БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, хошууч генерал В.А.Жанибеков, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансрын нисэгч М.Ганзориг нар болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, Монгол Улсын нийт иргэд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Та бүхэнд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд тохиосон олон томоохон үйл явдал, ололт, амжилтын нэг нь сансар огторгуйг эзэмшсэн явдал билээ. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр олон улсын “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд өнөөгийн Казакстан Улсын нутагт байрлах “Байконур” дахь сансрын буудлаас сансрын нисэгч В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй “Союз-39” хөлөг хөөрч, задгай сансарт гаран сансрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж олон арван шинжлэх ухааны туршилт судалгааг төлөвлөгөөний дагуу явуулан, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ газардсан юм.
Энэхүү үйл явдал нь манай улсын нэрийг дэлхийн сонорт дахин дуурсгасан түүхэн үйл явдал төдийгүй монгол хүн бүрийн омогшил, бахархал, ирээдүйдээ итгэх итгэл, урам зориг, хүсэл тэмүүллийг бадраасан онцгой үйл явдал байсан юм.
Сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сансрын тойрог замд эрдэм шинжилгээ, судалгааны сорилт, туршилт явуулах, тусгай хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх мэдлэг, дадлага, чадвар бүхий өндөр түвшний үндэсний эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн боловсон хүчнүүд хэдэн арваар төрөн гарч, эх орныхоо шинжлэх ухааны салбарыг үсрэнгүй хөгжилд хөтлөн улс орондоо ихийг хийж бүтээсэн явдал нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Тухайн цаг үед манай улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэж, сансарт туршсан 20 дахь, хөлгийн гадна, задгай сансарт хэмжилт судалгаа хийсэн анхны таван орны нэг болж дэлхий дахины шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.
“Союз-39” хөлөг задгай сансарт “Салют-6” станцтай залгагдаж, тус хөлгийн экипажийн бүрэлдэхүүнтэй хамтран сансрын физик, технологи, байгаль орчны болон анагаах ухаан, биологийн зэрэг 30 орчим туршилтыг амжилттай хэрэгжүүлж, байгаль орчныг зайнаас тандан судлах, түүний үр дүнг геологи, цаг уур, геодези, газар зүйн шинжлэх ухааны салбарт хэрэглэх, сансрын анагаах ухаан, биологийн салбарт судалгаа шинжилгээний ажил явуулах, сансрын холбоо, физик, технологийн ололтыг амьдралд нэвтрүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой ажлуудыг зохион байгуулсныг онцлох нь зүйтэй.
Энэ баярт үйл явдлаас хойш хэдийнээ 40 жилийн хугацаа өнгөрсөн болов ч монгол хүн бүр сансрын эрэлхэг хөвгүүдээрээ ямагт бахархаж, Монголын ард түмний ялалт, амжилтын бахдам жишээ, үлгэр дуурайлал нь байсан хэвээр байна.
Эрхэм хүндэт сансрын нисэгчид, энэ үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан бүх эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын ажилтнууд Та бүхэндээ монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэг үйлдсэн өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Холбоотой мэдээ