АН-ын даргад нэр дэвшигчид намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

АН-ын даргад нэр дэвшигчид намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо

АН-ын даргад нэр дэвшигчид намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо

Ардчилсан намын /АН/ даргад нэр дэвшигчид намынхаа оюутан, залуус, эмэгтэйчүүд, ахмадын төлөөлөлтэй уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос тус намын дотоод дүрэм журам болон Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд намын даргыг сонгох сонгуулийг зарлаж, нийт 18 нэр дэвшигч бүртгүүлснээс хуулийн шаардлагыг хангаж тунаж үлдсэн дөрвөн нэр дэвшигч 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд мөрийн хөтөлбөрөө гишүүд, дэмжигчидтэй танилцуулж байгаа билээ.

Сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 26-ны өдөр өндөрлөж, санал хураалт энэ сарын 28-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд АН-ын 200 мянга гаруй гишүүд санал хураах байранд очиж, саналаа өгнө.

Нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд “Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялагч 24”,  нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин “Ардчиллын таван ялалт Ард түмний таван ялалт”, нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье”, нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл “Цуг шинэчилнэ” гэсэн уриатайгаар оролцож, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ цахим уулзалтаар мөрийн хөтөлбөрөө хүргэж,  санал солилцсон бол өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх байгууллагууд болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан оюутны холбооны гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Уулзалтын эхэнд нэр дэвшигчид АН-ын дараалсан ялагдлын шалтгааныг хэрхэн тодорхойлж байгаа талаар байр сууриа илэрхийлж, гарц, шийдлээ танилцуулав. Нэр дэвшигчид болон оролцогчдын аль аль нь цаашид АН-д эв нэгдэл, хамтын шийдвэр ус, агаар мэт хэрэгтэй байна гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байна.

Оролцогсод олон ажил хэрэгч санал, санаачлагыг дэвшүүлж, шүүмжлэлтэй асуудлуудаа ч ний нуугүй ярьж байв. Тухайлбал ахмадын төлөөлөл Ардчилсан намд боловсон хүчний бодлого алдагдаж, хүнээ бэлтгэж, зөв байршуулж чадахгүй байгаа нь уналт доройтлын нэг шалтгаан гэж тодорхойлж байлаа.

Эв эеийг эрхэмлэн, зангидсан гар шиг нэгдэн нягтарч ажиллан, Ардчилсан намаа хөнгөн, хурдтай, тогтвортой, ялагч улс төрийн хүчин болгон эрс шинэчлэн өөрчлөөрэй гэж Ардчилсан ахмадын, ардчилсан эмэгтэйчүүдийн, ардчилсан оюутны холбооны төлөөлөл аминчлан захиж байна.

Түүнчлэн тавхан хоногийн дараа болох Ардчилсан намын даргыг сонгох сонгуульдаа намын нийт гишүүдээ идэвхтэй оролцон, намаа эрс шинэчилж, эв эеийг эрхэмлэн, хүчирхэг сөрөг хүчнийг цогцлоох удирдагчаа итгэл үнэмшлээрээ, шударгаар сонгоорой гэж уриалж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж