“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй”

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

COVID-19

“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй”

“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй”

МУИС-ийн судлаачид энэ сарын 28-наас хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Тэд хөл хорио тогтоох эсэх, халдварын тархалт зэргийг математик аргачлалаар тооцоолж, ийн хөл хорио тогтоох саналыг гаргаад байгаа юм. Энэ талаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа.


-Судалгааг ямар аргачлалаар боловсруулсан бэ?

-Бид хүн амыг хэсэг бүлэгт хуваагаад, шилжилтийн зүй тогтлыг ажигласнаар тооцдог аргачлал ашигласан. Үүнийг ерөнхийдөө учир шалтгаант загвар гэж нэрлэдэг. Ямар учир шалтгаанаар нийт тохиолдлын тоо болон өдөрт гарах тохиолдлын тоо буурах уу, өсөх үү гэдгийг тодорхойлдог. Уг аргыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлээд ашиглаж байна. УОК-ын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний шуурхай бүлэг гэж байгуулагдаж, физикч, халдварын тархвар судлаачид зэрэг хүмүүс цуг тооцоолол хийж, тооцооллоо улам бүр сайжруулсан. Ингээд бид ямар үед хөл хорио тогтоовол үр ашигтай байх талаарх тооцооллыг хийсээр ирсэн.

-Танай баг өдөрт халдварын 200 гаруй тохиолдол бүртгэгдвэл хөл хорио тогтоох шаардлагатай гэж байсан. Өчигдөр /2021.3.22/ халдварын 210 тохиолдол бүртгэгдлээ. Тэгэхээр вакцинжуулалт эхэлсэн энэ үед хөл хорио тогтоох шаардлагатай юу?

-Халдвар тархалтыг зогсоох арга нь хөл хорио болон дархлаажуулалт. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлж, гуравдугаар сарын 8-наас эрчимжиж байна. Гэхдээ вакцинжуулалтын нөлөө эхний сард гарахгүй. Вакцинжуулалтын нөлөө дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мэдрэгдэнэ. Гэхдээ вакцинжуулалтын нарийн хуваарь байхгүй учраас тодорхой нөхцөлүүдэд тооцоолол хийсэн.

Тухайлбал, Улаанбаатар дахь хүн амыг тавдугаар сарын 1-ны дотор вакцинжууллаа гэж бодоход дөрөвдүгээр сарын сүүлээр өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 250-аар нэмэгдээд явна. Үүнээс хойш дархлаажуулалтын нөлөөгөөр өдөрт гарах тохиолдлын тоо буурна. Ингээд долдугаар сарын 1-нд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурах юм. Харин энэ тохиолдолд хөл хориог гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-нд тогтоовол өдөрт гарах тохиолдлын тоог 200-гаас хэтрүүлэхгүй байх боломжтой.

Харин вакцинжуулалтыг долдугаар сарын 1-нийг хүртэл явуулбал, өөрөөр хэлбэл, вакцинжуулалт сунжирвал өдөрт гарах тохиолдлын тоо 800-д хүрэх магадлалтай. Гэхдээ одоо вакцинжуулалтаа хөл хориотой хослуулбал, өдөрт гарах тохиолдлын тоог хоёр дахин бууруулах боломжтой.

-Судалгаагаар хэд хоног хөл хорих шаардлагатай байна вэ?

-Уг нь хөл хориог ес хоног тогтоох шаардлагатай байгаа. Ингэснээр энэ оны есдүгээр сард нийт халдварын тоог хоёр дахин бууруулах боломж харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт бид тооцоо хийгээд ес хоног хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн. Харамсалтай нь хорио тогтоогоогүй. Гэхдээ хөл хорио тогтоох боломж нь байгаа.

Яах аргагүй нэг юм уу, хоёр удаа хөл хорих шаардлага бол байгаа. Хэдийгээр вакцинжуулалт хийж байгаа ч нөлөөлөл нь гарах болоогүй. Эхний нэг сард өдөрт гарч буй тохиолдлын тоонд нөлөөлөхгүй. Сая хүргүүлсэн санал маань хөл хориог энэ сарын 20-ноос 28-ныг хүртэл тогтоох байсан.

Харин одоо энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хөл хориог тогтоох санал байна. Яагаад гэвэл халдвар тархах эрчимтэй энэ үед халдварын тоо өсчихвөл цаашид хөл хорио тогтоосон ч үр нөлөө нь багасаад ирнэ. Хөл хориог эрт тавих тусам сайн.

"ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛСЭН Ч ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ХАЛДВАРЫН ЭГЗЭГТЭЙ ҮЕ ТААРНА"

МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн

МУИС-ийн судлаачид энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хөл хорио тогтоох санал гаргаад байна. Энэ талаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа.

Posted by News.mn on Monday, March 22, 2021

-Тооцооллоор хөл хорио тогтоогоогүй тохиолдолд халдварын хамгийн эрсдэлтэй үе хэзээ вэ?

-Хөл хорио тогтоохоос өмнөх хоногууд халдварын хамгийн эрсдэлтэй үе. Энэ нь дархлаажуулалт нөлөөлж эхлээгүйтэй холбоотой. Учир нь, нийгэмд халдвар тараагаад явах хүмүүсийн тоо өндөр байна. Харин хөл хорио тогтоохгүй бол тавдугаар сард вакцинжуулалтыг явуулаад дууслаа гэхэд хамгийн эгзэгтэй үе нь дөрөвдүгээр сарын сүүл үе байна. Түүнээс хойш дархлаа тогтсон хүний тоо нэмэгдэх тул халдварын тархалтын тоо нэгээс доош болно. Ингэснээр халдварын тархалтын эрчим харьцангуй бага байх юм.

Эхний графикаас харья, тавдугаар сарын 1-ний дотор вакцинжуулаад, ес хоногийн хөл хорио тогтоочихвол энэ оны есдүгээр сарын байдлаар халдварын тоо 15 мянга орчим болно. Хэрэв хөл хорио тогтоохгүй бол 24 мянга болно. Өөрөөр хэлбэл, ес хоног хөл хорио тогтоосноор нийт тохиолдлыг хоёр дахин бууруулах боломж одоог хүртэл байгаа. Болж өгвөл аль болох эрт хөл хорио тогтоох саналыг хүргүүлж байна.

Халдвар тархалтын хурд гэж бий. Энэ нь нэг хүн хэдэн хүнд халдвар тараах эрчмийн хэмжээ. Халдвар гарч эхлэх үед энэ тоо нэлээд өндөр буюу гурав орчим байсан. Энэ нь хүмүүс маск зүүдэггүй, зай барьдаггүй, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг байсантай холбоотой. Нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-нд халдвар тархалтын эрчим 1.3 болсон. Харин хөл хорионы дараа 1.6 болсон. Халдвар тархалтын эрчим нэг байснаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурдаг. Харин нэгээс их байх тусам халдварын тоо нэмэгдэнэ. Одоогийн байдлаар энэ тоо 1.5 байгаа. Энэ бол нэлээн өндөр тоо. Энэ байдлаараа явбал яах аргагүй хөл хорио тогтоох шаардлагатай байгаа.

-Халдвартай холбоотойгоор эмнэлгийн ачаалал, нас баралт ямар байх вэ?

-Эмнэлгийн ачаалал нь хамгийн чухал. Учир нь, эмнэлгийн ачааллыг хэзээ ч хэтрүүлж болохгүй. Манай улс хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэхээр болсон нь харамсалтай. Учир нь, өвчтөн хайхрамжгүй хандаж хүндрэх эрсдэлтэй. Ингэснээр нас баралтын тоо ихсэх хандлагатай. Нас баралт манайд 1000 хүнд 2-3 байсан бол одоо дэлхийн жишигт буюу 100 хүнд 2-3 тохиолдол руу нэлээд дөхөх болж байна.

УОК-оос дөрөвдүгээр сарын 5-аас хөл хорио тогтоох санал гаргасныг дэмжих үү?

56.71%
43.29%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж