ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, March 22, 2021
Эрүүл мэндийн яам Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.23/ мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Өчигдөр /2021.03.22/ нийт 12.326 сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5392 боллоо. Шинээр бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 191 тохиолдол бүртгэгдэж өвчлөл 4474 боллоо. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Ингэснээр орон нутагт бүртгэгдсэн өвчлөл нийт 382 боллоо. Эдгээр тохиолдолд эмнэлгийн хоёр ажилтан багтаж байна.
Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 1419 хүн эмчлүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлуудын дөрвийнх бие хүнд байна. Улаанбаатарт хүн амын дунд Covid-19 халдвар тархсан хэвээр байна. Тиймээс хүн бүр нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй. Найз нөхдөөрөө цуглахгүй, айлд зочлохгүй байхыг зөвлөе.
"УТАСНЫ ДУГААР АНДУУРСАН ТОХИОЛДОЛД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БУРУУ ХҮНДЭЭ ОЧДОГ"
Албаныхан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Гадаад улсын иргэдийг вакцинд ямар журмаар хамруулж байна вэ?
-Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Элчин сайдын яамд гадаад улсын иргэдийг вакцинжуулах ажилд хамтран ажиллаж байна. Тухайлбал, бид БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад сууж буй тус улсын 5000 гаруй иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.
-Хэрэв Covid-19 халдвар мутацид шилжсэн бол вакцин тариулсан ч үр дүнгүй байх гэсэн болгоомжлол байна. Монгол Улсад Covid-19 халдварын мутацлагдсан тохиолдол, хэв шинж байгаа юу. Энэ талаар судалгаа бий юу?
-Бид дотоодод халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс /2020.11.10/ хойш 150 гаруй хүнд эмнэлзүйн эмгэг, хоёр дахь дайралтын түвшин болон халдварлуулах утга зэргийг тогтоох судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн. Мөн дэлхий дахинд шинээр бүртгэгдэж буй халдварыг судлах ажлыг ДЭМБ-аас 124 орны эрдэмтэд чуулж, судалгааг үргэлжлүүлж байна. Сүүлийн үед шинэ мутациудаас хамгаалах үр дүнтэй вакциныг туршиж байна.
–PCR шинжилгээ өгөөгүй байхад 2021 оны гуравдугаар сарын 18-нд улсын нэгдүгээр эмнэлэгт шинжилгээ өгсөн гэж "Эрүүл Гэрэг" системд бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн яамнаас цахимаар хариу өгөхгүй байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Бид “Эрүүл Гэрэгэ” системд PCR шинжилгээний мэдээлэл өгдөг. Иргэний үнэмлэх, утасны дугаар бүртгүүлдэг. Зарим хүн утасны дугаар буруу өгөх, буруу тэмдэглэх асуудал бий. Үүнээс болж буруу хүнд мэдээлэл нь очдог.
–PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудлыг шалгаж дууссан уу. ХӨСҮТ-ийн ажилтан энэ үйлдлийг ямар зорилгоор хийсэн гэдгийг нь тогтоосон уу?
-Эрүүл мэндийн сайд холбогдох хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Хуулийн хүрээнд шалгалтын ажил үргэлжилж байна.
-Эрүүл мэндийн сайд 747 хүүхэд халдвар авсан гэдгийг мэдээлсэн. Одоогоор хэчнээн хүүхэд халдвар аваад байна вэ?
-Улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 0-17 насны 1100 хүүхэд халдварт өртсөн байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг эзэлж байна. Насны бүлгээр нь авч үзвэл 0-9, 5-14, 14-18 насны хүүхдүүдийн өвчлөл ойролцоогоор 20-22 хувьтай байна. Ер нь эдгээр хүүхдүүдийн 80 хувь нь дотоодод, 20 хувь нь гадаадад зөөвөрлөгдсөн. Хүүхдүүд ойрын хавьтлуудаас халдварт өртсөн. Өвчлөл хүндэрсэн хүүхэд байхгүй.
Б.ЦЭЦЭГ
–