Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүртээлээ | News.MN

Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүртээлээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан:

Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЧИНГИС ХААН” ОДОНГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд аа,

Та бүхэнд Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанад орших мөнх тэнгэр ба замбуутив хэмээх эх дэлхий байжээ.

Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж, 60 жилийн тэртээ сансарт анх хүн нисчээ.

Дөчин жилийн өмнө, 1981 оны 3 дугаар сарын энэ өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 40 минутад Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт Холбоот Улсын иргэн Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт хүн нисгэсэн байдаг бөгөөд Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь хүн болсон түүхтэй.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах зэрэг үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ.

БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа бол Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний бахархал мөн.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр, Монголын алдар сууг дэлхий дахинаа алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бадраасан гавьяаг тань үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “ЧИНГИС ХААН” одонгоор шагнаж байна.

Танд урт нас, удаан жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монголчууд аа,

Монгол Улс хөгжин мандахын үндэс нь эвийн сэтгэл нэгдэж, эх орноо хөгжүүлэх иргэн бүрийн хичээл зүтгэл болохыг санагтун, хичээгтүн.

Монгол түмний шүтээн, Дээр тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монгол төрийн маань сүлд хийморь биднийг ашид мөнх ивээх болтугай!

Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай!” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНТ САНСРЫН НИСЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧАА ХЭЛЭХДЭЭ:

“Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа би туйлын баяртай байна. БНМАУ, ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Сансрын хамтарсан нислэг бол олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн үйл ажиллагаа болсон юм. Сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд оролцсон Монгол Улсын байгууллага, хамт олон, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид олон бий.

Энэ бүх үйл явдлын хамгийн дээд цэг нь болсон сансрын хамтарсан нислэгт биеэр оролцсон намайг өндрөөр үнэлж буй нь тухайн ажилд оролцсон бүх хүнийг үнэлсэн үнэлгээ гэж би хувьдаа бодож байна.

Би монголчуудын болон төрийнхөө буян хишгийг олон хүртлээ. Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд гүн талархал дахин илэрхийлье. Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Улсын Онцгой комиссоос гаргасан холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголхүү 2021-03-22 192.82.69.216

Гончигдоржтой харьцуулахад жинхэнээсээ өгөх ёстой хүний нэг нь манай цорын ганц сансрын нисгэгч мөн. Баяр хүргэж, урт удаанаслаж юу санасан ёсөн цагаан хүсэл танв биелэхийн өлзийтөй ерөөлийг баатарт дэвшүүлье!

Avatar

ЗОЧИН 2021-03-22 202.21.126.30

ГҮРРАГЧАА БААТАР САНСАРТ НИССЭН, МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАСАН НЬ ҮНЭН ЮМ ЧИНЬ ЭНЭ ОДОНГ ӨГЧ БОЛОЛГҮЙ ЯАХАВ. ГЭХДЭЭ НӨГӨӨ ТАЛД НЬ СОНГОЛТ ШУДАРГА БАЙГААГҮЙ, ТЭР ҮЕИЙН ҮЗЭЛ СУРТАЛ НӨЛӨӨЛСӨНД СҮРЭНХОРЛОО НИСГЭГЧ ГОМДОЛТОЙ БАЙДГАА ХЭЛЖ БАЙГААД БУЦСАН, М.ГАНЗОРИГ БАС ДУРАМЖХАН БАЙДГАА ЯРЬСАН БАЙДАГ, УГААСАА ХАНДЛАГААС НЬ МЭДЭГДДЭГ ҮНЭН БАС БИЙ. ГЭХДЭЭ ЭНЭ БҮХЭН СОЦ СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ БОЛОХООС ГҮРРАГЧААГИЙН БУРУУ БИШ ЭЭ.

Avatar

ҮНЭН 2021-03-22 103.26.194.206

одоо больмоор юм аа цаг тухайд нь авах юмаа аваад идэх юмаа идцэн хүн шүү дээ

Avatar

Зочин 2021-03-22 202.21.126.30

Ерөнхийлөгч ёстой зөв хүндээ шагнал өгчээ. Маш зөв. Гүррагчаа баатарт баяр хүргэе!

Avatar

Зочин 2021-03-22 202.9.40.10

Ерөнхийлөгчдөө баярлалаа зөв

Avatar

иргэн 2021-03-22 103.57.94.140

Естой нудээ олсон сайхан шагнал байлаа. Энэ хун авахгуй бол хэн авах билээ. Танд урт нас удаан жаргалыг хусьеэ.

Avatar

Зочин 2021-03-22 59.153.85.108

Ганзориг ахыг минь та нар бас л орхисоор л байна уу.Яг адилхан гавьяатай хүн шүү.Яс юман дээрээ Гүр рагчаагаас хамаагүй илүү боловсрол мэдлэгтэй хүн шүү.

Avatar

Эмч 2021-03-22 192.82.72.171

Естой л буян юм даа. Баяр хүргэеээ

Avatar

Зочин 2021-03-22 192.82.69.11

МОНГОЛ УЛСАД ЭНГЭР ДЭЭРХИ ОДОН ТЭМДЭГЭЭРЭЭ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛТАН ГҮРРАГЧААГУАЙ БОЛЛОО . БАЯР ХҮРГЭЕ .

Avatar

Амараа 2021-03-22 64.119.18.199

Жинхэнэ нүдээ олсон гэдэг чинь байна.

Avatar

Зочин 2021-03-22 103.57.95.155

Энэ шагнал ёстой л нүдээ олж зөв эзэндээ очлоо доо. Сансарын нисгэгч Ж. Гүррагчаа баатар тандаа баяр хүргэж урт удаан наслахыг ерөөе!

Avatar

СД 2021-03-22 66.181.190.218

Гүррагчаа гуай бол энэ их нэр хүнд, шагналын буянг зөв авч явах буянтай хүн. Баяр хүргэе

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.101

Уг шагналыг авах ёстой эзэний нэг нь яах аргагүйл мөндөө

Avatar

4444 2021-03-22 43.228.129.131

Сайхан юмаа бахархалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж