Нийслэлийн төв хэсэг Сүхбаатарын талбайгаас Улиастайн эцэс хүртэл 20 гаруй километр. Хотын төвөөс алсрах тусам гэр хорооллын эгэл бор амьдрал улам тодорно. Энэ хооронд амьдарч буй хүмүүсийн амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Уул мэт өгсүүр гудамжаар залхуутай гэгч өгсөх хүмүүсийн дүр зураг гэр хорооллын хаана ч адил. Хоногийн хоолоо аргацаахын тулд дэлгүүрт өр тавих ээж, айлын эзэнгүй хашаанд ганц нэг юм мултлан суух залуус, гудамжны үзүүрт эвдэрхий унадаг дугуйгаар тоглох хүүхдүүд. Энэ бол гэр хорооллын бодит дүр зураг.
Хотын төвөөс гарахдаа бид ямар айлд очихоо мэдэхгүй явсаар 14.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн эцэст ирлээ. Айлын хашаанд шахмал түлшний уут, хаа сайгүй хийсч, эвдэрхий эд зүйлс энд, тэнд хөглөрнө. Хашааны гадаа 9-3 насны дөрвөн хүүхэд шахмал түлшний үнс бие, биерүүгээ цацаж тоглож байв. Хүүхдүүдийн өмссөн хувцас хир даагь болж, ямар өнгөтэй нь ч мэдэгдэхгүй болжээ. Үүнээс харахад тэднийг анхаарах том хүнгүй юу гэлтэй.
Гэр дотор орвол гаднахаас ч дор орчин угтах нь тэр. Гэрийн булан бүрт овоолоостой хиртэй хувцас хөглөрч, хэд ч хоногийн өмнө хийсэн юм гэмээр хатсан мантуу, шалаар дүүрэн тоос шороо. Ийм хүнд нөхцөлд энэ олон хүүхэд өсч, торниж байна гэж бодохоор элэг эмтрэм байсныг нуух юун.
М.Өнөржаргал нөхөр гурван хүүхэд, хоёр хүүхэдтэй эгчтэйгээ хамт өнөр өтгөн нэг гэрт амьдардаг. Тэрбээр 25 настай, гэртээ ажилгүй суугаад олон жил болжээ. Нөхөр нь архи дарс хэрэглэдэг байсан ч саяхнаас төлбөртэй зогсоолд машины зохицуулагч хийгээд архинаас холдсон гэх. М.Өнөржаргалынх хороо болон халамжаас авч болох хандив, тусламж, хоол хүнс, хувцас хунар бүгдийг нь авдаг ч өнөөдрийг хүрсэн ч өөдлөөгүй гэдгийг хорооны хэсгийн байцаагч хэлэв.
“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог. Ядуу гээд хиртэй хувцастай явж болохгүй” хэмээн талийгаач Б.Тунгалаг “Танайд хоноё” нэвтрүүлгийн үеэр бор гэртээ цэмцийж суугаад ярьсан нь заримд нь нэгийг бодогдуулсан бас ухааруулсан.
Гэтэл хүнсний талоны 70 мянган төгрөг, хүүхэд бүрийнхээ тоогоор 100 мянган төгрөг авдаг М.Өнөржаргалыг арчаагүйдээ ингэж амьдарч байгаа гэж халаглан ярих хүмүүс олон.
Өвөл ч хүүхдүүдээ олигтой дулаахан хувцасладаггүй, нүцгэн шахуу явуулдаг гэдгийг хамар хашааны хүмүүс нь хэлж байсан юм.
БИ ГАНЦААРАА БОЛОХООР ЭНЭ ТАВАН ХҮҮХДИЙГ ӨСГӨХӨД ХҮНД БАЙНА
М.Өнөржаргалаас хүүхдүүдэд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг цуглуулаад ар гэрээ өөд нь татах хүсэл бий эсэхийг асуухад “Өглөө гэрээ цэвэрлэсэн ч хүүхдүүд буулгачихдаг. Хүүхдүүд гэрээс гараад үнсээр ч тоглоно. Тоглохгүй зүйл гэж байхгүй. Би ганцаараа болохоор энэ таван хүүхдийг өсгөхөд хүнд байна. Дээрээс нь миний зүрх муу учраас хүүхдүүдтэйгээ байнга зууралдаж чаддаггүй” гэх тоомжиргүй хариулт өгөв.
Баянзүрх дүүргийн иргэдийн 25 орчим хувийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд эзэлдэг. Тиймдээ ч ямар ч орлогогүй хүүхдийн мөнгөөр амиа зогоодог хэрнээ ажилд оруулаад өгөхөөр ганц нэг өдөр явчихаад гарчихдаг, архи уудаг өрх ч бий гэнэ. Халамжаас мөнгө өгөхгүй, хамруулахгүй, ажил хий гэхээр авах ёстой гээд хүүхдээрээ түрий бариад хорооны ажилчдыг дайрч загнах асуудал ч энүүхэнд. Яг ийм л бидний мэдэхгүй, төсөөлөөгүй амьдрал хотыг хэрсэн гэр хороолол дунд элбэгшжээ.
Дээрх өрхийн аж байдлаас харахад халамжийн бодлого хавтгайрч, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна гэсэн шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй. Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг бөгөөд нэг ажилчин гурван халамж авагчийг тэжээж байна гэх судалгаа ч бий. Товчхондоо халамжийн бодлого нь иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд ийнхүү амтшихад хүргэсэн гэхэд буруудахгүй болов уу.
Ц.НАРАНЦЭЦЭГИЙН ТУЙЛЫН ХҮСЭЛ НЬ АЖИЛД ОРОХ
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хөл хорионы улмаас ажилгүй болсон иргэдийн олонх нь 45-аас дээш насныхан юм. Хөл хорионы улмаас ажилгүй болсон эрчүүд архинд орж, арай овсгоотой нь самранд явж хоолны мөнгөө олох болжээ. Ажилгүй болсон иргэд хорооноос хоол, хүнс нэхэхгүй гагцхүү “Ажил байна уу”, “Ажил хиймээр байна” гэж хандах нь эрс ихэссэн байна.
Тэдний төлөөлөл бол Ц.Наранцэцэг юм. Тэрбээр гэрийнхээ ойролцоох цайны газарт тогооч хийдэг байжээ. Гэсэн ч 2020 оны арваннэгдүгээр сараас хойш гэртээ нам суусан. Энэ хугацаанд ажлаасаа ч халагдаж ямар ч орлогогүй болжээ. Түүний хувьд хүүхдийн мөнгө, хүнсний талон зэргийн аль алийг нь авдаггүй учраас амьдралаа залгуулахад хүндхэн байгаагаа нуугаагүй юм. Ц.Наранцэцэгийн хүүгийн хувьд хууль хүчний байгууллагад ажилладаг байсан ч мөн л саяхан цомхотголд оржээ.
Тэрбээр “Засгийн газраас гэрэл тог, усны мөнгө, нүүрсний үнийг хямдруулсан тулдаа энэ өвөл зутрахгүй өвөлжсөн. Түүнээс биш ахуй амьдрал бүр доройтох байлаа. Ажлын зар харахаар нас заасан байгаа нь хэцүү юм. Олдсон ажлыг голохгүй хийе гэхээр 45 настай гээд насыг минь голоод авдаггүй. Цайны газарт угаагч ч хамаагүй хийе гэхээр олдохгүй байна гээд л бод. Би элдэв хандив, тусламж гуйсангүй. Надад зөвхөн ажил байхад л болно. Ажилтай л бол би өөрийгөө хангалттай аваад явчихаж чадна” гэлээ. Түүний найз нь өнөөдөр хэдэн өдрийн хоолны мах дөхүүлж өгсөн учраас "Цуйван сэгсэрнэ" хэмээн хүүтэйгээ баяртайгаар ярилцана. Өөрсдөө ч олигтой хоол унд идэхгүй болохоор хашаа манадаг нохой нь хүртэл хоолгүй хонох болжээ. Тиймээс Ц.Наранцэцэг аргаа ядаад өмнө нь ажиллаж байсан цайны газрааасаа нохойн хоол олж ирдэг болсон байна.
Хамгийн сүүлд Баамын арван байрыг зорив. Тус байранд Ж.Ууганцэцэгийнх амьдардаг. Тэрбээр уг нь тогооч мэргэжилтэй ч хүүхдүүдээ хараад гэртээ суух болжээ. Түүний нөхөр сантехникч, гагнуурчин мэргэжилтэй. Гэвч хөл хорионы үеэр мөн л ажлаасаа халагдсан байна. Одоо тэд бага хоёр хүүхдийнхээ 200 мянган төгрөгөөр л амьдралаа залгуулж байгаа аж. Нөхөр нь ажил хайж байгаа ч тусыг эс олно. Тэрбээр “Хүүхдийн мөнгөөр 10 хоногийн хоолны мах, гурил, будаа, ургамлын тос гээд жижиг сажиг юм аваад л дуусчихна. Манайх хүнсний талон авдаггүй. Харин саяхнаас хорооноос хүнсний талонд хамрагдахаар судалгаагаа дахиж өгөөрэй гэж хэлсэн. Бид аппликейшний зээлээ дарахын тулд хүүхдийнхээ хадгаламж руу хүртэл орсон. Хүүхдийн мөнгө буухаар зээлээ сунгуулдаг. Сүүлдээ ломбарданд тавих олигтой зүйлгүй болсон. 2-3 удаа сунгуулаад авч чадахгүй алддаг” гэлээ.
Дээрх Баамын арван байранд 164 өрхийн 600 гаруй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн асуудал хурцаар хөндөгдөх аж. Уг нь тус байрыг 2014 онд нийслэлийн дахин төлөвлөлтөд оруулахаар тендер зарласан боловч одоо болтол компани сонгогдоогүй аж. Гаднаа бие засах газар, муу усны цооногтой учраас зундаа үнэр, танар ихтэй, өвөлдөө хөлдүүс үүсгэдэг учраас ийм орчинд Covid-19 халдвар тархахгүй гэсэн баталгаа ч алга. Үүнээс гадна дээрх байр орчимд үүсээд олон жил болсон хогийн цэг өнөөдөр ч бахь байдгаараа. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад ч хүндрэлтэй гэдгийг энэ хавийн оршин суугчид хэлж байв.
Зөвхөн нэг дүүргийн нэг хорооны гурван өрхөөр ороход бодит төрх, нөхцөл байдал ийм байна. Бид илүү, дутуу хачиргүй цар тахлын үед захын гэр хорооллын иргэдийн амьдрал, амьжиргаа, цар тахлын халдвараас сэргийлэх арга хэмжээ хүндээ, хороондоо хүрч байгаа эсэх гээд бодит төрхийг эрэлхийлж, сурвалжлав.
Нийслэлийн хороо, хэсэг бүр өнөөдөр Сovid-19-ийн эрсдэлийн бүс болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Хүн амын дийлэнх хувь нь амьдарч буй гэр хороололд халдвар тархах эрсдэл ч хамгийн өндөр байгаа. Гэтэл цар тахлаас үүдэлтэй хөл хорио захын хорооллын айл, өрхүүдэд хэрхэн нөлөөлж байгаа, амны хаалтаа авахаас илүү талхаа авах сонголттой ийм бүлэг бүх дүүрэгт бий. Ийм иргэд, тэдий хүүхдүүдийг халдвараас хамгаалах, эрүүл мэндэд нь анхаарч, орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол маскны ч мөнгөгүй олон өрх бидэнтэй зэрэгцэн амьдарч байна. Нөгөө талдаа төр өөрөө халамжийн бодлогоо хэт хавтгайруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байгаа зэрэг олон нөхцөл ч бий.
Гэр хорооллоор ороод гарсан гурван айлын бодит зураг ийм байв. Ийнхүү өдөр, өдрийнхөө хоолыг зээлээр авч буй өрхүүдэд хөл хорио том цохилт болж, өрх бүрт ажилгүй хүний тоо нэмэгдэж байна. Халдварт өвчнөөс бүх нийтээрээ сэргийлж байгаа энэ цаг үед нөхцөл байдал хүндэрвэл та бидний мэдэхгүй, төсөөлөөгүй тийм бүхэл бүтэн бүлэг хүмүүс хамгийн их хохирохоор байгааг анхаарна биз ээ, албаныхан.
Холбоотой мэдээ