхөн "22-ын товчоо"-н дээр хүн нас барсан хэрэг гарсан. Ийм зүйл болохгүй гэх баталгаа байна уу. Ер нь эрүүл мэндийн хувьд тун хүнд хүн ирвэл яах вэ?

-Яаралтай тусламж шаардлагатай хүн ирвэл анхны тусламж үзүүлээд, 103 дуудаж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэнэ. Товчоон дээр хүн нас барах үед хот руу орох хөдөлгөөнд ч хязгаар тогтоосон байсан. Одоо тийм биш болохоор ийм асуудал үүсэхгүй гэж бодож байна.

Биднийг товчоон дээр байх үед алхаж хотоос гарахыг завдсан хэрэг гараагүй юм. Хатуу хөл хорио тогтоосон үед иргэд мөлхөөд ч болов хот оръё гэдэг байсан бол одоо алхаад ч болов хотоос гаръя гэдэг болжээ. Гэхдээ хамгийн гол нь энэ үйлдэл нь бусдад асар их эрсдэл дагуулж буйг бодолцох шаардлагатай юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.142

22ын товчоогоор 3 сарын 6нд хөдөө явах гээд гарсан манай машины хажуугаар цүнх үүрсэн хүмүүс зүгээр л алхаад явж л бна лээ. Тэр хүмүүсийг шалгаж байгаа хүн ч алга.

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Huduu ochij baigaa humuusiig 14 honog tusgaarlah heregtei, udriin 50000 avaad buudal gargachihgui yu, tegvel haldvartai baisan ch 14 hongotoo arai gaigui bolno. Tegehgui bol shinjilgee uguud garaad yavahdaa haldvar avchaad taraagaad yavaad baina

Avatar

Зочин 2021-03-24 103.99.103.99

ХӨСҮТ шиг авилгал аваад л гаргадаг ш дээ худлаа жүчээд

Avatar

Ч 2021-03-24 192.82.67.115

Хаа сайгүй, шөнө бүр УБ хотоор дүүрэн согтуу хүмүүс холхилдож, зодоон хийх, хашгирах нь ердийн үзэгдэл. Улсыг удирдаж байгаа жаалуудын туршлага, мэдлэг хаан ч хүрэхгүй нь илт. Хүрэлсүх үнэнхүү болчимгүй алхам хийжээ. ЗГ-ын байгууллагуудын уялдаа, зохион байгууллалт, хариуцлага, хамгийн гол нь шийдвэрүүд нь жулдаад байна жулдаад байна. Энэ хэдэн хүүхдүүд яаж улс орныг авч явах юм бол. Томхон шиг гамшиг болох юм эд нар нусаа хацардаа наахаар байна. Угаасаа ч байдал тийм л байгаад л.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.68.161

Тэнүүлч гуйлгачингууд хөдөө гарч үхэх санаатай байхнээ. Тарихаас өмнө нь барьж аваад шоронд сар суулга.

Avatar

санаа 2021-03-24 112.72.8.90

Хот хөдөөнийхний хөдөлгөөнийг иргэдийн гуйлт, хүсэлт бус хууль дүрэм тогтоол шийдвэр орлох тогтолцоог ягштал мөрдүүлэх хэрэгтэй юм. Иргэд хотоос гарчихаад буцаж орно оруулахгүй бол хүний эрх өлсөнө цангана гэх мэтийн хөгийн зүйл яриад суухааргүй байлгах Төр төмөр нүүрээ харуулах цаг нь юмаа. Томоор ярьвал улс нийтийн эдийн засгийн эрх ашиг цөөн хэдэн хүний цагаандаа гарчихсан хэнэггүй байдлаас хохирох ёсгүй

Avatar

зочин 2021-03-24 202.179.26.99

Зөв шүү. Ингэхгүй бол тахал зөвхөн нийслэл биш орон даяар хавтгайрах нь байна. Иргэд тахлаас хурдан ангижрая хурдан хумъя гэж бодож байгаа бол хүлээцтэй бас сахилга баттай байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-24 193.176.86.54

hetsuuhen yumbolj baina da. yaana da

Avatar

Зочин 2021-03-24 124.158.76.91

Нүүдэлчин ард түмэнг барьж дийлэхгүй шүү дээ, энэ амьдралын хэв маяг олон жил үргэлжлэх болно ….

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.106

ЗГ яаралтай хуралдаж ажлаа цэгцлэх хэрэгтэй. Юу болоод байнаа. ҮАБЗ яаралтай хуралдаж Улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдмээр байна.

Avatar

Зочин 2021-03-24 202.21.108.52

Халдварын голомт гэж ярихаа болоиоч дээ. Монгол шиг, УБ шиг ийм жижигхэн, хүн ам багатай газар голомт болоод байх зүйлгүй. 3.6 сая хүнтэй Берлин, 9 сая хүнтэй Лондон ийм элий зүйл яриагүй байхад л голомт гээд соц үеийнхээ хачин юм яриад хүмүүсийг айлгаад байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж