Улсын хэмжээнд хоногт бүртгэгдэж буй covid-19 халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгджээ. Иймд дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж буйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд Covid-19 халдварын өвчлөл бүхий 350 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 71 нь хүүхэд, насанд хүрэгчид 279 байгаа юм.
Нэмэлтээр ор дэлгэсэн гурван эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа аж.
Цаашид орны хүрэлцээ ямар талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд 1700 гаруй ор байгаагаас 1400-г нь ашиглаж байна. Цаашид 3000 гаруй ор дэлгэх боломжтой ч эрүүл мэндийн төвүүдийн бусад эмнэлгийн үйлчилгээ эрсдэлд орох магадлалтай. Ер нь орны хүрэлцээ хүндхэн байна. Батлагдсан тохиолдлуудын 80 гаруй хувь нь хөнгөн өвчтөн тул шаардлагатай тохиолдолд зарим өвчтөнүүдээ гэрт нь эмчилж, орны хүрэлцээг зохицуулна. Гэхдээ өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийг харгалзан үзэж, гэрээр эмчлүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ