Бээжин Пёньяны нөхөр мөн үү?

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Бээжин Пёньяны нөхөр мөн үү?

Бээжин Пёньяны нөхөр мөн үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа Пёньянтай харилцаа тогтоох гэж зүдэрч байх хооронд өрсөлдөгч Хятад улсын эрх баригчид Хойд Солонгостой харилцаагаа хүчирхэгжүүлж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псакигийн мэдээлснээр Жо Байдены захиргаа өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Хойд Солонгостой янз бүрийн сувгаар харилцаа тогтоохыг оролдсон боловч Пёньяны тал хариу өгөөгүй. Улмаар Аляскад өнгөрсөн долоо хоногт болсон АНУ, Хятадын дээд хэмжээний анхдугаар уулзалтын хэлэлцэх гол асуудлуудын тэргүүнд Хойд Солонгосын асуудал багтсан байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын төлөөлөгчидтэй уулзахдаа Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилгоор Бээжинд шахалт үзүүлэхийг ятгасан байна.

Энэ хооронд Хойд Солонгосын Элчин сайд Ри Рён-нам албан үүрэгтээ ормогцоо цаг алдалгүй Хятадын төлөөлөгч Сун Таотой анхны дипломат уулзалтаа хийжээ. Тэрбээр Хойд Солонгосоос Хятадад суух Элчин сайдаар өнгөрсөн хоёрдугаар сард томилогдож, өнгөрсөн Пүрэв гаригт Бээжинд очжээ. Ри Рён-нам өчигдөр Хятадын Коммунист намын Төв хорооны шууд удирдлага дор ажилладаг Олон улсын харилцаа холбооны департментын дарга Сун Таотой уулзах үеэрээ Пёньяны удирдагч Ким Жон Уны илгээсэн захидлыг уламжилсан байна. Хятадын дарга Ши Жиньпиний дайсан үгэнд “Бээжин нь хойгийн энх тайван, тогтвортой байдал төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд эерэг хувь нэмрээ оруулахад Пёньян болон хамаарал бүхий талуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Түүнчлэн Ши Жиньпин "Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрамдалт харилцаа нь хоёр улсын иргэдийн “нийтлэг баялаг” хэмээн онцолсон байна. Тус захидалд, Бээжин 2017 оных шиг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт санаа зовнихоо больсон гэх санааг илэрхийлжээ. Пёньян 2017 онд цөмийн зэвсэг туршсанаас хойш Хойд Солонгос, Хятадын харилцаанд бага зэргийн ан цав гарсан. Тухайн үед Хойд Солонгос цөмийн зэвсэг туршсаны хариуд НҮБ-аас авсан шинэ хориг арга хэмжээг Хятад улс дэмжсэн юм. Гэхдээ удирдагч Ким Жон Ун 2018 онд Бээжинд айлчилснаар хоёр орны харилцаа эргэн сэргэсэн. Түүнчлэн Хятадын дарга 14 жилийн дараа 2019 онд Пёньянд айлчилж, Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байв.

БЛИНКЕН АРГАА БАРАВ

Аляскын уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамт Япон, Өмнөд Солонгост айлчилж, Хятад, Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн юм. Сөүлд Блинкен хэлсэн үгэндээ Хойд Солонгосын цөмийн амбиц, хүний эрхийн зөрчлийг хурцаар шүүмжилж, Пёньяныг цөмийн зэвсгээс татгалзуулахаар ятгахыг Хятадаас шаарджээ. Блинкений мэдэгдлийн дараа Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан "АНУ Пёньяны аюулгүй байдалд баталгаа гаргасан нөхцөлд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахаар яриа хэлэлцээ хийх боломжтой" гэсэн байна. Хятадын тал "Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг зогсоосон нөхцөлд Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулахаар ярилцах боломжтой" гэж үзэж байгаа аж.

ХОЙД СОЛОНГОС ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖ ХҮСЧ ХЯТАДЫГ ТҮШИВ

Нөгөө талд Хойд Солонгосын Эдийн засаг, худалдааны сайдаар ажиллаж байсан туршлагатай Ри Рён-намыг Бээжинд суух Элчин сайдаар томилсон нь Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаанд ихээхэн анхаарч буйн илрэл юм. Хойд Солонгос нь дэлхийг нийтэд нь хамарсан Covid-19 цар тахлын үед ч гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хэвээр үлдсэн. Тус улсад халдвар бүртгэгдсэн гэх боловч нөхцөл байдал ямар байгаа нь тодорхойгүй. Гэхдээ Хойд Солонгос эдийн засгийн гол холбоотон Хятадтай залгаа хилээ бүрэн хаасан нь анхаарал татаж байв.

Тус улс хилээ хаасны дээр өнгөрсөн зуны ургац нь байгалийн гамшигт сүйдсэн учраас ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч Ким Жон Ун өнгөрсөн нэгдүгээр сард намын их хурал дээрээ хэлсэн үгэндээ цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ мэдэгдэж, эдийн засгийн бие даасан байдлын төлөө тууштай тэмцэхийг ард түмэндээ уриалсан юм.

Өнгөрсөн 2019 онд Хойд Солонгос нийт гадаад худалдааны 95 хувийг Хятадтай хийсэн талаар тус улсын албаны мэдээлэлд дурджээ. Хятадаас эдийн засгийн хувьд ийнхүү хараат буй нь Пёньяны баллистик пуужин, цөмийн хөтөлбөрийн эсрэг НҮБ-ын мандаттай олон улсын хориг арга хэмжээний үр дагавар юм. Хятадын гаалийн мэдээлэлд, Хойд Солонгостой хийсэн худалдааны нийт дүнг нарийвчлан дурддаггүй. Гэвч Хятадын гаалийн мэдээллээр, хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд 80.7 хувиар буурч, 539 сая ам.доллар болсон ба үүний 48 сая ам.долларыг Хойд Солонгосын экспорт эзэлжээ.

ТАЛУУДЫН АШИГ СОНИРХОЛ

АНУ, Хятадын зөрчил нь Хойд Солонгосын хувьд цөмийн яриа хэлэлцээнд байр сууриа хүчирхэгжүүлэх боломж болжээ. АНУ, Хятадын харилцаанд зөрчил үүссэнээс хойш 2019-2020 онд Ши Жиньпин, Ким Жон Ун нар 18 захидал солилцсон болохыг “NKPro” мэдээлжээ. Түүнчлэн Ким Жон Уны дүү охин АНУ-д хандан анхааруулсан мэдэгдэл хийсэн нь олон улсын анхаарлыг татсан. Хойд Солонгос 2018 оноос АНУ-тай дипломат харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ Хятадтай уламжлалт харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байв. Гэвч Ким Жон Уны АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтууд 2019 онд үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. АНУ-ын талаас Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах болзолтойгоор эдийн засгийн хоригоо сулруулах саналыг тухайн үед тавьж байв.

Хятад Улс Солонгосын хойгийн тогтвортой байдлыг тус улсын гол ашиг сонирхол гэж тодорхойлдог. Хэдийгээр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах сонирхол Хятадад байвч энэ нөхцөлд Пёньяны дэглэм нуран унахаас эмээж буй гэдгийг Дартмоут их сургуулийн профессор Женнифер Линд мэдэгджээ. Хойд Солонгосын дэглэм нуран унаснаар олон зуун мянган дүрвэгч Хятад руу ирнэ гэхээс Бээжин болгоомжилж байгаа аж. Түүнчлэн Бээжин Хойд Солонгосын дүрвэгсдийг тогтмол баривчлан нутаг буцаадаг нь олон улсын хүний эрхийг хамгаалагчдын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулдаг. Хойд Солонгосын дүрвэгсдийг хориглохын тулд Хятадын хил дагуу арваад жилийн өмнө төмөр хашлага босгожээ.

Хятад нь Пёньянтай тогтвортой харилцаагаа эрхэмлэхийн зэрэгцээ Сөүлтэй ч харилцаагаа сайжруулахыг хичээж ирсэн. Тухайлбал, Ши Жиньпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон түүний залгамжлагч Мүн Жэ Ин нартай олон удаа уулзаж, хэлэлцсэн юм. Сөүл нь Бээжингийн худалдааны топ хамтрагч орнуудын нэг бөгөөд Өмнөд Солонгосын экспортын 15 гаруй хувийг Хятад эзэлдэг байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ХОЛБООТОН

Хятад, Хойд Солонгос 1961 онд харилцан туслалцах, нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь 2021 онд дуусгавар болно. Тус гэрээний дагуу Хятад нь өдөөн хатгасан түрэмгийллийн эсрэг Хойд Солонгосыг дэмжин хөндлөнгөөс оролцох үүрэгтэй. Мөн Хойд Солонгосын талаас зөрчлийг өдөөсөн тохиолдолд Бээжин төвийг сахихаар тусгажээ. Олон улсын стратегийн судалгааны төвийн шинжээч Бонни Глейзерийн үзсэнээр, Хятад энэхүү заалтыг гэрээнээс хасахаар Пёньяныг ятгаж буй юм байна.

Зарим улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар, Хятад улс Хойд Солонгосын өөрийгөө хамгаалах тулаанд оролцохоос илүү Кимээс хойших хойгийн нөхцөл байдлыг тодорхойлоход гол үүрэгтэй оролцох сонирхолтой байгаа аж.

Хойд Солонгос нь Хятадын цор ганц гэрээт холбоотон орон. Одоогоос 70 жилийн өмнө Солонгосын дайны үеэр Ким Ил Суны тэргүүлсэн Хойд Солонгосын армийн дайралтын эсрэг АНУ-ын тэргүүлсэн БНСУ-ын хариу тэмцэлд Хятадын дарга Мао Зедун хөндлөнгөөс оролцсоноос хойш Пёньян, Бээжин хоёр холбоотон, найрсаг хөршийн харилцаатай явж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж