Сурагчдын амралтыг цуцалж, сургалтын хөтөлбөрийг өөрчлөөгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг цуцалж, сургалтын хөтөлбөрийг өөрчлөөгүй

Сурагчдын амралтыг цуцалж, сургалтын хөтөлбөрийг өөрчлөөгүй

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 5-нд хичээл орох ёстой байсан. Гэтэл сурагчдын амралтын долоо хоногийг цуцалж,  теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт  /2021.03.19/ гаргаад буй. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаа учраас энэ тушаалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэ асуудлыг салбарын яамны холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-2020-2021 оны хичээлийн жилийн бүтцэд тусгаснаар сурагчид гурван улирал амарч, гурван улирал хичээллэнэ гэж батлагдсан. Энэ хуваарийн дагуу гуравдугаар сарын 29-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэх ёстой байсан. Харин хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудаас ирсэн хүсэлтэд тулгуурлан зайны болон танхимын сургалтыг завсарлуулахгүй үргэлжлүүлэх нь зөв юм байна гэдэг тушаал гарсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 1-нээс орон нутагт танхимын хичээл эхэлсэн. Орон нутгийн сурагчдын хувьд танхимын хичээл нь ороод дөнгөж гурван долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа үед улирлын амралт гээд сурагчдын хичээл завсарлах тохиолдол болно гэсэн хүсэлтүүд ирсэн учраас өнөөдрийн шийдэлд хүрсэн гэж ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлд ч мөн адил теле болон цахим хичээл, зайны сургалтууд долоо хоног үргэлжлэхээр болсон.

Түүнээс биш улирлын амралтыг цуцалсан зүйл энэ тушаалд байхгүй. Хэрэв улирлын амралтыг цуцлаад хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, сургалтын батлагдсан төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу хичээллэнэ гэсэн бол магадгүй маргаан үүсч болно. Амралтын хугацаанд зохион байгуулах теле болон танхимын сургалт, хөтөлбөр нь тухайн сургалтын байгууллагын асуудал. Хөдөө орон нутгийн хувьд тодорхой хичээлийн цагийг нэмэх үү, эсвэл одоо хэрэгжиж байгаа түр журмын дагуу зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үү гэдгийг өөрсдөө шийднэ. Харин өндөр ачаалалтай ажиллаж байгаа хувийн хэвшлийн сургуулиуд энэ хугацаанд сурагчдынхаа дархлааг нь дэмжих, гэр бүлд нь зөвлөсөн, чиглэсэн үйл ажиллагаанд илүү анхаарч хичээлийн хөтөлбөрт тусгагдсан судлагдахуунаас өөр хэлбэрээр ажиллах нь зүйтэй гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын хүрээлэнгээс зөвлөмжийг боловсруулж, сургуулиудад хүргэнэ. Тиймээс заавал батлагдсан тушаалын дагуу сургалт хийнэ гэж ойлгож болохгүй. Амралтын хугацаанд заавал хичээллэх ёстой, батлагдсан хөтөлбөрийн дагуу орно гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тушаал дээр тийм үг, үсэг байхгүй.

Нийслэлийн зарим сургуулиудын хувьд цахим платформ зохион байгуулах, зайны сургалт ачаалалтай орж байгааг үгүйсгэхгүй. Хэрэв тухайн сургууль  цахим хичээл орж байгаа бол теле хичээлд хамрагдах шаардлагагүй гэж  сайдын тушаал дээр батлагдсан. Гэтэл зарим сургуулиуд теле болон цахим хичээлийн аль алинд нь хамрагдах ёстой гэж шаардаж байгаагаас иргэдийн зүгээс бухимдал үүсч байна. Өдрийн турш хүүхдүүд болон багш нарт өндөр ачаалал өгч байгаа талаар тодорхой гомдол санал ирж байгаа. Дахин сануулахад, сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд заавал хичээллэх ёстой, батлагдсан хөтөлбөрийн дагуу орно гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тушаал дээр тийм үг, үсэг бичигдээгүйг дахин хэлье.

С.Ундармаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж