"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

Хот хөдөөгийнх гэлтгүй бүгд л үнэ хямдыг нь бодож “Нарантуул” захаар үйлчлүүлдэг. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт /2021.03.19/ тус захад очиж, иргэдийн худалдан авалт  болон наймаачдын ашиг орлого хэр байгаа талаар сурвалжиллаа.

Үдийн 16:00 цаг.  Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнацгааж байдаг их хөлийн газар мөн үү гэлтэй байлаа. Учир нь түм түжигнэж, бум бужигнасан энэ газрыг зорин ирэх хүний тоо сүүлийн үед эрс багассан байна. Иргэд Covid-19 халдварын улмаас  олны хөлийн газраар үйлчлүүлэхээс татгалзах болсон ч нөгөөтэйгүүр тэдний худалдан авах чадвар мууджээ.

 Уулзсан наймаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" хэмээн бу­химдацгааж байв.

Уг нь  урьд жилүүдэд  наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж.  Харин энэ жил наймаачид хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суугаа харагдав.

Лангуу бүрт зарагдахгүй, борлогдохгүй өвлийн гутал, хувцас битүү. Хөл хорионы улмаас иргэд  гэртээ өвөлжсөн, хоёрдугаарт  улирал нь дууссан болохоор яах ч аргагүй гэх хувь тавилантайгаа эвлэрсэн наймаачид. Тэд “Зарж байгаа үнээс нь 10-20 мянган төгрөг хямдруулаад өгнө шүү” хэмээн хажуугаар зөрөх ганц, нэг хүнийг “панаалдана”.  Гэвч тусыг эс олно. Цөөхөн хэдэн лангуунд хаврын хувцас өрөөстэй. Нийслэлийн 100 мянган өрх энэ захаас амьдралаа залгуулж, Улаанбаатарын хүн амын 60 гаруй хувь нь тус захаар үйлчлүүлдэг гэх албан бус тоо бий.

Хуучин сайхан цагт тус захад хүмүүс оволзож, наймаачид 19:00 цагт ажлаасаа буудаг байсан бол одоо 16:00 цаг болов уу үгүй юу  бараагаа тээшиндээ хийн харихаар зэхдэг болж.

Орлого гэх олигтой зүйлгүй, өвлийн бараа татаад зарж чадаагүй учраас эргэлтийн мөнгөгүй болсноо наймаачид нуугаагүй.

ӨДӨР БҮР ГАНЦ НЭГ БАРАА ЗАРЧИХ БАЙХ ГЭЖ ГОРЬДООД Л ИРЖ БАЙНА

“Нарантуул” захын наймаачин Г.Бадмаа “Эрэлттэй үе нь өнгөрчихсөн болохоор бараа зарагдах нь муу байна. 2020 оны арваннэгдүгээр сард хорио тогтоохоос  өмнө бараагаа татсан. Хүмүүс өвлийн хувцас авдаг ид үед нь хөл хориод бид нам зогссон. Би хувьдаа нэг ч бараа зарж чадаагүй. Одоо  лангуун дээр гаргасан ч авах хүн олдохгүй байна. Тиймээс бүх бараагаа далд хийгээд дараа жил гаргаж ирнэ дээ. Гэхдээ загвар хоцрогдоод, хүнд гологдох вий гэхээс бас айх юм.  Захаар үйлчлүүлэх хүн байхгүй болохоор орлого гэх зүйл ч алга. Иргэдийн санхүү хүндэрч, хувцас худалдаж авахаас илүүтэй хоол хүнсэндээ л олсон хэдэн төгрөгөө зарцуулж байна.  Өдөр бүр ганц нэг бараа зарчих байх гэж горьдоод л ирж байна” гэлээ.

Тус захад ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэд болон оюутан залуус орлого оруулдаг гэнэ.  Гэтэл  халдварын улмаас хичээл сургууль ороогүй, хөдөө орон нутагт ч хязгаарлалт тогтоосон учраас “Нарантуул” зах тэг зогсолт хийжээ. Хөдөө орон нутгийн зам нээгдэж  иргэдийн урсгал нэмэгдэхээр л орлого гайгүй болно гэдэгт наймаачид найдаж сууна. Засгийн газар банкны зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулсан учраас наймаачид  зээл төлөлтийн асуудалгүй байгаа ч хаврын хувцас татах эргэлтийн мөнгөгүй баларч байгаагаа бидэнд учирласан юм. Наймаачид дунд 4-8 өдөрт ганц ч бараа зараагүй орлогогүй өнжсөн олон хүн байв. Үүнээс харахад иргэд илүүдэл хэрэглээнээс татгалзаж хэмнэлтийн горимд шилжих хандлагатай болжээ.

“Нарантуул” захын наймаачдын 70 гаруй хувь нь Хятадаас бараагаа татдаг.

Хилийн хорио тогтоосноос улбаалан наймаачид өөрсдийн биеэр бараа таваараа сонгох, хэмжээ чанарт хяналт тавих боломжгүй болсон учраас чанаргүй бараа нийлүүлэгдэх, цаанаас нь өндөр үнэ тогтоох,  тээвэрлэлтийн хугацаа алдагдах зэрэг асуудал ч үүсэх болжээ.

Хятад улсын хувьд зөвхөн өөрийн улсын “Синофарм” вакциныг хийлгэсэн гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тиймээс наймаачид өөрсдийн биеэр  бараагаа сонгохын тулд Хятадын вакцин хийлгэх сонирхолтой байна.

ЭРГЭЛТИЙН МӨНГӨГҮЙ БОЛСОН УЧРААС ХАВАР, ЗУНЫ БАРААГ ТАТАЖ ЧАДАХГҮЙ

Гутлын тасгийн наймаачин Г.Баяраа “Одоогийн байдлаар ганц  ч гутал зараагүй байна. Ерөнхийдөө гутал авах хүндээ ашиг харахгүйгээр бараг үндсэн үнээр нь зарж байна” гээд өвлийн урт түрийтэй уулын гутал харуулаад “Энэ гуталны үндсэн үнэ нь 25 мянган төгрөг. Үндсэн үнэ дээр нь 10 мянган төгрөг нэмж  зардаг байсан. Одоо бараг үндсэн үнээр нь ав гэсэн ч авах хүн алга. Хөдөө орон нутгийн иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдсан учраас ямар ч орлого алга. Өмнө нь орон нутагт наймаа эрхэлдэг хүмүүс бөөндөж авдаг байсан. “Нарантуул” захад наймаачдаас өөр хүн байхгүй болж дээ. Энэ захаас би арав гаруй жил амьдралаа залгуулахдаа ийм хүнгүй эзгүйрч байхыг анх удаагаа л  харж байна. Өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн  нөхцөл байдал эдийн засгийг хямралын ангал руу чирж байна.  Бид өглөө ирж бараагаа өрж, орой хураадаг л ажилтай болчихсон. Ямар ч эргэлтийн мөнгөгүй болсон учраас хавар, зуны барааг татаж чадахгүй. Уг нь халдвар гарахаас өмнө өдөрт арав гаруй гутал зардаг байлаа” гэлээ.

 ГЭРТЭЭ СУУЧИХВАЛ АР ГЭРИЙН АМЬДРАЛ БҮР Л ДОРДОНО

Бэлэн хувцасны наймаачин “Өнгөрсөн 2020  оны арваннэгдүгээр сараас хойш хөл хорионы улмаас бид өвөлжингөө гэртээ байлаа. Тэр хооронд ихэнх үйлдвэр ААН-үүд ажилчдаа цомхотгосон байна. “Нарантуул” захын хамгийн хямдхан бараа зардаг газар хүртэл ашиггүй байна. Хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд нь зөвхөн хүнсээ л авах болчхоод байна. Ойрын өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-аас буухаа больсон учраас хүн бүр айдастай байгаа. Гэхдээ хатуу хөл хорио тогтоогоод бид гэртээ суучихвал ар гэрийн амьдрал бүр л  дордоно” гэдгийг ч дурдав.

ХӨЛ ХОРИО СУЛРУУЛСНААС ХОЙШ ХӨДӨӨ АЖ АХУЙ, УУЛ УУРХАЙН САЛБАР ХАМГИЙН ЭХЭНД СЭРГЭСЭН

Судлаач, эдийн засагч  Г.Батзориг “Төсвийн орлого 13 хувиар буурч зардал нь 22 хувиар өссөн. Зардлын  70 хувь нь гуравхан зүйлд зарцуулагдаж байгаа.  Тухайлбал, 39 хувь нь халамж, 20 хувь нь төсвийн хөрөнгө оруулалт буюу барилга байгууламж, 11 хувь нь зээлийн  төлбөр. Төсвийн орлого буурч, зардал нь өсчихөөр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байна.  Энэ нь Монгол Улс жилд  бүтээж байгаа баялагийн 12 хувьтай тэнцэхүйц алдагдалд  орсон  гэсэн үг.

Хөл хорио сулруулснаас хойш хөдөө аж ахуй, уул уурхайн салбар хамгийн эхэнд сэргэсэн.  Дотоодод халдвар буурахгүй байгаатай холбоотойгоор бусад салбаруудад 2021 оны гуравдугаар улирлаас эдийн засгийн сэргэлт эхлэх төлөвтэй байна.  Хамгийн удаан сэргэх салбар нь зочид буудал, дотоодын аялал жуулчлал, агаарын тээвэр юм.

Олон улсын судлаачид дотоодын шинжээчид эдийн засгийг  4-7 хувийн өсөлттэй байх тооцоог гаргасан. Гэхдээ энэ  нь 2020 онд алдсан шархаа нөхөх эсэх, 2019 оны түвшинд хүрч чадах уу  гэдэгт хариулт өгөх жил байх болно.  Цаашлаад зээлийн эрэлт бага, зээлийн чанар муудах эрсдэлтэй байна. Хэдийгээр эрсдэлтэй эдийн засгийг хөлдөөсөн ч хавар гэсэхэд эрсдэл нь  хэвээр. Энэ оны долдугаар сард зээлийн ангилал хуучин хэвэндээ ороход санхүүгийн салбарт зээлийн эрсдэл үүсэхээр хүлээгдэж байна. Үүнээс гадна Банкны салбарын реформ нь эдийн засгийн маш эгзэгтэй үед хийгдэж байна. Ялангуяа цар тахлын нөлөөнд зээлийн багцийн 40 хувь асуудалтай байгаа түүнчлэн хөтөлбөрийн зээлүүд ашигт ажиллагаанд асуудал үүсгэх гэх мэтээр хүнд үед реформ хийгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж