Японы “Toyota” компани “Land Cruiser 200” загвараа энэ онд сүүлийн удаа үйлдвэрлэхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү загварын сүүлийн захиалгуудыг энэ сардаа багтаж угсарч дуусах ба тавдугаар сараас дараагийн цуврал болох “Land Cruiser 300” загварыг үйлдвэрлэж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. “Land Cruiser 300” маркийн автомашины загвар, үзүүлэлт болон үнийн мэдээлэл дөрөвдүгээр сард тодорхой болно гэж эх сурвалжууд мэдээлжээ. Харин зарим эх сурвалжууд “Toyota” компани шинэ автомашинаа “Land Cruiser” загварын 70 жилийн ойгоор буюу 2021 оны наймдугаар сарын 1-нд танилцуулж магадгүй ч гэж үзэж байна.
Шинэ "Land Cruiser" нь "TNGA" платформ дээр угсрагдах бөгөөд ерөнхий бүтэц нь өөрчлөгдөж, хэмжээ нь бага зэрэг томрох магадлалтай байна. Мөн "V8" хөдөлгүүрийн оронд байгальд ээлтэй "V6" хөдөлгүүрийг сонгох таамаг хүчтэй байна. Шинэ загварын харагдах байдал ямар байх талаар мэргэжилтнүүд дараах байдлаар таамаглажээ.
Ерөнхийдөө хэмжээ нь одоо байгаа загвараас том болно гэж яригдаж байсан боловч одоогийн хэмжээтэйгээ ойролцоо байх нь илүү өндөр магадлалтай болсон байна. Түүчнлэн 3.3L TT i4 хөдөлгүүртэй “Diesel Hybrid” загвар болон 2.4L Turbo 4 хөдөлгүүртэй “i4 Turbo Hybrid Conservative” загвар, 3.44L V35A-FTS TT V6 хөдөлгүүртэй “Turbo V6 Hybrid conservative” гэсэн гурван загвар гарна гэж таамаглаж байна. Харин автомат хурдны хайрцаг нь 10 шатлалтай байх гэнэ. “Toyota” компанийн зүгээс шинэ загварын автомашины талаар мэдээллийг ихэд нууцалж байгаа тул “Land Cruiser” загварын дотор салон ямар байх зэрэг нарийн мэдээллүүд гараагүй байна.
Эх сурвалж: Gearpatrol.com