Умард Солонгосоос гаралтай 50 орчим настай Мун Чол Мён өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баривчлагдаж, Вашингтон хотод мөнгө угаасан, үгсэн хуйвалдсан хэргээр шүүгдэж эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Мун Чол Мён ийнхүү АНУ-д шүүгдсэн анхны умард солонгос хүн болж байгаа аж. Тэрбээр Малайзаас АНУ-д очсон ч Малайзын шүүх түүний хэргийг Вашингтоны холбооны мөрдөх товчоонд шилжүүлснээр удалгүй баривчлагдсан байна.
Мун Чол Мён Малайзаас явахаасаа өмнө Малайзын шүүхэд дуудагдаж байсан аж. Тэрбээр 2019 оны тавдугаар сард Сингапураас хориотой тансаг бараа авч, Умард Солонгос руу илгээн НҮБ-ын Пёньянд тавьсан хоригийг зөрчдөг бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгагдаж Малайзад баривчлагдсан ч гэм буруутай нь нотлогдоогүй юм. Түүнээс гадна Мун мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдсэн зэрэг хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэж байсан аж.
Муны өмгөөлөгч Го Сүн Сен дээрх хэргийг улс төрийн шалтгаантай хэмээн мэдэгдэж, Малайзын холбооны шүүхээс Муныг АНУ-д шилжүүлэхгүй байхыг хүссэн боловч шүүх татгалзжээ. Тэрбээр Муныг АНУ-д шилжүүлэн өгөх нь шударга бус хэмээгээд, Мунтэй ижил газар ажиллаж байсан гурван сингапур иргэнийг мөн хориг зөрчсөнийх нь ижил шүүх хэрэгтэй хэмээн үзжээ.
Гэвч зөвхөн Муныг АНУ-д шилжүүлсэн тул Го дээрх хэргийг улс төрийн шалтгаантай хэмээн харж байгаа аж. Болсон үйл явдлаас болж Пёньян Малайзтай дипломат харилцаагаа тасалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Умард Солонгосын Гадаад хэргийн яам “Муны хэргээс болж Вашингтон шангаа хүртэнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү Пёньян Малайзаас холбоогоо тасалсны дараа Малайзын эрх баригчид газар нутаг дээр нь буй Пёньяны бүх дипломатчдыг 48 цагийн дотор яаралтай нутаг буцахыг шаарджээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар дээрх шаардлага ёсоор Умард Солонгосын элчин сайдын яамны ажилтнууд тэргүүтэй 30 хүн энэ долоо хоногийн эхээр Куала Лампураас явжээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ