Увс аймагт ойрын хавьтлын 15 иргэнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Увс аймагт ойрын хавьтлын 15 иргэнийг тусгаарлажээ

Увс аймагт ойрын хавьтлын 15 иргэнийг тусгаарлажээ

Нэмэлт:

Увс аймгийн харьяат хоёр иргэнээс Covid-19 халдвар илэрчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр аймагтаа очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар Ховд аймаг руу явуулсан байсан юм. Бид халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Баттулгаас тодруулахад “Сэмжид Хужирт” компанийн сувилалд долоон хоног амраад, гуравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Улаангом сумд ирсэн гэр бүлийн хоёр иргэнээс халдвар илэрч, PCR шинжилгээгээр баталгаажсан. Тухайн иргэд нь Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэд бөгөөд халдвартай бүсээс ирж, гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан. Батлагдсан хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Одоогоор ойрын хавьтлын нийт 15 хүнийг тусгаарласан. Үүнээс есөн иргэнийг гэрийн ажиглалтад, зургаан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдварын тасагт тусгаарласан. Тусгаарлалтад байга иргэд ойрын хавьтал болоод удаагүй, мөн халдвар нууц үедээ байх магадлалтай тул Covid-19 халдварын шинжилгээг авч эхлээгүй байна. Аймагт эрсдлийн үнэлгээг хийж, тандалт судалгаа үргэлжилж байгаа тул одоохондоо аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоогүй” гэлээ.

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд “Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас өмнөх 14 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд амарсан Увс аймгийн харьяат иргэдийг тогтоох тандалт судалгааг хийж байна” гэлээ.

Нэмэлт:

Дархан-Уул аймагт Covid-19 халдвар бүртгэдсэнтэй холбоотойгоор Аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.23/мэдээлэл хийлээ. Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас холбогдох шийдвэрүүдийг гаргаж,  үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад өгчээ. Аймгийн хэмжээнд сэжигтэй болон ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу гартал хөл хорио тогтоох, үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрийг гаргахгүй гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Харин батлагдсан тохиолдлын 90 орчим хувь нь Шарын гол суманд байгаа тул тус суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн халдвартай бүс нутгуудаас ирж байгаа болон Улаанбаатар хот руу зорчиж байгаа иргэдэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Халдварын тохиолдлын талаар Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 9-ний өдөр ирж, гуравдугаар сарын 20-ны өдөр буцаж, Улаанбаатарт очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хот руу зорчиж, 9-ний өдөр буцаж, Дархан-Уул аймагт очихдоо гэрийн тусгаарлалтад байсан тул ойрын хавьтал бага гэж үзэж байгаа.  Батлагдсан тохиолдлын ойрын есөн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарсан байна.

“Сэмжид Хужирт” компанийн сувилалд амарсан иргэдээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор уг сувиллаас гуравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03.00 цагт Дархан-Уул аймагт ирсэн есөн том хүн, нэг хүүхдээс шинжилгээ авахад таван иргэн Covid-19 халдвартай нь баталгаажсан. Тэдний ойрын хавьтлын 11 иргэнийг тусгаарласан. Мөн "Сэмжид Хужир" сувиллын газраас сүүлийн 14 хоногт хэвтэн эмчлүүлээд Дархан-Уул аймагт ирсэн мэдээллийг шүүж үзэхэд өчигдрийн ирсэн 10 иргэнээс гадна долоон иргэн ирсэн байгааг тогтоосон. Өчигдөр шөнө тухайн долоон иргэнээс шинжилгээ авахад гуравдугаар сарын 12-нд ирсэн гэр бүлийн хоёр иргэний хариу эерэг гарлаа. Ийнхүү “Сэмжид Хужирт” амралтын газраас ирсэн Шарын гол сумын долоон иргэнээс халдвар илэрлээ. Ойрын хавьтлын 139 иргэнийг гэрийн хатуу хөл хорионд байлгах, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Нэмэлт:

Дархан-Уул аймагт Өвөрхангай аймгийн сувилалд амраад ирсэн гурван хүнээс Covid-19 халдвар илэрч, шинжилгээний хариу нь батлагджээ. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас өчигдөр /2021.03.22/ өдөр 16.00 цагийн орчимд мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд амарч, Дарханд ирсэн 17 иргэнээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авахад 19.30 цагийн байдлаар эхний гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Батлагдсан гурван тохиолдлын хоёр нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэн энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дарханд очжээ. Халдвартай иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааны ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэжээ.

“СЭМЖИД ХУЖИРТ” СУВИЛАЛД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Иймд сэжигтэй тохиолдол илрүүлэх хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийсэн байна.

Өчигдрийн 21.00 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарсныг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, түргэвчилсэн оношлуураар Хужирт суманд ес, Хархорин суманд хоёр, Арвайхээр суманд нэг иргэний шинжилгээ сул эерэг гараад байна.

Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR шинжилгээг авч, ХӨСҮТ-рүү болон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд илгээжээ.

Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс хойш амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилснаар тус сувилалд гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан дөрвөн иргэний PCR шинжилгээ батлагдсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сум доторх хөдөлгөөнийг долоо хоногоор хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж