"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

Өнгөрсөн шөнө (2021.03.23) 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь аймгуудад мэдрэгдсэн. Мөн чичирхийллээс үүдэн барилгын хана цуурсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч А.БАТБОЛД:

-Аймгийн хэмжээнд нөхцөл байдал хэвийн байна. Баянтал суманд мөн адил. Газар хөдлөлт болсон Баянтал суманд зарим нэг байшин барилгын хана, таазад цууралт үүсэхээс өөрөөр ноцтой хохирол учраагүй. Баянтал сумын иргэд айж сандарсан байсан. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буйгаар өчигдөр газар хөдлөлт болсноос хойш 40-50 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэж ярьсан. Өнөөдөр газар хөдлөлтийг таниулж сурталчлах өдөр. Энэ дагуу газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар ажлууд зохион байгуулагдана.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн салбарын дарга М.ӨЛЗИЙБАТ:

-Өчигдөр шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар (сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”) газар 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ нь гамшигт хүрэх хэмжээнд хүчтэй байгаагүй учир дуут дохио ажиллаагүй.

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн чичирхийллийн талаар болон хохирол учирсан эсэхийг тогтоохоор Онцгой байдлын газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар төмөр зам"-ын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг мөн ажиллаж байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдсэн, судалгаа хийж байна. Мөн өнөөдөр иргэдэд газар хөдлөлтийн талаар сурталчлан таниулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Маргааш Гамшгийн дуут дохиоллын систем ажилууллах туршилт хийгдэнэ. Иймд иргэд олон нийтийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд таниулах өдрийн мэдээлэлтэй маань идэвхтэй танилцана гэж бодож байна. Хэрэв иргэд болзошгүй байгалийн гамшгийн талаар хангалттай мэдээлэлтэй байвал өчигдрийнх шиг чичирхийлэл мэдрэгдэх үед сандрах зүйл байхгүй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж