Энхтайвны гүүрийг зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай болгож шинэчлэхээр зураг төслийг хийж эхэлсэн тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдсэн нь эсэргүүцэлтэй тулах шинжтэй.
Дархан-Улаанбаатарыг холбосон 204 км авто зам барихаар хуучин замыг нь там болгосон шиг Энхтайваны гүүрээ шинэчлэх нэрээр нураагаад дашийншог болгох вий гэдэг болгоомжлолыг ч дайж байна. Бодох л асуудал.
Одоогоос 63 жилийн өмнө Энхтайвны гүүрийг хятад ажилчид барьж ашиглалтад оруулсан бөгөөд шинэчлэн барих төслийг өмнөд хөрштэй хамтран хэрэгжүүлж мэдэх нь. Асуудал ярианы түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга онцолжээ.
Хамгийн гол нь Энхтайваны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл хэдэн хувиар саарах вэ гэдэг судалгаа одоогоор алга.
Жил гаруйн өмнө Замын цагдаагийн гүүрэн гарцыг ашиглалтад оруулж, хөдөлгөөн нээсний дараа Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг 40-50, уулзваруудын ачааллыг 30 хувиар бууруулах боломжтой боллоо гэж албаныхан тайлбарласан ч талаар болсон юм.
Учир нь, Covid-19 халдвар дотоодод тархахаас өмнө нийслэлчүүд автомашины түгжрэлд ихэнх цагаа үрж, зарим өдөр тэг зогсолт хийж байв. Автобусанд суусан ч амины машинаараа явсан ч ялгаагүй, ажлаасаа гэр хүрэхийн тулд оройдоо гурван цагийг зарцуулж байсан бол өглөө гэрээсээ ажилд хүрэхэд хоёр цаг орчмыг зарцуулж ирсэн.
Өөрөөр хэлбэл, ганц гүүр барьснаар түгжрэл буурдаггүйг Замын цагдаагийн орчимд баригдсан гүүрэн гарц харуулсан гэж хэлж болно. Тиймээс гүүр барих нөхцөлд дагуулаад уулзвар дээр огтлолцох замыг чөлөөтэй нэвтрэх боломжтой болгох шаардлага ч тулгарч буй юм.
Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр их хотын түгжрэлийг сааруулах боломжгүйг нэгэнтээ хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.
Учрыг тайлбарлавал, замаа өргөтгөе гэхэд барилга байшин тулж байна. Гэр хороолол орчмын замыг өргөтгөж болж байгаа ч хот доторх авто замыг өргөтгөе гэвэл барилга байшинг нураахаас өөр гарцгүй байгаа юм. Нураагаад замаа баръя гэхэд нөхөн төлбөрийг нь барагдуулах шаардлагатай. Гэтэл нийслэлд нөхөн төлбөрт тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарах боломж байхгүй. Энэ мэтчилэн тоочвол хөрөнгө мөнгөнөөс эхлээд тулгарах бэрхшээл бишгүй гарч буй.
Харин нийтийн тээврийг хөгжүүлж чадвал хүн бүр автомашин унаж, ажилдаа ирэх шаардлагагүй болно. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчихоос өөр арга байдаггүй шалтгаанаа автобусаар үйлчлүүлэх болоход хүлээлгэдэг, хүйтэн, тав тухгүй гэхчлэн судалгаанд өгүүлсэн байдаг.
Энэ нь нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээс эхлээд метротой болох, нэгдүгээр эгнээгээр автобус давуу эрхтэйгээр зорчдог байх нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн үед гаргасан журмаа ч эргэн сэргээх шаардлага үүсч буй.
Өөрөөр хэлбэл, автобусаар тав тухтай зорчих боломжийг олгоогүй хэрнээ хүчээр "Нийтийн тээврээр зорч" гэдэг тулган шаардалт хийх нь түгжрэлийг сааруулахад нэмэр болж чадахгүй гэсэн үг юм.
Статистик мэдээллээр нийслэлд 615 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол жилд 40-50 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг аж. Улаанбаатар хот 410 мянга орчим өрхтэй гэж тооцвол айл бүрт нэг машин, зарим өрхөд хоёр ч ногдож байгаа.
Энэ тохиолдолд Улаанбаатар хотод бүсчлэл тогтоож, төв хэсэг рүү хувийн автомашинтайгаа зорчих бол төлбөр төлдөг байх зохицуулалтад шилжихгүй бол жилээс жилд өсөн нэмэгдэж буй автомашины хөдөлгөөний урсгалыг шууд хорих боломжгүй нь бас харагдаж байгаа.
Тиймээс хотын даргын Энхтайвны гүүрийг өргөтгөн шинээр барих санаачлага нь түгжрэл сааруулахад дэм болж чадахгүй ч хэдэн жилдээ урсгал засвар шаардахгүй болно гэсэн үг.
Замын цагдаагийн гүүрэн гарцыг Хятад улсын дэмжлэгтэйгээр барьсан бөгөөд 100 жилийн баталгаа өгсөн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ