"Ханжоу-2022" Азийн наадмыг ирэх оны есдүгээр сарын 10-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ Азийн наадамд "break" бүжиг, цахим спортын төрөл багтаж байгаа гэдгээрээ онцлог. Одоогоор Азийн 27 улсын олимпийн хороо цахим спортын төрөлд баг тамирчдаа илгээнэ гэдгээ мэдэгджээ.
"Ханжоу-2022" Азийн наадмын зохион байгуулагчдын зүгээс “Олон орны олимпийн хороо баг тамирчдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, ширээний теннис зэрэг төрлүүдэд оролцуулах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ ч утгаараа 2018 оны Азийн наадмаас илүү тамирчин оролцох төлөвтэй байна. Цахим спорт, "break" бүжиг Ханжоугийн Азийн наадамд шинээр оролцоно. Одоогоор 27 улсын олимпийн хороо цахим спортын төрөлд, 17 улсын олимпийн хороо "break" бүжгийн төрөлд баг тамирчдаа илгээх сонирхолтойгоо илэрхийлсэн. Мөн Азийн олимпийн хороонуудын хагасаас илүү нь үшү, жиү-жицү, кураш гэх төрлүүдэд оролцохоор бүртгүүлсэн. Олимпийн бус спортын төрлүүд Азийн бүс нутагт хурдацтай хөгжиж байна” хэмээжээ.
"Жакарта-2018" Азийн наадамд анх удаагаа цахим спортын төрөл багтаж байсан бөгөөд Азийн орнуудын дунд алдартай “League of Legends”, “Arena of Valor”, “Pro Evolution Soccer”, StarCraft II, Hearthstone, “Clash Royale” зэрэг цахим тоглоомуудын тамирчид оролцож байлаа.
Холбоотой мэдээ