Эрх баригчид УИХ-ын хаврын чуулганыг нээсэн даруйдаа Ерөнхийлөгчийн сонгуультай хамт нэг өдөр товлогдсон УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцох “бай” болгосных байж мэдэх нь.
“Тунгалаг тамир”-ын цахиур Төмөр “Морьтой хүнтэй хэлэлцээ хийснээс явган хүнтэй хэлэлцээ хийвэл бууж өгөх нь амар юм болов уу гээд энэ хэдэн морьдыг аваад ирлээ” гэдэг шиг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулъя гэвэл УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад Н.Энхбаяртай хэлэлцээ хийхэд илүү амар тусч буй бололтой.
Учир нь, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиар МАХН-аас Э.Батшугар дээрх тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан. Гэвч сонгогчдоос авсан саналын дүнгээрээ дөрөвт эрэмбэлэгдсэн юм. Тодруулж хэлбэл, МАН, МАХН-тай нэгддэггүй юм гэхэд эвсээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадвал нэр дэвшигчид нь сонгогчдоос ирэх санал хуваагдахгүй. Энэ зорилгодоо хүрэхэд УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгууль тун сайн “барьцаа” болж байна.
МАН 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн гол шалтгаан нь МАХН –аас нэр дэвшигч санал хуваасантай холбоотой байдаг. Нэг үгээр хэлбэл, тарамдаж буй саналыг нэг болгох тактикт шилжихгүйгээр хэчнээн өндөр рейтингтэй, хэчнээн хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг МАН нэр дэвшүүллээ ч урьдын алдаагаа л давтана гэсэн үг юм.
Иймээс Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуулиар ашиглах боломж нь нөхөн сонгууль болж таарч байна. Харин МАН-даа молигдуулах уу, санасандаа хүрч, сарвайснаа авах уу гэдэг нь МАХН-ын даргын хийх улс төрөөс хамаарна. Ардчилсан намтай Засгийн эрх хамтран барьж байсан үе шигээ улс төр хийвэл алтан загасны эмгэн шиг олон л зүйлийг Ардын намынхнаас салгаж чадна. Гэхдээ бас хууртахыг ч үгүйсгэхгүй.
Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулах асуудлыг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сар болгон хойшлуулж байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр дарга аа, анхааралтай байгаарай. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхээ болиулж, сонгуулиа зохион байгуулчихаад нөхөн сонгуулийг намар болгон хойшлуулж байгаа нь таныг хулхидах гэж байгаа юм. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг анхааруулъя” гэсэн нь бодох л асуудал.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга “Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулахад техник технологийн хувьд хүндрэл үүсч байна” гэх тайлбар хийсэн нь шалтаг л болохоос шалтгаан биш болж таарч буй.
Учир нь, нөхөн сонгууль зөвхөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт л товлогдсон. Хэдийгээр дээрх дүүрэг нь хүн ам олон ч хоёр тойрогт хуваагдсан байдаг тул саналын хуудас тоолох арван машин нэмж аван ашиглахад л УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулчих боломжтой. Хүн, хүч ч нэг их шаардахгүй.
Монгол Улс 2012 онд УИХ-ын сонгуулийг, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган нэг өдөр зохион байгуулж чадаж л байсан. Тэр үед анх удаа саналын хуудсыг автомат машинаар уншуулж байв. Харин одоо ганц тойргийн УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх зургадугаар сарын 4-нд зохион байгуулах болохоор техник технологи нь хүрэлцэхгүй болдог нь улс төрийн шалтгаантай гэдэг нь ийн батлагдаж байна.
Уг нь УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулбал 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан бол ирэх аравдугаар сарын 10-н болгож хойшлуулснаар нэг тэрбум болж, өсөхөөр байгаа.
Цар тахлын улмаас аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, төсвийн орлого тасарч буй хүнд нөхцөлд эрх баригчид МАХН-тай хийх тохиролцоогоо түс тас болгож чадахгүйгээс төсөвт 900 орчим сая төгрөгийн дарамт учруулан, сонгуулийг хойшлуулах нь үнэндээ бол улсаа, ард түмнээ бодох бус өөрсдийнхөө эрх ашгийг л бодсон явуургүй бодлого юм.
Гэсэн ч яалтай, хууль тогтоохоос эхлээд засаглах бүхий л эрх мэдэл нь гарт нь төвлөрч байгаа хойно намайг хэн саах вэ, нохойг хэн тоох вэ гэсэн шиг л дөрвөн сарын өмнө л товлосон нөхөн сонгуулийн хугацааг өөрсддөө тааруулан өөрчлөх зэргээр “тоглож” байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ