БАЙР СУУРЬ: Санал хураалтыг нэгтгэхийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Санал хураалтыг нэгтгэхийг дэмжинэ

БАЙР СУУРЬ: Санал хураалтыг нэгтгэхийг дэмжинэ

Нийт гишүүд дундаасаа Ардчилсан нам (АН)-ын даргыг тодруулах санал хураалт энэ сарын 28-ны өдөр болно. Сонгуулийн сурталчилгаа хоёр талд өөр өөр өдөр эхэлсэн ч санал хураалт нь нэг өдөр зохион байгуулагдана.

Энэхүү санал хураалтыг нэгтгэж, хоёр талын нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг АН-ын даргаар тодруулах саналыг С.Эрдэнийн талаас нөгөө талдаа тавьсан боловч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, АН-ын даргыг тодруулах санал хураалтыг тус тусдаа зохион байгуулна гэж Ц.Тувааны талын АН-ын сонгуулийн дотоод хороо үзжээ.

Хэрэв АН дотоод сонгуулиа нэг болговол цааш ямар ч маргаангүйгээр намын дарга нь тодорно. Харин тусдаа зохион байгуулбал нэг намаас хоёр дарга тодорч, дахиад л үл ойлголцол үргэлжилнэ гэдгийг зарим нэр дэвшигч хэлж байна.

Түүнчлэн АН-ын лидерүүд гэгддэг гишүүдийн хувьд энэ удаагийн АН-ын даргын сонгуульд оролцолгүйгээр гаднаас нь дүгнэлт хийж сууна. Тэдний хувьд АН-ын дотоод зөрчил Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэгдэж, 2022 оноос АН-ын жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлт эхэлнэ гэсэн хүлээлт үүсээд байгааг хэлж буй юм. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дотооддоо учраа олж нэгдэх нь тус намын хамгийн ойрын зорилго.

Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж хөндөж, “АН-ын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгатай, хоёр нэр дэвшигчийн нэрийг СЕХ-нд өгвөл П.Дэлгэрнаран дарга материалуудыг нь барьж очоод, МАН-ын дарга У.Хүрэлсүхээр сонгуулна. Аль нэгийг нь сонговол манай нам нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоёуланг нь таалахгүй бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй. СЕХ хоёр нэр дэвшигч авчирсан гэдэг шалтгаанаар АН-ыг сонгуульд оролцуулахгүй хасах боломжтой. Ийм хуулийн хайчинд байгаа нөхдүүд намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээрээ байна” гэсэн юм.

АН-ын нэг хэсэг буюу С.Эрдэнийн тал намын даргад дотроосоо, өөрийн хүнээ томилохыг хүсч байгаа нь нөгөө талтайгаа нэгдэхгүй байх шалтгаан нь. Харин Ц.Тувааны тал АН-ын даргын суудлыг хүчээр ч болтугай авахыг санаархаж, улмаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа юм. Тиймээс хоёр талын эрх ашиг зөрчилдөж, хоёр тусдаа намын даргаа тодруулах гэж байна.

Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Харин С.Эрдэнийн тал өнгөрөгч Бямба гариг (2021.03.20)-т нэр дэвшигчдийг батламжлан, цахим сурталчилгаагаа эхлүүлсэн.

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Ц.Тувааны тал санал хураалтыг цаасаар авах бол С.Эрдэнийн тал цахимаар зохион байгуулна.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид “Цахим нам болгохоо” тодотгож буй. Энэ утгаараа АН-ын даргыг тодруулах сонгуулийг цахимаар явуулахыг дэмжиж байгаа аж. Хоёр талын нэр дэвшигчдээс сонгуулийн санал хураалтыг нэгтгэж явуулахыг дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Нэгтгэн зохион байгуулахыг дэмжиж байгаа. Хэдийгээр тус тусдаа бүртгэгдэж, тусдаа сурталчилгаа хийж байгаа ч бүгд есүүлээ хамтдаа цахим сонгуульд санал хураалт хийхээр болбол би татгалзахгүй, харин ч дэмжинэ. Энэ талаар хоёр талаасаа нэр дэвшигч биднээс бичгээр санал аваасай гэж хүсч байна.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ч.ӨНӨРБАЯР:

-Дэмжилгүй яах вэ. Миний хувьд цахим санал хураалтыг хамтад нь явуулах туйлын хүсэлтэй байна. Хэрэв санаснаар болдог бол хоёр сонгуулийн санал хураалтыг нэгтгэж, хамтад нь зохион байгуулмаар байна. Хоёр тусдаа санал хураалт явуулах ямар ч шаардлага байхгүй. Нөгөөтэйгүүр ардчиллын үндсэн зарчим нь нэг сонгогч, нэг санал гэсэн зарчим. Энэ зарчмаа бид хадгалах хэрэгтэй. Хоёр талын нэр дэвшигчдэд ямар ч буруу байхгүй. Сонгуулийг зохион байгуулж буй сонгуулийн хоёр дотоод хорооныхон хоорондоо учраа олоод, дотоод сонгуулийг нэгтгэж зохион байгуулах боломжтой.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Л.ГҮНДАЛАЙ:

-АН-ын даргын сонгуулийг нэгтгэж нэг зохион байгуулахыг уриалсан хүний нэг нь би. Харамсалтай нь, нөгөө талын дөрвөн нэр дэвшигч бидэнтэй нэгдэх гэж ирээгүй л дээ. Нэгдье гээд бүртгүүлэх ёстой байсан. Бид тавыг бүртгүүлж байх үеэр нөгөө талын дөрөв хамтдаа бүртгүүлчихсэн бол гуравдугаар сарын 28-нд дотоод сонгуулийг нэг зохион байгуулах боломжтой байсан юм. Одоо оройтсон. Яагаад гэвэл бүртгүүлэх өдөр нь тэд бүртгүүлээгүй. Энэ боломж, бололцоог нь бид өгсөн ч тэр дөрөв ашиглаж чадаагүй хаясан.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ц.УРТНАСАН:

-Намынхаа гишүүдийн эв нэгдлийг бодсон ч тэр нэгдсэн сонгууль явуулахыг дэмжиж байгаа. Өнөөдөр намын дотоодод үүссэн нөхцөл байдал зөвхөн намын даргыг тодруулахтай холбоотой асуудал биш. Манай намын 180 мянган дэмжигчийн асуудал. Нөгөөтэйгүүр Монголын томоохон улс төрийн хүчний хувьд нийт ард түмэнд хамааралтай асуудал болж хувирсан. Тиймээс хоёр тал нэгдээд, сонгуулиа нэг зохион байгуулъя гэвэл татгалзах зүйл алга. Хэдийгээр хоёр талын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд зөрүүтэй ч гэсэн сонгуулиа нэг зохион байгуулаад, ойлголцох нь юу юунаас илүүтэй чухал байна.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ М.ТУЛГАТ:

-Хэрэв энэ удаад нэг сонгууль болговол цааш ямар ч маргаангүйгээр намын дарга тодорно. Хэрэв хоёр тусдаа явбал хоёр дарга гарч ирээд, яриа хэлэлцээ рүү орно. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед нэг өдрийн өмнө ч болов хурдан нэг талдаа гарах шаардлагатай. Тиймээс намын даргыг тодруулах сонгуулийг нэгтэн явуулбал дэмжинэ.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ О.АМАРТҮВШИН:

-Нэр дэвшигчид бид намынхаа шинэчлэлийн төлөө, мөн дотоод эв нэгдэлгүй байдал, хагарал, хуваагдлыг засч, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг сэргээж, АН-ыг хүчтэй болгохын төлөө өрсөлдөж байна. Миний хувьд санал хураалтыг нэгтгэж явуулахыг дэмжинэ. Бидний зорилго нэг учраас татгалзах асуудал байхгүй гэдгийг анхнаасаа хэлж байсан. Хэн нэгэн хувь хүний хязгаарлалтаас болж нам дотроо талцаж, хуваагдаж болохгүй.

      АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭБОЛД:  

Санал өгөх эрхтэй нийт сонгогчдын нэрсийн жагсаалт нь хоорондоо зөрүүтэй байгаа. Хэрэв сонгуулийг нэгтгэж явуулах тохиолдолд дээрх зөрүүг арилгах шаардлагатай. Хоёр талаасаа ажлын хэсэг гарч, сонгогчдын нэрсийн жагсаалтын зөрүүг арилгаад, дараа нь сонгуулийг нэгтгэж явуулах журмаа гаргачихвал нэгтгэн зохион байгуулахыг би хувьдаа дэмжинэ. С.Эрдэнэ даргын тал санал хураалтыг цахимаар явуулна. Цахимаар явууллаа гэхэд санал өгөх сонгогчдын тоо нь ойлгомжгүй байгаа. Нөгөө тал нь санал хураалтыг цаасаар авна. Одоогийн дагаж мөрдөж буй дүрэмд “Намын даргыг сунгаагаар тодруулна” гэж заасны дагуу аль аль нь үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь санал хураалтын процесс ямар байх вэ гэдгийн учрыг Дотоод сонгуулийн хороо олох ёстой. Түүнээс биш нэр дэвшигчид дотоод сонгуулийн ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид нэр дэвшигчид учраас асуудлыг зөв, буруу гэхээс илүүтэй дотоод сонгуулийн хороо дүрмийн дагуу ажлаа хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

 

 

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Д.ПҮРЭВДАВАА: 

-Миний хувьд АН-ын даргын сонгуульд оролцогч. И.Мөнхжаргал даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Энэ утгаараа тус дотоод сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд би сонгуульд оролцож байна. Хоёр тусдаа АН-ын дотоод сонгуулийн хороо байгаа учраас нэг талд нь бүртгүүлчихээд, нөгөө газар нь гүйж очих нь утгагүй шүү дээ. Сонгуулийн санал хураалтыг нэгтгэх, эсвэл тусад нь зохион байгуулах эсэх нь хоёр Дотоод сонгуулийн хорооны шийдэх асуудал. Миний хувьд нэгдэхэд татгалзах зүйл алга. Гэхдээ Х.Алтанхуяг даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороог хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг нь И.Мөнхжаргал даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороотойгоо учраа олчихвол болчих юм. АН-ын даргын сонгуулийг зохион байгуулж байгаа хоёр тусдаа Дотоод сонгуулийн хороо нь нэгдчихвэл нэр дэвшигч бидний хувьд нэгдэхээс л өөр аргагүй.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ О.ЦОГТГЭРЭЛ:

АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл хариулт өгөхөөс татгалзав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж