Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй боксчдоос анх удаа олимпийн эрх авсан М.Мягмаржаргал болон түүний дасгалжуулагч Д.Төрбат нартай ярилцлаа.
-Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээж, түүхийн эзэн болсон танд баяр хүргэе. Сэтгэл хэр их хөдөлж байна?
-Анхдагч гэсэн нэр хүнд, амжилтыг дагаад асар их хариуцлага ирж байна. Олон улсад М.Мягмаржаргал бус Монгол гэсэн нэр л гарна. Тийм учраас үүрэг хариуцлагаа их ухаарч байгаа.
-Сүүлийн хэд хоног та үнэхээр олны анхааралд өртлөө. Хүмүүсийн хандлага, харилцаа хэр өөрчлөгдөж байна?
-Одоохондоо нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Харин өөрийнхөө үг, үйлдэлд их анхаардаг болсон. Гудамжаар явахдаа хүртэл алхаа гишгээ, үйлдлээ хянаж, Сovid-19-ийн халдвар авах вий гэж болгоомжтой байдаг боллоо. Мөн хөл, гараа гэмтээхгүй, бэлтгэлдээ хурдан орчих юмсан л гэж бодож байна.
Урьдынхаасаа илүү хариуцлагатай болоод байгаа юм шиг санагдаж байна.
-Таныг нуруундаа гэмтэл авсан гэж дуулсан. Бэртэл нь илааршиж байна уу?
-Нуруу минь өвдөөд байсан болохоор өнгөрсөн долдугаар сард эмнэлэгт үзүүлэхэд нэлээн асуудалтай болчихсон байсан. Тэр цаг үеэс хойш маш сайн эмчилгээ хийлгэж, гам барьсан. Сая гуравдугаар сарын эхээр MRI зураг авахуулсан чинь өмнөхөө бодвол хамаагүй дээрдсэн байсан. Одоо дахиад хэсэг эмчилгээ хийлгэвэл бэлтгэлдээ орж болно гэсэн. Бэлтгэлдээ орж болно гэдгээ сонсоод төд удалгүй олимпийн эрх авснаа мэдсэн дээ.
-Олимпийн эрх авснаа хэрхэн мэдэв?
-Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах ах маань надад энэ баярт мэдээг дуулгасан. Тэрбээр гуравдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 26 минутанд залгаж, олимпийн эрх авсныг минь хэлсэн. Тэгж л анх мэдсэн дээ. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй тэмдэглэлт өдөр тохиосон.
– Чансааны хувьд доор байсан шүү дээ. Олимпийн эрх авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Өнгөрөгч хоёрдугаар сард Буянаа багш над руу залгаад “Мийгаа олимпийн эрх олгох тэмцээн байхгүй. Чансаагаар нь эрх олгох юм байна. Чи 15 дугаар байранд бичигдэж байна” гэж хэлсэн. Тухайн үед надтай адил оноотой Солонгосын тамирчин байсан л даа. Тэгтэл Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Батнасан ах маань миний "Дэлхийн аваргын ялалтын оноог оруулаагүй байна" гэж Олон улсын олимпийн хороо руу хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Олон улсын олимпийн хороо хянаж шалгаад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оноог нөхөн олгож, миний чансаа дээшилсэн дээ.
"ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ШИГШЭЭ БАГААС ХАССАН Ч БУЦААД ШИГШЭЭДЭЭ ОРЖ БАЙГАА"
-Шигшээ багаас таныг хассан гэсэн. Энэ яг юу болж өнгөрсөн юм бэ?
-Өнгөрсөн жил Йордан улсын Амман хотод олимпийн эрх олгох тэмцээнд оролцоод ирсний дараа нуруу минь өвдөж эхэлсэн. Долдугаар сараас хойш огцом, эрчимтэй бэлтгэл хийгээгүй. Ачаалалтай бэлтгэл хийхээр л өвдөөд байсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сар хүртэл шигшээ багийн тамирчин гэж цалин авч байгаад энэ оны нэгдүгээр сард эмч нар эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэхээр Найрамдлын бэлтгэлээс буучихсан. Тэр үеэр л шигшээ багаас түр хасчихсан байсан. Одоо эргүүлээд шигшээ багт авч байгаа.
-Хэзээнээс олимпийн бэлтгэлдээ орох гэж байна. Эмчилгээ дуусахад хэд хоног үлдсэн бэ?
-Одоо долоон хоногийн л эмчилгээ дутуу байна. Дуусгаад л шууд Хандгайтын цугларалтанд очно доо.
-Олимпийн эрх олгох тэмцээнээс хойш тэмцээн уралдаанд оролцоогүй юу?
-Тийм ээ. Йорданд тэмцээнд оролцож байх үеэр Монголд Сovid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, бид тусгай үүргийн онгоцоор ирж байлаа. Тэрнээс хойш тэмцээн уралдаанд оролцсонгүй. Мэдрэмж маань ч алдагдаагүй байх. Өмнө нь сар бүр л тэмцээнд оролцоод формтой байсан.
-Д.Төрбат багштайгаа хэчнээн жил хамтарч ажиллаж, хэдэн тэмцээнийг нүүр үзэв?
-Найзыгаа дагаад л анх “Ширэн бээлий” клубд ирж, Д.Төрбат багштайгаа танилцаж байлаа. Анх боксоор хичээллэж эхэлсэн цагаасаа л Төрөө багштайгаа хамт явж байна. УАШТ, дэлхийн аварга гээд үргэлж л хажууд минь байдаг.
-Д.Төрбат багш танд юу гэж зөвлөдөг вэ?
-Багш “Мийгаа чамд боломж бий. Зоригтой, бяртай тулалд” гэж захидаг даа.
-Бокс их ачаалалтай, стрессдүүлдэг спорт. Чөлөөт цагаараа хэрхэн өөрийгөө амраадаг вэ?
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, найзуудтайгаа ууланд гардаг. Би өөрөө их нээлттэй, найз нөхөд олонтой. Стрессдэх тохиолдлууд их гарна. Хэцүү бэлтгэлийн дараа, харамсалтайгаар ялагдах зэрэг асуудлууд дээр стресстэнэ. Дотны хүмүүс, багштайгаа л ярилцаж, уур бухимдлаа гаргадаг даа. Ер нь ярилцахаар л хүн тайвширдаг юм шиг ээ.
"ОЛИМПООС ХООСОН ИРЭХГҮЙ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА"
–Та өөрөө ч том зорилготой Токиог зорих байлгүй. Олимпийн наадмыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Олимпийн наадмыг үнэхээр агуу гэж боддог. Дэлхийн шилдэг тамирчдын гялалздаг газар шүү дээ. Одоо энэ агуу зүйлийнхээ нэг хэсэг болох гэж байгаад баяртай байна. Үе үеийн мундаг тамирчид, дасгалжуулагчдынхаа үгийг сонсч, бэлтгэлээ хийж олимпиос хоосон ирэхгүй л гэж бодож байгаа.
-Анх боксын спортоор хичээллэж эхлэхдээ олимпод оролцоно гэж мөрөөдөж байв уу?
-Ёстой тэгж бодож байгаагүй. Анх бол Улсын аварга л болно гэж мөрөөддөг байсан. Дараа нь олон улсын тэмцээнд түрүүлэхийг хүсдэг болоод удалгүй олимп, дэлхийн аваргад оролцохыг хүссэн. Хүн чинь өөрөө их давруу юм байна лээ. Бага багаар хүсэл мөрөөдөл минь томорсоор л байсан.
-Таныг дэмждэг гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлэх үг бий юу. Та асар их хүлээлтэнд дунд орчлоо.
– Ард түмнийхээ итгэлийг алдахгүй гэж хичээнэ. Мөн намайг үргэлж хурцалдаг, дэмждэг, тусладаг гэр бүл, найз нөхөд, боксын хамт олондоо баярлалаа гэж хэлье. Олимпод оролцоно гэхээр асар их хариуцлага ирж байгаа. Үүнийгээ ухамсарлаж, бэлтгэлээ маш сайн хийж, та бүхнийгээ баярлуулна.
"М.МЯГМАРЖАРГАЛ ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ БОЛСОН АНХНЫ ШАВЬ МИНЬ "
Үүний дараа М.Мягмаржаргалын дасгалжуулагч Д.Төрбаттай ярилцлаа.
-Шавь нь олимпийн эрх авсанд баяр хүргэе. Багш, шавь хоёр энэ мөчийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн байх?
-Хүний амьдралд олон баяр баясгалантай зүйл тохиолддог л доо. Миний амьдралд шавь минь олимпийн эрх авч баярлууллаа. Олимпийн хороо, боксын холбооноос баяр хүргэлээ. Монголын боксын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал тохиож, анх удаагаа эмэгтэй боксчдоос М.Мягмаржаргал олимпийн эрх авлаа.
-М.Мягмаржаргалтай холбогдсон түүх уншигчдад сонин байх болов уу?
-Манай “Ширэн бээлий” клуб анх 2007 онд байгуулагдсан. М.Мягмаржаргал над дээр хожим нь буюу 2012 онд ирж байсан юм. Миний дугуйланд явдаг байсан Залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн хүрэл мөнгөн медальтай Ч.Нямсүрэн гэж охин бий. "Аварга" дээд сургуульд сурдаг тэр охин маань “Багшаа би ангийнхаа хүүхдийг дагуулаад ирье” гэж надад анх хэлж байсан. Тэгээд л М.Мягмаржаргалыг дагуулж ирсэн дээ.
Тухайн үед М.Мягмаржаргал 20 настай, "Аварга" дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг, спортлог охин байсан. Спортын хүн гэдэг утгаараа бокс тоглоход дөхөм, биеийн хөгжил сайтай хүүхэд ирсэн. Ингээд бид хоёр 2012 онд бэлтгэл хийж эхлээд зургаа, долоон сарын дараа л шавь маань Хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, УАШТ-аас мөнгөн медаль тус тус хүртсэн.
-Таны шавь нараас хэчнээн олимп, дэлхийн тамирчин медальтан төрөв. М.Мягмаржаргалын хувьд олимпийн эрх авсан анхдагч нь уу?
-Олимпийн наадамд оролцох болсон анхны шавь минь М.Мягмаржаргал. Тамирчин хүн олимпийн аварга болохоос илүү оролцоно гэдэг их том амжилт. Шавь маань аварга болно л гэсэн бодолтой байгаа байх. Миний шавь нараас Дэлхийн аваргад орсон хоёр тамирчин бий. Тэрний нэг нь М.Мягмаржаргал.
Зүгээр ч нэг оролцоогүй өнгөрсөн жил шагналт тавдугаар байр эзэлсэн шүү дээ. Боксын шигшээ багт миний удирдлага дороос 17-18 тамирчин орсон байдаг юм. Өнгөрсөн жил гэхэд таван шавь минь үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа.
-Шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Манай клуб байгуулагдаад 14 дэх жилээ үзэж байна. Боксоос гадна холимог тулаан, кикбокс зэрэг тулааны бусад төрлийн хүүхдүүдийг бэлддэг. Хүүхдүүдийн гарыг бэлдэж өгдөг. Манай клубээс төрөн гарсан гадны тэмцээнүүдэд тулалддаг тамирчдын гар их сайн.
Тамирчин хүн эрүүл мэндээрээ эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгадаг учир биедээ анхаарал тавиарай гэдэг. Гол нь л эрүүл байх ёстой. Бэлтгэл сургуулилтаа зөв, системтэй хийх хэрэгтэй. Боксын спорт гэлтгүй тулааны спортоор хичээллэдэг тамирчдын бие нь их зөв галбиртай, өв тэгш. Энэ утгаар нь ч хүмүүс их сонирхдог.
–Олимп гэдэг өөр дэвжээ шүү дээ. Эмэгтэйчүүдийн -75 кг-ийн жин хэр өрсөлдөөнтэй вэ?
– Боксын -75 кг бол өрсөлдөөнтэй жин. Монгол хүмүүсийн дундаж жин ч ийм том биш шүү дээ. Монгол улс -60 кг-д олимп, дэлхийн аваргуудтай. Харин -70 кг гэхээр тамирчид цөөрдөг. Тэр тусмаа эмэгтэй тамирчид цөөн. Европ, Америк тивийнхний хувьд 70 кг гэдэг бол дундаж жин. Тийм учраас олимпод -75 кг гэдэг бол их өрсөлдөөнтэй жин. Европ, Америк тивийн шилдгүүдтэй л өрсөлдөнө гэсэн үг. Олимпийн наадамд оролцох шилдэг 16 тамирчны дөрвөөс тавыг нь М.Мягмаржаргал ялж байсан. Бид хоёр ч өрсөлдөгч нараа судалж байна. Медаль авъя л гэсэн зорилготой байгаа даа.
–Монголд эмэгтэй боксчдын карьер их богинохон юм шиг санагдсан. М.Мягмаржаргалын онцлог давуу талыг нь дурдаач?
-Миний шавь боксдоо их үнэнч, шударга, тууштай. Олон сайхан тамирчид байсан ч хэн нь ч ийм хол яваагүй. Үүгээр нь л би их бахархаж байна.
-Олимпийн наадам хаяанд иржээ. Шавьдаа хандаж урмын үг хэлээч?
– Шавьдаа олимпиос медаль авчраарай л гэж хэлмээр байна. Монгол хүн дэлхийд өөрийгөө харуулах, эх орныхоо нэрийг гаргах боломж. Монголын эмэгтэй боксчин олимпиос медаль хүртэнэ гэдэг чинь түүх. Шигшээ багийн багш, дасгалжуулагчид болон хоёулаа зүтгэнэ.
"М.Мягмаржаргал гэж биш Монгол Улсын нэр гарах учраас маш их хариуцлагатай байх ёстой"
Posted by News.mn on Monday, March 22, 2021
Холбоотой мэдээ