Зэсийн хомсдол 10 сая тоннд хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Зэсийн хомсдол 10 сая тоннд хүрч болзошгүй

Зэсийн хомсдол 10 сая тоннд хүрч болзошгүй

Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Цахилгаан, хот барих дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи зэрэг орчин үеийн амьдралыг бий болгоход зэс чухал үүрэгтэй. Гэвч нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй бол их хэмжээний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа зэсийн төлвийн талаарх мэдээллийг онцоллоо.

Шинжээчид ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн зах зээлд зэсийн хомсдол үүсэх магадлалтайг анхааруулж байна. “Mining”-д мэдээлснээр, “CRU Group”-ийн шинжээчид 2030 он хүртэлх хугацаанд жилд 4.7 сая тонн зэсийн хомсдол үүсэх магадлалтай бөгөөд хомсдолыг нөхөхийн тулд 100 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэж тооцоолжээ. “Trafigura Group" зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол хомсдол 10 сая тоннд хүрэх магадлалтай гэж үзэж байна.

Зэсийн хомсдолыг нөхөхийн тулд Чили дэх дэлхийн хамгийн том “Escondida” уурхай шиг найман уурхай барих шаардлагатай. Энэ нь цахилгаан автомашины үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний шилжилтэд голлон ашиглагдах металл болох зэсийн эрэлт огцом өсч буйтай холбоотой юм байна.

“Citi” банкны шинжээч Оливер Нюжент “Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын улмаас улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалт хийсний дүнд аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан ч ахуйн хэрэглээ, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэйг тэрбээр дурджээ. Мөн орон сууцны худалдан авалт өсч буй зэрэг нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс юм.

“World Bureau of Metal Statistics”-ийн судалгаагаар, 2020 оны эхний 11 сард дэлхийн зах зээл дээр 1.2 сая тонн зэсийн хомсдол үүсчээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд дэлхийн зэсийн эрэлт 5.5 хувиар нэмэгдэж, 22.97 сая тоннд хүрсэн байна. Зөвхөн Хятад улсын зэсийн хэрэглээ 16.6 хувиар өсч, 13.45 сая тонн болжээ.

Лондоны Металлын биржид Даваа гаригийн өглөөний байдлаар зэсийн фьючерс үнэ 0.02 хувиар өсч, тонн нь 9057 ам.доллар болоод байсан бол “Profinance”-д мэдээлснээр, мөн өдрийн орой тонн зэсийн үнэ 9123 ам.долларт хүрч, 0.57 хувиар өссөн байна.

Сарын өмнөх энэ өдөр (2021.02.23) Нью-Йоркийн “Comex” биржийн Даваа гаригийн арилжааны явцад зэсийн үнэ нэг тонн нь 9294 ам.долларт хүрч, 3.49 хувиар өссөн. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт бөгөөд тухайн үед Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10190 ам.долларт хүрч байсныг “Bloomberg” агентлаг мэдээлсэн билээ.

Зэсийн фьючерс хэлцлийн үнэ 2020 оны гуравдугаар сараас эхлэн өсч буй бөгөөд түүнээс хойш 101 хувиар нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчид энэхүү металлын эрэлт огцом өснө гэж таамаглаж буй. Цар тахлын дараа эдийн засаг сэргэж, зэсийн зах зээл дэх эрэлт нэмэгдэж, цаашдаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашинд шилжих үйл явц эрчимжихийн хэрээр улам өснө гэдгийг хэлж буй юм. Учир нь, тэдгээрийг үйлдвэрлэхэд никель, зэс, лити болон бусад металл ихээр шаардагддаг.

"Bloomberg"-т “Эрэлт нэмэгдсэн, зарим үйлдвэр, ялангуяа Хятадад үйлдвэрлэлийн ашиг буурсантай холбоотойгоор нийлүүлэлт буурна. Ашиг буурч байгаа нь зарим томоохон үйлдвэр үйлдвэрлэлээ өсгөхөд хүргэж магадгүй” гэж бичжээ.

Тус агентлагийн мэдээлснээр,  Олон улсын санхүүгийн томоохон конгломератуудын нэг болох, “Citigroup”-ийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн түүхий эдийн судалгааны газрын дарга Макс Лейтон "Зэсийн үнийг өсгөхөд нөлөөлсөн хүчин зүйлс их. Хамгийн өөдрөг олон үйл явдал ойрын хэдэн сарын хугацаанд бодит байдал дээр бий болно. Тиймээс ойрын ирээдүйд зэсийн үнэ нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ гэж бодож байна" хэмээн хэлжээ.

Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк ч мөн зэсийн зах зээл өснө гэж таамаглаж буйгаа танилцуулсан. Тус банкны шинжээчид 2021, 2022 онуудад зэсийн дундаж үнэ тогтмол өндөр байх төлөвтэй байгааг онцолжээ.

Тэд энэ онд зэсийн дундаж үнэ 8625 орчим ам.доллар байх бөгөөд 2022 онд тонн нь дунджаар 9175 ам.доллар болж өснө гэж үзсэн бол “Goldman Sachs”-ийн шинжээчид өмнө нь зэсийн үнэ нэг тонн нь 7500 ам.долларт хүрч өснө гэж таамаглаж таамагласан байна.

“Mining Intelligence” байгууллага дэлхийн зэсийн 10 том төслийн ордын нөөц, олборлолтын хэмжээгээр нь эрэмбэлсэн жагсаалтаа танилцуулсан. Олон улсын “International Copper Study” группийн судалгаагаар, сүүлийн арван жилд дэлхийн зэсийн эрэлт тасралтгүй өсчээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээллээр, өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 сая тонн зэс олборлосон бол нээсэн ордуудад нийт 2.1 тэрбум тонн зэсийн нөөц байгаа ажээ.

Дэлхийн зэсийн хамгийн том төсөл бол “Kamoa-Kakula” юм. Канадын “Айвенхоу Майнз” компани тус төслийг Хятадын “Zijin Mining”-тай хамтран эзэмшдэг. Алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс зэсийн олборлолтыг ирэх долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Бүрэн хүчин чадлаараа жилд 18 сая тонн хүдэр олборлосноор “Kamoa-Kakula” төсөл дэлхийн хоёр дахь том зэсийн орд болно гэж тус компани үзэж, урьдчилсан байдлаар жилд 700 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.

Жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, АНУ-ын Аляскийн нутаг дахь “Pebble” төсөл нь зэс-алт, молибдений орд юм. Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар АНУ-ын байгаль орчны байгууллагаас уг төсөлд ус ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзжээ. “Pebble” төслийг хэрэгжүүлэгч “Northern Dynasty Minerals” компани уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар төлөвлөсөн байна. Эл ордын олборлолтын нөхцөл хүнд бөгөөд байгалийн онгон дагшин бүс нутагт оршдог онцлогтой аж.

Забайкалийн хязгаар нутаг дахь “Удокан” төсөл гуравдугаарт эрэмбэлэгджээ. Энэхүү ордыг 1949 онд нээсэн бөгөөд ордыг ашиглахаар оросууд сүүлийн 15 жил бэлтгэж буй юм. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд УБҮ-ийн барилгын ажил 40-45 хувьтай явагдаж байгаа аж. Ирэх 2022 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар бөгөөд төслийг хэрэгжүүлэгч “Байкалийн уулын компани” нэгдүгээр сард нэрээ өөрчилж, “Удоканы зэс” болгосон билээ.

Монгол Улсын 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар тонн байхаар тусгасан. Ханшийн уг төлөвөөр Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг орох ба нийтдээ зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга ирэх онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ.

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Ирэх 2021 онд зэсийн ханш 7500 ам.доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлвөл улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ даруй 15 хувиар өсч, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоолол гаргажээ.

Ер нь цаашдаа цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд Монголын эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж