Сирийн арми долоон хүн хөнөөж, ОХУ энгийн иргэд рүү дайрав

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Сирийн арми долоон хүн хөнөөж, ОХУ энгийн иргэд рүү дайрав

Сирийн арми долоон хүн хөнөөж, ОХУ энгийн иргэд рүү дайрав

Сирийн арми Туркийн хилийн ойролцоох эмнэлэг рүү их буугаар буудсанаас долоон хүн амь үрэгдэж, 14 эмчийг шархдуулжээ. Үүний дараа Оросын сөнөөгч онгоцууд тус хэсгийн байгалийн хий олборлох байгууламжууд, цементийн үйлдвэр болон энгийн иргэд олноор суурьшсан хэд хэдэн хот тосгод руу дайрчээ.

Түүнээс гадна Оросын хөөргөсөн пуужин Ках тосгонд унасан гэх бөгөөд сөнөөгч онгоцуудын дайралт Туркийн хил дээрх дүрвэгсдийн хуарантай маш ойрхон болсныг гэрчүүд мэдээлжээ.

Дайралтад Идлиб мужийн Сармада хотын ойролцоо оршдог байгалийн хийн байгууламж өртөн дэлбэрч, хилийн Баб аль Хава боомтын зогсоол дээр байсан их хэмжээний бараа бүхий машинууд шатаж, мужийн эдийн засгийн гол тулгуур болсон түлшний байгууламжууд сүйдсэн байна.

Мөн Барууны тагнуулчид энэ сарын эхээр аль Баб тосгоны ойролцоох нутгийн газрын тос боловсруулах хэдэн арван үйлдвэрүүдийг шатаасан пуужингийн довтолгооны ард Орос байгаа гэж хардаж байгаагаа илэрхийлжээ.

Туркийн талыг баримталдаг босогчдын “Үндэсний арми” зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Дамаск хотын ард ОХУ бий. Тэд Сири дэх босогчдын эзэмшилд буй сүүлчийн газар нутгийг чөлөөлж, үйл ажиллагааг доголдуулахаар төлөвлөсөн боловч Идлибийн эсрэг төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Оросын агаарын дайралтууд үргэлжилсээр байна. Түүнчлэн тэдний илгээсэн баллистик пуужингууд энгийн иргэдийн суурьшлын бүсэд маш ойрхон бууж байна” хэмээн ярьжээ.

Харин Туркийн батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Оросын талыг баримтлагч Сирийн засгийн газрын хөөргөсөн баллистик пуужин Ках тосгон, Сармандагийн ойролцоох зогсоолд тусч, долоон иргэн шархдуулсан байна. Мөн Туркийн зүгээс дайралтуудаа даруй зогсоохыг Москвагаас шаардсан боловч одоохондоо хариу ирээгүй гэнэ.

Дээр дурьдсан Атареб хотын эмнэлэгт болсон халдлагад амь үрэгдсэн долоон хүний дунд эх, үр хоёр ч бий аж. Тус дайралтынхаа дараа Сирийн арми дахин Ариха тосгонд халджээ.

Туркийн батлан хамгаалах яамны мэдээлснээр үүнтэй төстэй үйлдэл өнгөрсөн онд хэд хэд давтагджээ. Тэдний мэдээлснээс үзвэл, ОХУ-ын удирдлагаар Дамаскийн арми хэдэн арван эмнэлэгт халдаж, нэг удаа таван хүн хөнөөж, 10 хүн шархдуулсан гэнэ.

Эх сурвалж: REUTERS SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж