Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ч.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ цахим уулзалтууд хийгээд дууслаа. Мөрийн хөтөлбөр, зорилтоо танилцуулж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, үнэлэлт дүгнэлт өгөх, боломж бололцоог нь дэнсэлж үзэх цаг боллоо гэж харж байна.

Тэгэхээр юуны түрүүнд нэр дэвшигч дөрөв өөрсдийгөө “Өрсөлдөгчид биш” гэж тодорхойлсон нь анхаарал татлаа. Ардчилсан намд одоо юу хамгийн их хэрэгтэй вэ гэдгийг энэ нийтлэг уриалга шууд хэлээд өгчихөж байна. Бас дээрх дөрвийн хэн нь ч ялсан бай, дарга болсон хойноо юун түрүүнд намаа нэгтгэх ажилд “ханцуй шамлах” юм байна. Гэхдээ энэ том ажлыг, чухамдаа ард олны даалгаврыг хүссэн хүн бүр хийчихнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Тийм ч учраас нэр дэвшигчдийг анхааралтай ажиглаж буй юм. Учир нь, Ардчилсан намд үүсээд байгаа асуудал улс төрийн нэг хүчний дотоод асуудал төдий бус, цаашдаа тогтох улс төрийн дэглэмтэй холбоотой асуудал болж магадгүй болсон учраас ингэж анхаарахаас аргагүй.

Ардчилсан намын дараалсан олон ялагдлын шалтгаан ганц эвдрэл талцал биш. Эв эвдэрснээс  гадна үзэл баримтлал булингартаж МАН-ыг даган зүүн тийш хэт хэлбийсэн, үзэл санаа тээгчид нь хоорондоо эвдрэлцэж айдол буюу хүчтэй лидергүй болсон, улмаар хуулийн байгууллагад нээнтэгтэй, олон нийтэд нэр хүнд муутай хүнээр дарга тавьсан гээд одоогийн нөхцөл байдал ар, араасаа урган гарсан. Тиймээс одоо Ардчилсан намыг эвдрэлцүүлсэн томчууд, тэдний гар хөл болсон хүмүүс өөд нь татна гэхэд төдий л итгэхгүй байна.

Монголчууд ардчиллын мэдрэмжтэй ард түмэн. Ямар ч сайн бодлоготой, ард түмний төлөө уриатай нам дангаараа удаан засаглавал дотроосоо өтдөг, дарангуйлал руу халтирдаг гэдгийг 70 жилийн гашуун туршлагаараа мэднэ. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, ямар чухал вэ гэдгийг мэддэг, тоталитар дэглэмийг алсын зайнаас ч мэдэрдэг.

Нэр дэвшигчдийн заримынх нь тодорхойлсноор “Ардчилсан нам уналтынхаа доод цэгт хүрч“, өнгөрсөн сонгуулиудын ялагдалдаа үнэлэлт өгч, алдаагаа засахаар  тэмцэж байгаа энэ цаг үед ард түмэн ч өнгөрсөнд өгсөн сонголтуудаа эргэцүүлж суугаа. Эрх баригчдын амлалт, ажлын зөрүүг нь хэмжиж, зарим нь дүнгээ аль хэдийнэ тавьсан биз.

Хүний эрхийн мэдрэмжтэй, барууны чиг баримжаатай, оройлж манлайлах нэр цэвэр, мөр цэвэр, бэрхээс зүрхшээдэггүй нэгэн гараад ирвэл ер нь л шууд дэмжээд явчихад бэлэн байгаа болов уу.

Нэр дэвшигч дөрвийн хэлж ярьж байгаа, уриалга, мөрийн хөтөлбөрийг нь харлаа. С.Эрдэнэболд “Шинэ Ардчилсан нам” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулж, түүндээ намаа шинэчлээд бодлогын сөрөг хүчин болж улмаар 2024 онд ялна гэсэн зорилт дэвшүүлжээ.

Д.Пүрэвдаваа мөрийн хөтөлбөрөө “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн нь намын даргын гэхээсээ парламентын сонгуульд тохирсон нэр мэт санагдсан. Хийх ажлаа дотор нь богино, дунд, урт хугацааны гэж ангилсан байх ба эхлээд намаа дарга төвтэй биш гишүүн төвтэй болгоод, дараа нь яая даа гэсэн сайн мөрийн хөтөлбөр боловсруулж, улмаар 2024 оны сонгуульд нэр хүндтэй хүмүүсийг сонгож өрсөлдүүлэх аргаар ялна гэсэн төлөвлөгөө зурсан аж.

О.Цогтгэрэл Ардчилсан намын шинэчлэл намын асуудал биш, дарга солихыг шинэчлэл гэхгүй, иргэдийнхээ ой тойнд өөрөөр, илүү хурдацтайгаар байрших ёстой гээд 41 зүйл заалт бүхий хөтөлбөрөө энэ зорилтыг хангахад чиглүүлсэн байна. Үндсэндээ шинэчлэл ярьжээ.

Харин О.Амартүвшин өнгөрсөн ялагдлуудын шалтгааныг олж, засах ажлыг юун түрүүнд хийнэ гэсэн байна. Энэ нь шууд хэлэхэд С.Эрдэнэ тамгыг нь авч гүйгээд байгаа Ардчилсан намтай учраа олно гэсэн үг гэдэг нь тэнэг хүнд ч ойлгогдоно. Тэрээр таван ялалт хөтөлбөрийнхөө дараа, дараагийн зорилтод Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэрлэсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө асуудлыг шийдэх итгэлтэй байгаа юм байна гэж харагдлаа.

Өнгөрсөн хоёр сонгуульд МАН ялсан ч хоёулаа У.Хүрэлсүхэд итгэсэн, горьдлогын ялалт байсан. Горьдлого биелэхгүй бол итгэл эвдрэх хэврэг ялалт байсан гэсэн үг. Одоо эргээд харахад итгэл эвдэрсэн. Гуравдагч хүчин болгочих санаатай дэмждэг байсан жижиг намуудыг МАН хэдийнэ “албан бусаар” эгнээндээ нэгтгэсэн тул гуравдагч хүчнийг дэмжиж гаргаж ирэх гэсэн ойлголт одоо Монголд тохирохгүй. Ардчилсан нам л эвээ олж байж МАН-ыг хамжааргатай болгох нь өдөр шиг тодорхой зүйл. Гэхдээ ардчилалд одоо удирдагч хэрэгтэй.

Хэт прагматик биш, фракциудын эрх ашгийг хангагч биш, хий хоосон онолдогч, хэт сайхныг мөрөөдөгч биш, эдгээрийг эн тэнцүү хослуулсан нөхөр. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын шинэ дарга ардчилал, хүний эрхийн мэдрэмжтэйгээр бодитой сэтгэдэг байх ёстой гэсэн үг. Энэ шаардлагад хамгийн нийцэх нь О.Амартүвшин, О.Цогтгэрэл хоёрыг гэж харж байна. Мөрийн хөтөлбөр, ярьж хэлж байгаагаас нь харсан ч бодитой, хаана, юун дотор зогсож байгаагаа, эхлээд юу хийх ёстойгоо мэдэж байгаа нь энэ хоёр л байна. Замнал нь эзнийхээ талаар олон мэдээллийг хэлж өгдөг. Улс төрд орж байгаа хүн шууд нэг намын аппаратад орсон уу, мөнгөөр эрх аваад сонгуульд нэр дэвшсэн үү, эсвэл  ҮЭХ руу зүтгэв үү, МҮХАҮТ-д ажиллав уу гэдэг нь өөрөө мэдрэмжтэй хүнд юм хэлдэг.

Эцэст нь хэлэхэд, Ардчилсан нам хүчгүйдсэн болохоос ард түмэн ардчиллыг хүсдэг, тууштай дэмждэг хэвээрээ. Төрөхөөс гадуур хувцасгүй гарч ирсэн ээжээр шоудах хэрнээ амьдаараа шатсан иргэнээ тоодоггүй биш, харин түүний оронд төрөх эмнэлэгийн тасгууддаа гадуур хувцасны шкаф хийчих засаг хэрэгтэй байна гэдгийг мэдрээд л байгаа. Өнгөрсөн алдаа завхралаасаа ангид байвал тэд Ардчилсан нам, цаашлаад ардчиллаа аврахад бэлэн байна. Гагцхүү удирдаж байгаа аавын хүү нь авруулах анзааны зангарагтай байж чадах эсэхээс л бүх юм шалтгаалах биз ээ.

Г.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж