Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр (2021.3.22) тохиож байна. Тэгвэл одоо монгол инженерүүд баг болж, оюун ухаан, ур чадвараа нэгтгэн сансрын технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж явна. Тодруулбал, сансрын технологи эзэмшин эх орондоо ирцгээсэн МУИС-ийн инженерүүдийн баг хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байна. Энэ талаар тус багийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд танай багийн хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Одоогоор бид системийн туршилтын маш олон ажил хийж байна. Сансарт хиймэл дагуул хөөргөхөд деталь бүрийг нь нарийн шалгаж, бүх зүйлийг урьдчилан тооцох шаардлагатай байдаг. Тухайлбал, тойрог замд агаар байхгүй, даралт байхгүй, нартай талд маш халуун, сүүдэртэй талд хүйтэн, өндөр энергитэй цацраг хагас дамжуулагч элементүүдийг шатаах гээд байдаг. Тиймээс тэнд электрон системийг ажиллуулах нь дэлхий дээр ажиллуулахаас тэс өөр, нарийн ур чадвар шаарддаг. Бусад технологиудтай харьцуулахад өндөр өртөгтэй, анхнаасаа бүгдийг сайн тооцож, сайн зүйл хийх хэрэгтэй. Иймд газар дээр маш их туршилт хийх шаардлагатай.
Мөн “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуулыг бүтээх технологийг МУИС-ийн оюутнуудад сургаж байна. Энэ ажлын зорилго нь Монголд хиймэл дагуул хийж болдог гэдгийг харуулах. Задлаад яривал сургах, шинжлэх ухааны туршилт хийх үүрэгтэй. Төлөвлөгөөний дагуу “Тэмүүлэл” хиймэл дагуул 2022 онд тойрог замд орно.
Бидний дунд хугацааны зорилго бол дэлхийг хэрсэн олон ажиглах хиймэл дагуулууд нисгэж, ямар ч хугацаанд дурын дүрсийг дамжуулах. Энэ технологи яг л “Google map” шиг, гадаах машины зогсоол дээр машин байгаа эсэх, замын хөдөлгөөн хаагуур их байгааг ч харах боломжтой. Тэр системд нэвтэрч орж харах эрхийг бид худалдаж болно. Ингээд дэлхий нийтэд түгээж чадвал жилд хэдэн тэрбум ам.долларын ашиг олох боломжтой.
-Хэдэн жилийн өмнө монгол инженерүүд япончуудтай хамтран “Мазаалай” хиймэл дагуул хөөргөсөн. Одоо “Мазаалай” хаана явна вэ. Үүрэг даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ?
-“Мазаалай” хиймэл дагуулыг 2017 онд хөөргөөд хоёр жил амжилттай ажиллаад бууж ирсэн. “Мазаалай”-гийн нэг даалгавар нь зураг авах, дууг дэлхий рүү дамжуулах, үндсэн үүрэг нь GPS-ийн байршил, агаарын нягтын хэмжилт, сансрын цацрагийг судлах зэрэг туршилтуудыг хийх байсан. Уг хиймэл дагуул 2019 онд үүргээ амжилттай биелүүлэн дэлхийн агаар мандалд орж шатаж алга болсон. “Мазаалай”-г “BIRDS” төслийн хүрээнд хийж байлаа. Уг төсөл нь хиймэл дагуулгүй улсуудыг хиймэл дагуултай болгох олон улсын хамтарсан төсөл. Манай улсын хувьд энэ төсөлд оролцож хямд зардлаар, бодит төсөл дээр хүний нөөц бэлтгэх маш зөв шийдвэр болсон. “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөх нь Монгол Улсын шинжлэх ухааны хувьд нэг том алхам болж шинэ технологийн үүдийг нээсэн. “Мазаалай”-г 120 мянга орчим ам.доллароор бүтээсэн байдаг. Ийм зардлаар маш олон хүний нөөцийг бэлтгэж чадсан.
-Олон хүний асуудаг зүйлийн нэг нь “Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, хиймэл дагуул хөөргөхийн ач тус нь юу вэ” гэх асуулт. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бид өөрсдөө мэддэггүй ч олон төрлийн сансрын технологийг өдөр бүр ашиглаж байгаа. Жишээ нь, өөрийн байршлыг тогтоох, дэлгэцээс газрын зураг харах, цаг уурын мэдээ, холбоо харилцаа, интернет зэргийг дурдаж болно. Бидний зорилго бол Монголыг хэрэглэгч улс биш, дэлхийд гарч сансрын бүтээгдэхүүн нийлүүлдэг улс болгох.
Сансар судлал нь орчлон ертөнц хэрхэн бий болсон, хар нүх, өтний нүх, од гараг галактик гээд судлагдахуун ихтэй. Ихэвчлэн эрдэмтдийн таамгийг ажиглалтын дуран авиан тусламжтай харж, баталж, хүн төрөлхтөн мэдлэгийн хүрээгээ тэлсээр байна. Манай багийнхан энэ ерөнхий асуултыг түр хойш тавиад сансрын технологи хөгжүүлэхэд бүх хүчээ зарцуулж байна. Хиймэл дагуулын технологи хөгжүүлэх нь шинжлэх ухаан, боловсролд томоохон нөлөөтэй, өндөр технологи, инноваци хөгжүүлэх хамгийн шилдэг арга. Мөн аж үйлдвэр, эдийн засгаа хөгжүүлэх гээд өргөн хэмжээнд авч үзэж болно.
Тухайлбал, хиймэл дагуулын тусламжаар хаагуур сайн өвс ургаж байгааг, газар тариалан эрхэлж байгаа хүн хаана усалгаа, бордоо хэрэгтэй байгааг харж болно. Энэ гэх мэт маш олон зүйлд ашиглаж болно.
– Бусад орны хувьд сансар судлалыг маш сайн дэмждэг. Харин Монголд яадаг вэ. Сансрын технологийг хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Сүүлийн үед биднийг дэмждэг болоод байгаа. Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, хүний нөөцийг бэлдэх, жижиг хиймэл дагуулын төслүүдэд оролцуулах гээд тодорхой дэмжлэг үзүүлж байна. Саяхан Засгийн газрын баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод сансар судлал, сансрын технологи хөгжүүлэх талаар багтсан нь бидний хувьд маш сайхан мэдээ байсан. Уг бодлогод тусгах бидний санал гэвэл зориулалтын лабораторитой болох. Манайд маш сайн тоног төхөөрөмж байхгүй тул гаднын лабораториудыг ашиглах, туршилт хийх, багаж тоног төхөөрөмжийг нь ашиглах шаардлага гарч байгаа. Хэрвээ судалгааны төвтэй болчихвол хүний нөөц нь Монголд бий.
Түүнчлэн манай улсын хувьд бодит хэрэглээнд зориулсан дараагийн хиймэл дагуул нь дэлхийг ажиглах, зайнаас тандан судлах. Ийм хиймэл дагуулын хамгийн гол төхөөрөмж нь камер. Камерын нарийвчлал буюу дэлхий дээр байгаа үйл явдлыг хэд дахин томруулж, даалгавар илтгэх нь линзийн диаметр, оптик замаас хамаарна. Өндөр нарийвчлалтай байхын тулд том линзтэй камер ашиглах, улмаар хиймэл дагуул дээрээ том орон зай эзлэх юм. "Мазаалай" болон "Тэмүүлэл" хиймэл дагуулууд 10х10х10 см хэмжээтэй нано хиймэл дагуул тул ийм том оптик систем багтахгүй. Тэгэхээр ойролцоогоор 50х50х50 см орчим эзэлхүүнтэй, 50 кг орчим микро хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Энэ төрлийн хиймэл дагуул хийх чадвар бидэнд байгаа боловч бидэнд үүнийг турших тоног төхөөрөмж, багаж, орон зай дутагдаж байна. Иймд шаардлагатай бүх багаж тоног төхөөрөмж нь байдаг, мэргэжилтнүүд нь дотроо суудаг төвтэй болох талаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн компаниудаас санхүүжилт хайж байна.
-Монгол Улс энэ салбарт ямар түвшинд явна вэ. Сүүлийн үед залуу инженерүүд нэгдэн хүч түрэн орж ирж байна. Таны хувьд энэ салбарт яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийд 10 дахь орон болж байсан. Энэ нь Азийн бусад өндөр хөгжсөн оронтой харьцуулахад Япон улсаас ес, Хятадаас 22, БНСУ-аас 27 жилийн өмнө сансарт ниссэн үйл явдал болсон. Тухайн үедээ бид тэднээс түрүүлж явсан. Тэртээ 1980-иад онд Ж.Гүррагчаа баатар сансарт хөөрөхөөс гадна тэр үед сансар судлал, одон орон, зураг мэдээ боловсруулах хүний нөөц давхар бэлтгэгдэж байлаа. Миний мэдэхээр сансрын нисгэгч М.Ганзориг, академич С.Дэмбэрэл, Д.Амарсайхан гээд олон сайхан хүмүүс байдаг.
Харин хиймэл дагуулыг бүтээдэг, технологийн мэргэжилтнүүд тун саяхнаас бэлтгэгдсэн. КАНСАТ гээд хиймэл дагуулын ажиллах зарчмыг хялбарчлан хийдэг, олон улсын оюутнуудын тэмцээн 2012 онд Испанид болсон юм. Тэр үед манай улсаас МУИС, ШУТИС-ийн оюутан, багш нараас бүрдсэн баг амжилттай оролцож телеметр төрөлд алт, хүрэл медаль авч байлаа. Мөн тэр жил “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг Засгийн газраас баталж, Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх бодлого тодорхойлсон. Бид тэр үед физикч, электроник, нисэх загварын инженерийн залуус байсан боловч дээр дурдсан тэмцээн, хөтөлбөр нь биднийг энэ чиглэлээр явах замыг зааж өгсөн.
КАНСАТ Үндэсний хиймэл дагуулын тэмцээн 2013 онд анх зохион байгуулагдаж, МУИС-д нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийг Мобиком, Засгийн газраас байгуулж өгсөн. Үүнтэй зэрэгцээд хүний нөөцийг сансрын технологи өндөр хөгжсөн улсад бэлтгэх бодлого хэрэгжсэн. Үүний нэг жишээ нь миний бие. Би “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсын Хоккайдогийн их сургуульд хиймэл дагуулын мэдрэгч, олон сувагт камерын чиглэлээр суралцаж төгссөн. Манай багийн 20 орчим хүн гэхэд сансар судлалын өөр өөр чиглэлээр сураад ирсэн.
-Магадгүй хэзээ монгол инженерүүдийн бүтээсэн хөлөгт, монгол нисэгч суугаад сансарт нисэх бол?
-Энэ асуултад хариулахын тулд манай багийнхны гаргасан нэг зургийг харуулъя.
- 2023-2025 онд дэлхийг ажиглах, зайнаас тандан судлалын нэг микро хиймэл дагуулыг монгол инженерүүд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийх боломжтой.
- 2030 он гэхэд дэлхийг бодит хугацаанд шууд хардаг сүлжээ олон хиймэл дагуултай болно.
- 2040 он гэхэд холбоо харилцааны өөрийн хиймэл дагуулуудтай болж чадна.
- 2040-2050 оны хооронд монгол инженерүүдийн гараар бүтсэн пуужин хөлөгт, өөрийн улсын нисэгч суугаад сансраар аялах боломжтой болно. Тэр үед бид тэтгэвэрт гарсан байна байх.
Холбоотой мэдээ