"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсны дараа  Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн гол агуулга нь нэгдүгээрт, Эрүүгийн хуульд заасан “гүтгэх” гэсэн зүйл ангиар төрийн байгууллагууд эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй гэх тайлбарыг оруулна. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хардсан, сэрдсэнд үйлдэлд гүтгэсэн зүйлд эрүүгийн журмаар гомдол гаргахгүй гэх тайлбарыг оруулж байна.

Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчлөхдөө “гүтгэх” гэдэг гарчгийг худал мэдээлэл тараах гэж өөрчилсөн. Үүнийг буцаан “гүтгэх” гэж томьёолох нь  зүйтэй гэх агуулгаар өөрчлөлт оруулж байна. Гүтгэх гэдэг нь хууль зүйн хувьд зөв нэршил. Гүтгэх гэдэг нь хууль зүйн хувьд гүжирдэх гэдэг утгыг агуулдаг. Гүжирдэх нь тухайн бодит мэдээллийг мэдсээр байж, зориуд санаатайгаар гуйвуулж мэдээлсэн үйлдэл. Харин худал мэдээлэл тараах гэдэг нь санамсар болгоомжгүйн улмаас худал мэдээллийг тараах үйлдэл байж болно. Иймд хүний санамсар болгоомжгүйгээс болж алдаа гаргасан үйлдлийн төлөө эрүүгийн ял шийтгэл ногдуулах нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулна гэж үзсэн.

Улс төрийн нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан гаргасан хардсан, сэрдсэн үйлдэлд цагдаа, хууль хүчний байгууллагыг ашиглан сэтгүүлчийг айлгах ёсгүй. Харин тухайн этгээд нь хувь хүний нэр төр, үнэт зүйл рүү халдсан гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй нь нээлттэй. Хэрвээ албаны нэр хүндэд халдсан бол иргэний журмаар шүүхийн танхимд эрхээ адил түвшинд эдэлж, баримт нотолгоонд үндэслэн нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй гэж байгаа юм. Гэтэл эсрэгээрээ сэтгүүлч, аль эсвэл иргэнийг нотол гэж шаарддаг. Гүтгэх буюу илт худал мэдээлэл тараах гэдгээр ял, шийтгэл авсан таван хүний нэг нь сэтгүүлч. Харин үлдсэн дөрөв нь энгийн иргэд байна. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт нь сэтгүүлч гэлтгүй бүх иргэдэд шууд хамаатай” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хил хязгаагүй сэтгүүлчид” Олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр авч үзэхэд, энэ төрлийн хэргийн тоо эрс өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрөгч 2015 онд Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад 54 дүгээр байрт ордог байсан. Одоо энэ үзүүлэлт 74 дүгээр байр руу ухарсан байна. Шүүхийн мэдээллийн сангаас авч үзэхэд, сүүлийн 1-2 жилийн хугацаанд сэтгүүлч хардах эрхээ эдэлснийхээ төлөө 31 сэтгүүлч арга хэмжээ авхуулсан байна. Ирж байгаа мэдээллийг харахад улс төрийн өндөр албан тушаалтны гомдол дийлэнх нь байгаа юм. Улстөрчийн өөрийнх нь албан тушаалтай холбоотой асуудал дээр сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих ёстой.  Иймд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийсний төлөө буруутгах ёсгүй учраас уг хуулийн төслийг санаачилсан. Хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн байр суурь, санал бодлыг сонсч, амьдралд бодитоор хэрэгжих сайн хуулийн төслийг боловсруулна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгагдсан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм.

Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэв.

Ц.Янжиндулам

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж