“Нөхрөөсөө сал гэж чамд хэлээд байхад миний үгийг тоохгүй юм. Танай нөхөр хүүхдээ өсч томрохоор нь яг л манай Батаа шиг хаяад явна. Одоохондоо хөл хорио гээд ажилгүй, хүүхэд чинь нялх болохоор л чамаас салахгүй, тэжээлгэж байгаа юм” гэж 30 орчим насны залуухан эмэгтэй нийтийн тээвэрт утсаар найздаа “зөвлөж” байх нь анхаарал татав. Хосууд маргалдах бүртээ салалтаар асуудлыг шийдэх гэж яарч, найз нөхөд, төрөл садан нь ч бас ийм “зөвлөгөө” өгөх нь түгээмэл.
Гэр бүл бүхэн өөрийн гэсэн аз жаргалтай, үл ойлголцох ээдрээтэй асуудал ч олон. Харамсалтай нь гэр бүл салалт өнөөгийн нийгмийн хагархай сүүдэр нь болжээ. Өдөрт дунджаар 40 хос гэрлэлтээ батлуулж байхад 10 нь гэр бүлээ цуцлуулдаг байна. Энэ нь жилд 16-17 мянган хос гэрлэлтээ батлуулдаг ч дөрвөн мянга нь гэр бүлээ цуцлуулдаг гэсэн үг.
Албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан тоо нь энэ болохоос биш цаана нь хэчнээн гэр бүл хамтын амьдралаа цэглэж байгаа нь тодорхойгүй.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ, ХАГАС ӨНЧИН ХҮҮХДИЙН ТОО 2020 ОНД ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА
Монголд залуус 20-29 насандаа гэрлэдэг ч судалгаанаас харахад дийлэнх нь 18,19 насандаа эцэг эх болж, өрх тусгаарладаг байна. Гэвч эргээд хариуцлага хүлээж чаддаггүй. Үүнээс болж хоёр тийш болдог ч хүүхэд хамгийн том хохирогч болсоор. Гэрлэлтээ цуцлуулж буй 4000 гаруй гэр бүлээс 10 мянган хүүхэд өнчирч байна гэх судалгаа ч байна. Статистик сөхвөл, 2019 онд улсын хэмжээнд өрх толгойлсон эх 69.787 байсан бол 2020 онд 70.293 болжээ. Мөн хагас өнчин хүүхдийн тоо 2019 онд улсын хэмжээнд 33.649 байсан байсан бол 2020 онд 35000 болж өсчээ. Үүнд мэдээж нас баралт, эцэг эх, эхнэр нөхрийн аль нэг нь гадаадад ажиллах зэрэг олон шалтгаан байгаа ч салалт нөлөөлж байгаа нь нууц биш.
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ГЭР БҮЛ САЛАЛТЫН ТОО ӨСЧЭЭ
Гэр бүл салалт жилээс жилд өсөх магадлалтай байна гэх дүгнэлтийг ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар гэрлэлтээ батлуулсан болон цуцлуулсан байдлыг харвал,
ХӨЛ ХОРИО ГЭР БҮЛ САЛАЛТАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?
Гэр бүл салалтад архидалт, хүчирхийлэл, араар тавилт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ч цар тахал ч бас гэр бүлийн амьдралд сорилт болжээ. Бүтэн жилийн хугацаанд хүмүүс өмнө нь хэзээ ч гэр бүлдээ зарцуулдаггүй цаг хугацааг өнгөрүүлэх болсон.
Хөл хорионд хосуудад нэг хэсэг нь харилцаагаа шинэчлэх, бат бэх гэр бүл болох эерэг өөрчлөлтийг авчирсан. Нөгөө талаас хосууд өдөр бүр маргалдаж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй болсноор гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй болсон нь ч нууц биш. Зарим нь хүүхдүүдээ бодохдоо гэрлэлтээ цуцлуулаагүй ч олон жил танихгүй хүмүүс шиг тэвчиж амьдарсан гэр бүл ч олон бий.
Өнгөрсөн жил сovid-19 халдварын дэгдэлт оргилдоо хүрч, улс орнуудыг айдаст автуулж байх үед олон жил хамт амьдарсан хосууд ч хөл хорионы нөлөөгөөр нэгийгээ төвөгшөөх нь ч нийтлэг байв.
Жишээ татвал, нэгэн эмэгттэйн нөхөр нь завгүй, амралтын өдрүүдэд хааяа л гэр бүлдээ цаг зарцуулж, бусад үед ажлаас өөрийг мэддэггүй байсан ч хөл хорионд гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх болсноор гэр бүлийн зөрчилдөөн үүсчээ. Тэд гэр бүл болоод 15 жил хамт амьдарсан ч хөл хорионоос өмнө бүх зүйл хэвийн байсан аж. Харин хөл хорионд нөхөртэйгээ хамт ихэнх цагийг өнгөрүүлэх болсон нь салах тухай бодоход хүргэсэн байна. Шалтгаан нь, нөхрийнхөө “үглэх”-ээс залхаж, бас хэрүүл ч тасрахаа больжээ. Тухайн эмэгтэйн хувьд нөхөр нь үргэлж завгүй байх нь өөрт нь тайван байдаг талаар фэйсбүүктээ бичиж, бусдаас зөвлөгөө хүсч байв. Энэ бол манай улс цар тахлын улмаас анх удаа хөл хорио тогтоож байсан үед гэр бүлд нийтлэг гарч байсан асуудал юм.
УБЕГ: ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС ГЭР БҮЛ ЦУЦЛАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Хүмүүс өмнө нь хэзээ ч удаан хугацаанд хамт байгаагүй цагийг хөл хорионд өнгөрүүлэх болсноор хоорондоо ойлголцох эсвэл салах гэсэн хоёр сонголттой нүүр тулсан билээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хөл хорионы үед гэр бүл цуцлалт бүртгэгдээгүй гэх тайлбарыг өгч байв.
Тус газраас "Өдөрт 9-10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 гэр бүл гэрлэлтээ батлуулж байна. Өнгөрсөн жил 3362 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан. Үүний дунд хөл хорионы улмаас хосууд салсан шалтгаан бүртгэгдээгүй" гэсэн юм. Хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй ч хөл хорионы улмаас хоорондоо ойлголцохгүй, эцэст нь салсан гэр бүл бодит амьдралд олон.
Хөл хорио гэр бүлд ямар өөрчлөлт авчирсан, салалтад нөлөөлсөн эсэх талаар сэтгэлзүйчийн байр суурийг хүргэе.
ГЭР БҮЛ БОЛОХООСОО ӨМНӨ ӨӨРСДИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ
Сэтгэлзүйч Б.САЙНЗАЯА:
-Хосууд хоорондоо ярилцахгүй, нөгөө хүнээ сонсохгүй өөр хүнээс тусламж хүсэх нь гэр бүлд ажиглагдаж буй буруу хандлага юм. Тухайлбал, эмэгтэй хүн нөхөр, найз залуу гэдэг хүн байхад ярилцаж ойлголцох, тусламж хүсэлгүй өөр хүнээс зөвлөгөө авах, тусламж хүсэх нь тухайн хүнд доромжлогдсон мэдрэмж төрдөг. Ийм асуудлыг аль болох гаргахгүй, хосууд хоорондоо ярилцаж ойлголцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хосууд хоорондоо ярилцаад ч ойлголцож чадахгүй, нэгийгээ нэгтгэж чадахгүй болохоороо сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан ч болно.
Сүүлийн үед 20-оос дээш насныхан гэр бүл зохиох хүртлээ гэр бүлийн орчин нь сайн, эмэгтэй хүнтэй огт харьцаж үзээгүй, архи тамхи хэрэглэдэггүй зэрэг сайн төлөвшилтэй ч гэр бүл зохиосныхоо дараа хүчирхийлэл үйлдэх, хуурах, салах хандлага ч гарч байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийгөө танин мэдээгүй, хүйсийнхээ тэнцвэртэй байдлыг ч олоогүй үедээ сэтгэл хөөрлөөр гэр бүл зохиож, улмаар үл ойлголцол, маргаан, гэр бүл салалтын шалтгаан болж байна.
Мөн нэгийгээ хуурах нь тухайн хүн бие махбодь, хайр сэтгэлийн хэрэгцээг өөр хүнээс хайж байна гэсэн үг. Энэ нь нийгэмд залуусын дунд буруу хандлага, давалгааг ч үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, ердийн үзэгдэл мэт ойлгох, нэгийгээ дуурайх нь олон сөрөг үр дагаврыг үүсгэнэ. Хөл хорионд хосууд нэгийгээ таньж мэдэх, ойлголцох, гэр бүлээ бат бэх болгох эерэг талууд ч ажиглагдсан. Гэхдээ хамтдаа удаан хугацаанд байсан ч ойлголцохгүй бол эцэст нь дээрх дурдсанаар хүчирхийлэл, салалтад хүртэл нөлөөлнө. Бат бэх гэр бүл зохиоход сэтгэл хөөрлөөр биш өөрийгөө таньж мэдэх, нэгийгээ таних хугацаа хэрэгтэй.
Судалгаанаас харахад, дунджаар 20-29 насныхан гэрлэж, олон жил амьдарсан хосууд салах нь түгээмэл байна. Гэрлэлтийн эхний 2-3 жилд салалт маш бага байдаг бол 6-7 жилд нэмэгдэж, 10-аас дээш жил хамт амьдарсан хосууд хоёр тийш болдог байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ