НББХ: Засгийн газрын тайлангуудыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

НББХ: Засгийн газрын тайлангуудыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдийн /2021.03.23/ хуралдаан 10 цаг 40  минутад  ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Эхлээд Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бэхжүүлсэн нь үр дүнтэй үйл ажиллагаа болсныг онцоллоо.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авав. Д.Сарангэрэл хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой, эмэгтэйчүүдэд зориулсан амьдрах ухааны сургалт явуулах боломж бололцооны талаар тодрууллаа. С.Ганбаатар өсвөр насны охидын төрөлт, сургууль завсардалт, амиа хорлолт өссөн талаар тайланд тэмдэглэсэн нь цочирдмоор ноцтой мэдээлэл гэдгийг онцлоод эдгээрийг бууруулах, зогсоох ажилд хэдэн төгрөг төсөвлөж, ямар ажил хийсэн талаар тодруулав. Ж.Чинбүрэн гэр бүл дэх эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн бодитой, үр дүнтэй ямар ажил хийж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албан дарга Т.Энхбаяр танилцуулав. Жендерийн эрх тэгш байдлыг  хангах үйл ажиллагааг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хөгжлийн үр  шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буйг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Дээрх хоёр тайлантай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Асуулт, хариулт дууссан дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах зарчимын санал гаргаж, уг саналын дагуу Байнгын хорооны дараагийн хуралдаанаас Ажлын хэсэг гаргах чиглэлийг Байнгын хорооны дарга танилцууллаа.

Засгийн газрын тайлангуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Оюунчимэг конвенц, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулахад Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Бодлогын зөвлөлтэй Нийгмийн бодлогын байнгын хороо хамтран ажиллаж, зөвлөмж хүргүүлэх талаар тэмдэглэсэн юм. Зөвлөмжөөр конвенц, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүтэц орон тоо, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт заавал тусгах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэргийг чиглэл болгох  юм байна. Тайлангуудыг хэлэлцэж дууссанаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж