Ард иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг сэргээхээр камерын өмнө Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн дараагийн төрийн тэргүүн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин боллоо. Тэрбээр өнөөдөр /2021.03.23/ тэргүүн хатагтайн хамт Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн вакциныг хийлгэжээ.
БНСУ-д өнөөдрөөс 65 ба түүнээс дээш насныхныг вакцинжуулж эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд 68 настай бол түүний эхнэр 65 настай учир насны ангиллын дагуу дархлаажуулалтдаа хамрагдаж байгаа нь энэ юм.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх зургадугаар сард Их Британид болох “Их 7”-ийн бүлгийн уулзалтад оролцоно. Түүнтэй хамт өнөөдөр чуулга уулзалтад оролцох есөн албан тушаалтан, мөн тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Со Хун зэрэг хүмүүс вакцин хийлгэсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон БНСУ, Энэтхэг, Австрали улсуудыг зургадугаар сард болох “Их 7”-ийн уулзалтад зочноор оролцохыг урьсан юм.
Солонгос улс нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс эхлэн халдвар авах эрсдэлт бүлэг болох эмч, эмнэлгийн ажилтнууд, хүнд өвчтэй нийт 680 мянган иргэнээ вакцинжуулаад байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 99 мянга даваад байгаа бөгөөд өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 400 орчим байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ