Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог нь уламжлал болжээ. Нийслэлийн статистикийн газрын үнэ ханшийн мэдээллээр үхрийн цул мах килограмм нь 12-14 мянган төгрөг, хонины мах кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ нь гурван сарын хугацаанд махны үнэ 1000-2153 төгрөг хүртэл нэмэгдсэн дүн юм.
НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ САРЫН 29-НӨӨС ХУДАЛДААНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Махны үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед нөөцийн махны худалдаа нийслэлийнхэнд хүлээлт үүсгээд буй. Гуравдугаар сар дундаа орсон үед хямд үнэтэй мах иргэдийн гар дээр очсон байх ёстой ч өнөөдөр захын аль ч дэлгүүрт нөөцийн мах худалдсангүй. Өнөө жил нийслэлийнхний хаврын махны хэрэгцээнд зориулж 11 мянган тонн мах бэлтгэж нөөцөлжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр нөөцийн махыг энэ сарын 29-нөөс худалдаанд гаргахаар тооцсон байна. Тодруулбал, энэ жил нөөцийн махны үнийг 2020 оныхоор тогтоож, 1 кг нь 7000 төгрөгөөс хэтрэхгүй байх бодлого барьж байгаа аж. Өнгөрсөн онд үхрийн мах 1 кг кг нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөгийн үнэтэй 230 цэгээр борлуулж байв. Тэгвэл энэ жил 300 цэгт нөөцийн мах борлуулахаар төлөвлөжээ.
Хэдийгээр энэ жил махны үнэ өссөн ч нөөцийн махны үнэд өөрчлөлт орохгүй, үнийг тогтвортой барих бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ баримталж байгаа гэв.
Энэ хүрээнд нөөцийн махны үнэ ханшийг Засгийн газрын энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоох юм. Нөгөөтэйгүүр, салбарын яам нөөцийн махны үнэ ханшийг тогтооход аж ахуйн нэгжүүдтэй нэгдсэн тохиролцоонд хүрээгүй гэх.
ХХААХҮЯ-аас мах бэлтгэлийн компаниудад нөөцийн махны үнийг хямд үнээр борлуулах санал тавьжээ. Гэвч зарим компани нь салбарын яамны санал болгосон үнэ ханштай санал нийлэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон мах бэлтгэлийн компаниудын хооронд үүссэн үл ойлголцлын улмаас нөөцийн махны худалдаа энэ жил оройтсон бололтой.
Мах бэлтгэгч компаниудын зүгээс цар тахлын улмаас хөл хорионы үед дотоодын хүнсний хангамжийг тасалдуулахгүй байхын тулд багагүй хүндрэл гарсныг учирлаж байна. Гэсэн ч зарим аж ахуйн нэгж ХХААХҮЯ санал болгосон үнээр гэрээний дагуу мах нийлүүлэх тул ашиг харахгүй гэх байр суурийг илэрхийлэв.
ХӨЛ ХОРИО МАХ БЭЛТГЭЛ, НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА
“Нүүдэлчин” ХХК-ийн захирал О.ГАНТУЛГА:
-Жил жилийн хаварт махны үнэ өсдөг тул намар нь мах бэлтгэх компаниудыг сонгон шалгаруулдаг. Шаардлага хангасан компаниуд мах нийлүүлдэг. Манай компани гурав дахь жилдээ мах бэлтгэн нийлүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Засгийн газраас махны үнийг бууруулах зорилгоор нөөцийн мах жил бүр худалдаанд гаргадгийг та бүхэн мэднэ. Нөөцийн махны үнийг Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар тогтоох байх.
Урьдчилсан байдлаар, нөөцийн мах өмнөх жилийн үнэ ханш өөрчлөгдөхгүй, үхрийн мах кг нь 7700, хонины мах кг нь 6700, ямааны мах кг нь 6200 төгрөгөөр худалдаанд гаргана. Гэхдээ салбарын яамнаас өнгөрсөн жилийн үнийг илүү бууруулах, нөөцийн махны үнээ тогтвортой барих санал тавьж байна.
Нөөцийн махны үнэ нэмэгдэхэд, мах бэлтгэлийн үеэр банкны шалгуур хангахтай зэрэгцэн хөл хорионы улмаас орон нутгаас ирэх махны нийлүүлэлт тасарсан. Улмаар орон нутгаас мах бэлтгэлийн үнэ өссөн. Мөн зүүн гурван аймгуудын нутгаар гандуу байсан болохоор мал туранхай байлаа.
Стандартын дагуу чанартай мах бэлтгэхэд бид илүү анхаарсан. Нийт 530 тонн мах нийлүүлэхээр салбарын яамтай гэрээ байгуулсан ч хөл хорио, үнийн өсөлттэй холбоотойгоор 470 тонныг бэлдэж, худалдаанд гаргахаар бэлдсэн байна. Тэгэхээр бидний зүгээс махны тоо хэмжээ буурсан тул гэрээгээ шинэчлэх шаардлагыг салбарыг яам хүргүүлээд байгаа юм.
Бид зах зээлийн үнээс хямд, мах авснаасаа бага үнээр нөөцийн махаа нийлүүлэх учраас ашиг хараагүй. Тиймээс эрэлтэд ч бас нөлөөлөх байх.
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРАХАД БЭЛЭН БОЛСОН
"Мах Импекс"-ийн хувьд ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээний дагуу 1500 тонн мах бэлтгэж, худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангажээ. Хүнсний дэлгүүрүүдтэй борлуулалтын гэрээгээ байгуулсан гэнэ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй гэв. Гэхдээ нөөцийн мах бэлтгэх үеэр хөл хорио тавьсан учраас орон нутгаас мах орж ирэхгүй хүндрэл бэрхшээл учирсан гэнэ.
Өнөөдрийн байдлаар “Баатрууд Тэнгэр” ХХК, “Мах Импэкс” ХК, “Нүүдэлчин” ХХК, “Цалуут Импекс” ХХК, “Цэц Манхан” ХХК зэрэг 16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг хангажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ