УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.03.23/ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бол манай Ардчилсан намын дүрмийн эсрэг санаатайгаар баталсан хууль. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгийг ямагт санах ёстой. УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад би “Хугацаа нь бага байна” гэдгийг хэлсэн боловч МАН –ын гишүүд санаатайгаар баталсан. Улс төрийн намуудын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх үйл ажиллагаа гуравхан хоногийн хугацаанд болно. МАН дарга нараасаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгодог.
Ардчилсан нам жирийн гишүүдээсээ сунгаагаар нэр дэвшигчээ сонгодог нам.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 30-нд өглөөгүүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалаа хүлээн авна. Өдөр нь Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ, үдээс хойш нь нэр дэвших эрхээ авсан хүмүүс гишүүддээ зориулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Маргааш нь нэр дэвшигчдээс хэнийг нь Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ гэдэг сунгааны сунгааны санал хураалт болно. Нөгөөдөр нь намын их хурал хуралдаж, нэр дэвшигчээ батламжилна. Энэ процесс нь үндсээрээ манай намын дүрмийн эсрэг хийсэн зүйл.
Мөн улс төрийн нам нь тавдугаар сарын 2-5-нд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Дахиад гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрвээ татгалзвал тухайн хүний материалыг зөв болгох хоёрхон хоногийн хугацаатай.
Хоёр тохиолдолд сонгуульд нөхөн дэвших эрх үүснэ. Тодруулбал, тухайн нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд өмнөх нэр дэвшигчийн оронд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлнэ. Үүний цаана юу байна вэ гэвэл манай намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна.
Манай нам хоёр тамгатай, хэрэв Ардчилсан нам хоёр нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд өгвөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно. Тодруулж хэлбэл, хоёр нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн гэдэг шалтгаанаар хасах боломжтой. Ийм хуулийн хайч дунд явж байж, манай намынхан дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Харамсч байна” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ