УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мөн өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр /2021.03.22/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам санаачлан өргөн барьж, УИХ-аар 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад дараах зөрчил илэрч байна. Үүнд:
- Шилэн данс хөтлөхгүй байх
- Буруу, худлаа хөтлөх
- Шилэн дансанд мэдээлснээ засах
- Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.
Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачилсан гэдгээ тодотголоо. Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шилэн дансны хариуцлагын асуудал нь гээгдсэн байна. Тиймээс нэг сая төгрөгийн орлого, зарлагыг мэдээлдэг байх, мөн хариуцлагын тогтолцоог нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Зарим яам, агентлаг Шилэн дансны хуулийг огт мөрдөхгүй байна. Энэ хуулийг олонхын бүлэг дэмжиж, энэ ондоо батлах байх гэж найдаж байна. Олон нийтийн хүсэлт, шаардлага ч бий. Мөн өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төсөлд Засгийн газрын саналыг авах гээд хүргүүлсэн боловч мөн л дэмжсэнгүй. Өнөөдөр нийгмийн даатгалын мөнгө гарын салаагаар урсаж байна. Дуртай нь энэ мөнгийг өөрийн банкиндаа байршуулж, зарцуулдаг улмаар алга болгодог нөхдүүдэд 40 сая төгрөгийн торгууль тавиад л өнгөрлөө. Эзэн нь тодорхой байхад нийгмийн даатгалын мөнгийг буруутай этгээдүүдээр нь төлүүлж мөн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох шаардлагатай. Түүнээс биш янз бүрийн халамж, хүнсний талон, эмний хөнгөлөлт ард түмэнд хэрэггүй.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.#ТөрийнОрдон2021.03.22
Posted by Ардчилсан Намын Бүлэг on Sunday, March 21, 2021
АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хүсэлтээ ЗГХЭГ-т хүргүүлсэн. МАН-ын бүлэг дээр энэ төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Covid-19-ийн нэг удаагийн хууль баталснаар төсвийн мөнгийг маш үр ашиггүй зарцуулж байгаа. Covid-19-ийн нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Өнөөдөр гэхэд халдварын тоо 200 давлаа. Өмнөх Засгийн газар маш муу ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайд болсон. Гэтэл “Сахил хүртээд шал дордов” гэдэг боллоо. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Гэтэл ямар ч үр дүнгүй боллоо. НОК-ын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооц гэсэн боловч тооцоогүй. Энэ шинжилгээг аваад бүх юм сайхан болчих мэт л ярьж байсан. Гэтэл өнөөдөр байдал улам бүр дордож байна” гэлээ.
Түүнчлэн энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргыг тодруулах хоёр талын дотоод сонгуулийг нэгтгэн хамт зохион байгуулж, есөн нэр дэвшигчээс хамгийн өндөр санал авсан хүнийг АН-ын даргаар томилох нь зөв гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдлээ.