НЭМЭЛТ: 15.30
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.03.22/ болж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдав.
Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ.
ДЭЭД ШҮҮХЭЭС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХОЁР ГИШҮҮНИЙГ ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА
Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2021.03.22/ Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийг сонгоно. Тодруулбал, улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарласан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн 17 нэр дэвшигчээс Д.Зүмбэрэллхам нэрээ татжээ. Түүний хувьд ОХУ-д мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан аж.
Т.УРАНЦЭЦЭГ, Д.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН БОЛНО
Эрх баригч МАН Шүүхийн тухай багц хуулийн төслийг батлах хүртэл Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрх нь дууссан хоёр гишүүнийг томилоогүй өдий хүрсэн. Жил гаруй хугацааны дараа ийн Шүүхийн хуулийн дагуу Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэсэн юм. Улсын дээд шүүхэд нийт 16 нэр дэвшигчээс өнөөдөр хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай. Улс төрийн хөшигний ард ч эдгээр Цэцийн гишүүнд хэнийг томилох вэ гэдэг МАН анхаарлаа хандуулж буй.
Бидэнд олдсон мэдээллээр Цэцийн гишүүнд Т.Уранцэцэг, Д.Эрдэнэчулуун нарын дунд гол өрсөлдөөн болж буй гэх. Т.Уранцэцэгийг нь улс төрийн хүрээнийхэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой их ойр гэж дүгнэдэг. Д.Эрдэнэчулууны хувьд ч гэсэн МАН-тай "ойр" учраас гол өрсөлдөөн тэдний дунд явах болов уу гэсэн таамаг байна. Мөн хуульчдын дунд Ж.Эрдэнэбулган, Д.Зүмбэрэллхам нарыг дэмжиж байгаа гэх мэдээлэл байгаа ч Д.Зүмбэрэллхам нэрээ татсан юм.
Д.БАЯНДҮҮРЭНГ ЕРӨНХИЙЛӨГЧ "ЗҮТГҮҮЛЭВ"
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа гишүүний нөхөр Д.Баяндүүрэн СЕХ-ны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Түүнийг энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхийлөгч зүтгүүлж буй гэх мэдээлэл бий. Д.Баяндүүрэн нь СЕХ-нд ажиллаж байсан, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан туршлагатай юм байна.
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ
1.П.Амаржаргал. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2.Х.Батчимэг. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
3.Д.Баянбилэг. НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг арга зүй, зохион байгуулалтын менежер, "Отгонтэнгэр" дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Хилийн цэргийн дээд сургуульд магистр хамгаалсан.
4.Д.Баяндүүрэн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
5.Б.Ганбаатар. МУИС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
6.Б.Ганзориг. ХААДС-ийг машин механизмын инженер, ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. ХААҮИС-д техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
7.Г.Гантөмөр. ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч, ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
8.О.Машбат. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд аюулгүй байдал судлалын магистр тус тус хамгаалсан.
9.Л.Мөнхсайхан. ОХУ-ын Волгоград хотод мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
10.Ч.Отгонбаяр. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийг эрх зүйч, Польш улсын Варшавын их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
11.Д.Солонго. Москвагийн улсын их сургуулийн хууль зүйн факультетийг эрх зүйч, Улс төрийн их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
12.В.Удвал. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн хуулийн факультетийг төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.
13.Т.Уранцэцэг. ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус, тус төгссөн. ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
14.Г.Элбэгсайхан. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, ИБУИНВУ-ын Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
15.Ж.Эрдэнэбулган. МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
16.Д.Эрдэнэчулуун. ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.
Э.БУРАМ