Япон дизайнерууд байгальд ээлтэй хувцас бүтээх болжээ | News.MN

Япон дизайнерууд байгальд ээлтэй хувцас бүтээх болжээ

FASHION

Япон дизайнерууд байгальд ээлтэй хувцас бүтээх болжээ

Япон дизайнерууд байгальд ээлтэй хувцас бүтээх болжээ

Япон дизайнерууд сүүлийн үед гүн утга учиртай “Моттайнай” хэмээх хуучирсан үгийг ихээр хэрэглэх болжээ. Эл үгийн утга нь Буддын шашинд аливаа бүх зүйл өөр өөрсдийн амьдралын тойрогтой бөгөөд түүнийгээ дуустал бүрэн “амьдрах” ёстой гэх. Чухам энэ уламжлал өнөөг хүртэл уламжлагдсаар өдгөө залуу үеийг байгальд ээлтэй болгон хүмүүжихэд чухал хүчин зүйл болж байна.

Японы загварын долоо хоногийг зохион байгуулагч байгууллагын захирал Каорү Имажо “Японд Моттайнай соёл, гар урлал маш түгээмэл байдаг” хэмээн онцолжээ. Түүний тэмдэглэснээр, япончууд эртнээс сакэ исгэхэд үлддэг үлдэгдэл мөөгөнцрийг хүнсэнд хэрэглэж, жүржийн хаягдал хальсыг даавуу, цаас болгон боловсруулдаг байжээ. Харин өдгөө Нисай тэргүүтэй брэндүүдийн "Токиогийн загварын долоо хоног"-т танилцуулсан 2021 оны намар, өвлийн загварууд ихэвчлэн дахин боловсруулсан түүхий эдээс бүтсэн байна. Тэдний дунд хуучирч, муудсан хувцасны өөдсүүдээр зүйн хийсэн чамин загварууд ч байх аж.

Каорү Имажо “Бид хувцас хивс зэргээ аль болох удаан хэрэглэхийн тулд бүх боломжоороо засч эдэлдэг. Өдгөө энэ соёл өргөжин хөгжиж, "боро" загварууд Японы уламжлалт технологи хэмээн үнэтэй зарагдах болсон байна” хэмээв.

Орчин үед Японы цөөнгүй загварын фирмүүд уламжлалаа технологийн дэвшилтэй хослуулан, байгальд ээлтэй хувцас бүтээхийг зорих болжээ. Ийн бүтсэн хувцас хаягдал багатай, байгальд хоргүй байдаг аж.

БАЙГАЛИАС ТӨРСӨН ШИНЭ САНАА

2016 онд Лиза Пек, Шохей Ямамото нар Шохей брэндийг үүсгэн байгуулж, даавуу будах ажлыг илүү байгальд ээлтэй болгохоор шийджээ. Тэдний хэлснээр Шохей зөвхөн Японоос гадна Австралид үйл ажиллагаагаа явуулдаг агаад Киотогийн гар урчуудтай тогтмол хамтран ажилладаг аж.

Тэдний хэрэглэдэг Какишибү будах үйл явцыг энгийнээр тайлбарлавал будах материалаа боловсорч гүйцээгүй жимсний шүүсэнд дүрэх арга юм. Энэ арга нь мэдээж бусад будгийн аргыг бодвол хөрс, усанд хор хөнөөл учруулдаггүйгээрээ давуу талтай юм. Тийнхүү материалыг жимсний шүүсэнд дүрсний дараа наранд хатаах бөгөөд ингэснээр будаг усанд тэсвэртэйн зэрэгцээ бактерийн эсрэг үйлчилгээтэй болдог аж.

Тус компани дээрхээс гадна шибори арга ашиглан даавуу буддаг байна. Шибори арга нь мөн л элдэв бодисоос илүү байгалийн гаралтай түүхий эд ашиглах агаад төдийчинээ байгальд ээлтэй юм.

Түүнээс гадна дизайнер Хироаки Танакагийн үүсгэн байгуулсан "Studio Membrane" компани ноосноос уургийн давирхай гарган авсныгаа бүтээлдээ өргөнөөр хэрэглэх болжээ. Тус уургийн давирхай нь хатуулаг чанар зэргээрээ хүний хумс, хуванцартай жишигдэхүйц аж. Уургийн давирхай нь ноосноос бүтсэн тул байгальд маш амархан задардаг, норохоороо бүтцээ алдан зөөлөрдөг тул живх гэх мэт байгалийг ноцтой бохирдуулж буй зарим нэг удаагийн хэрэглээг орлуулах боломжтой юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж