АНУ-ын Атланта хотод өнгөрсөн долоо хоногт гурван массажны газарт дараалсан зэвсэгт халдлага гарч, найман хүн амь үрэгдсэний зургаа нь ази эмэгтэй байв. Уг хэрэгт сэжиглэн 21 настай цагаан арьст эрэгтэйг баривчилсан ба түүнд одоо хүн амины хэрэг үүсгэн шалгаж байна. Энэхүү хэрэг тус улсад төдийгүй дэлхий дахинаа азиудыг гадуурхах үзлийн эсрэг тэмцэх ёстойг сануулсан маш том сануулга болов. Хохирогчдын дөрөв нь Солонгос хүмүүс байсныг Өмнөд Солонгосын Гадаад хэргийг яам мэдээлжээ. Атлантад халдлага болсонтой холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нар тус хотод очиж, хэрэг явдалтай танилцан, тус улсад амьдарч буй азиудаас уучлалт гуйв.
Дээрх хэргийн өмнөхөн мөн л АНУ-д зам хөндлөн гарах гээд зогсож байсан 76 настай хятад эмэгтэй нүүрэн тус газартаа хүчтэй цохиулж халдлагад өртсөн. Хэргийг үйлдсэн хүн бас л залуухан цагаан арьст эр байсан. Харин настай эмэгтэй овсгоо гаргаж, замын хажууд байсан модоор өөр рүү нь довтолсон эрийг цохиж, биеэ хамгаалж чадсан юм. Хятад эмээгийн зүүн нүд маш ноцтой гэмтсэн учир ач хүү нь цахим сүлжээд хандив цуглуулах аян өрнүүлж, бараг 800 мянган ам.доллар цугларчээ.
Атлантад болсон халдлага болон настай эмэгтэй гудамжинд халдлагад өртсөний дараа АНУ даяар азиудыг ялгаварлан гадуурхах, үзэн ядахын эсрэг тайван жагсаал өрнөж, цахим сүлжээнд ч хүмүүс #StopAsianHate буюу “Азиудын эсрэг үзэн ядалтаа зогсоо” уриан дор нэгдэж байна. Энэ хөдөлгөөнд олны танил урлаг соёлынхон ч нэгдэж, дуу хоолойгоо өргөж, хэн нэгнийг гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварлахгүй байхыг уриалж байгаа юм.
Covid-19 цар тахал анх албан ёсоор Хятад улсад бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар азиудыг гадуурхах үзэл хүчтэй илэрч эхэлсэн. Тэр дундаа АНУ-д энэ байдал улам гаарсан. Цар тахал эхлэх үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Covid-19-ийг “хятад вирус” гэж хэлсэн нь тус улсад амьдардаг олон мянган ази хүмүүсийн амь амьдралыг эрсдэлд оруулсан гэж болно.
Үүнээс өмнө ч тэр хэд хэдэн удаа ийм арьс өнгөөр ялгаварласан байдал гаргаж байв. Covid-19 цар тахал эхэлснээс хойш тус улсад азиудын эсрэг гэмт хэрэг хэд дахин өсч, мянга мянган Азиуд зүгээр гудамжинд явж байгаад чичлүүлэх, хараалгах, цаашлаад бие махбодийн халдлагад өртөх болов. Тэд олон нийтийн дунд эх хэлээрээ ярихаас эмээж, нүүрээ хүртэл нууж явах болжээ.
Энэ бол зөвхөн АНУ-ын асуудал биш Их Британи, Шинэ Зеланд, Австрали бусад барууны орнуудад Азиудыг гадуурхах хандлага огцом өссөн юм. Тухайлбал, Их Британийн цагдаагийн газрын мэдээллээс харахад 2020 оны нэгдүгээр улиралд Хятад, Зүүн, Зүүн Өмнөд азиудыг үзэн ядах гэмт хэрэг 2018, 2019 оны мөн үетэй харьцуулбал 300 хувиар өссөн байна.
Мөн энэ бол зөвхөн цар тахлын үеийн асуудал биш байлаа. Үүнээс ч өмнө барууны орнуудад тэр дундаа АНУ-ын нийгэмд бугшсан асуудал юм.
Австраличууд XIX зууны үед Хятадын цагаачдыг эх орон руугаа нэвтрэхээс сэргийлэх зорилготой цурвал хуулиудыг баталж, XX зууны эхэн үеэс дээрх хуулийн хүрээнд “Цагаан Австрали” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь одоогийн азиудыг ялгаварлах үзлийг үндэс суурь болжээ. Үүнтэй төстэй түүх Шинэ Зеландад ч бий.
АНУ-ын хувьд 1850-иад оноос анх Зүүн Азийн цагаачид буюу хятадууд Америк руу нэвтрэх болсон юм. Үүнээс л ерөнхийдөө тус улсад азиудыг үзэн ядах үзэл эхэлсэн гэж хэлж болно. Энэ үеэр хятадуудын амьдардаг суурингуудад халдлага их гардаг байсан ба хятад сууринг тэр чигт нь галдан шатаасан явдал ч гарч байв. Гэмт хэрэгтнүүд бараг тодорхой байдаг байсан ч тэднийг баричвлан шалгасан дүр үзүүлээд удалгүй цагаатгачихдаг байжээ. 1854 онд Калифорнийн шүүх энэ байдлыг улам өөхжүүлж ази хүмүүс цагаан арьстнуудын эсрэг мэдүүлэг өгөх эрхгүй болгосон юм. Дараа нь 1882 оны хавар тухайн үеийн АНУ-ын эрх баригчид анх удаа Хятад цагаачдын тоог хязгаарлах хуулийг баталжээ. Тухайн үед салхин цэцэг, уяман өвчин, хумхаа зэрэг халдварт өвчнүүдийг хятад цагаачид тарааж байна гэж ойлголт газар авсан учир ийм хууль баталж байсан гэдэг. Гэсэн ч хил дамнасан төмөр зам барих зэрэг хамаг л хүнд хэцүү ажлыг тэд хийж байсан бөгөөд америк ажилчдаас гурав дахин бага цалин авдаг байжээ.
Ингээд удалгүй 1900-аад оны эхээр хар тахал буюу тарваган тахлын халдвар барууны орнуудад гарч, АНУ-ын Сан Францискод гурван хятад цагаач энэ өвчнөөр нас барсан нь байдлыг улам дордуулж, хятадуудыг үзэн ядах, жигших байдал газар авсан юм. Үүнээс хойш өнөөг хүртэл энэ үзэл америкчуудын сэтгэл зүйд оршсоор ирсэн бөгөөд өнгөрсөн жил Covid-19 цар тахлын анхны тохиолдол Хятадад бүртгэгдсэн нь өнөөх үзлийг нь сэрээсэн байна.
Эх сурвалж: BBC, ATLANTIC, THE TIMES
Холбоотой мэдээ