"Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй тоглолтыг үзүүлнэ" | News.MN

"Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй тоглолтыг үзүүлнэ"

"Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй тоглолтыг үзүүлнэ"

"Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй тоглолтыг үзүүлнэ"

Монголын ширээний теннисний спортын түүхэн дэх анхны олимпийн эрхийг авсан шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Галбадрах нартай ярилцлаа. Тэд одоогоор Казахстан улсад хамтарсан бэлтгэл хийхээр саатаад байна.


-Монголын ширээний теннисний түүхэнд шинэ хуудас нээж, анхны олимпийн эрхийг хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Одоо ч гэсэн өөртөө 100 хувь итгэхгүй, үнэхээр их баяртай байна. Миний мөрөөдөл болон Монголын ширээний теннисний хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдийн зорилго биеллээ.

22 жил ширээний теннисний спортоор хичээлсний үр дүнд олимпийн эрх авч, замналынхаа хамгийн оргил амжилтанд хүрлээ.

-Гэр бүлийнхэн тан энэ баярт мэдээг хэрхэн хүлээж авав?

-Аав маань их баярласан даа. Багаас минь ширээний теннисний спорттой холбогдоход их нөлөө үзүүлсэн хүн. Өөрөө ч энэ спортыг сонирхдог болохоор намайг үргэлж тусалж, дэмжиж дасгалжуулагч шиг л байдаг. Сэтгэлзүйн тал дээр ч мундаг зөвлөгч. Юуны түрүүнд шууд аав руугаа л залгаж, баяртай мэдээгээ дуулгасан. Гэр бүлийнхэн маань бүгд баярласан.

-Та бүхэн Дохад хоёр ч томоохон тэмцээнд оролцлоо. Тэмцээнүүдийнхээ талаар товчхон мэдээллийг хүргэхгүй юу?

-Гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд олимпийн эрх олгох ганцаарчилсан төрлийн дэлхийн тэмцээн, гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээн тус тус зохион байгуулагдсан. Нийт 80 гаруй орны тамирчид оролцсон томоохон тэмцээн явагдаж өндөрлөлөө.

-Олимпийн эрхийн төлөө залуу тамирчин Ж.Мөнхзоригтой тааран тоглосон. Тоглолт ямар байв?

-Тоглолт их хүнд болж өнгөрсөн. Бэлтгэлтэй байсан хэдий ч сэтгэлзүйн хувьд хүнд байлаа. Ордоны уур амьсгалын хажуугаар, олимпийн эрх л толгойд бодогдоод өмнөх тоглолтуудыг бодоход төвлөрөхөд хэцүү байсан.

-Эрхээ авчихлаа одоо олимпоос өмнө оролцох тэмцээн уралдаан бий юу?

-Одоогоор төлөвлөгдсөн тэмцээн уралдаан алга. Дотооддоо тэмцээн уралдаан зохион байгуулж болохгүй байх. Ер нь бол зохион байгуулагддаг уламжлалт тэмцээнүүд бий. Харамсалтай нь, цар тахлаас улмаас зохион байгуулагдах боломжгүй байна.

-Дохаг зорихоос өмнө хамгийн сүүлд хэзээ гадаад руу олон улсын тэмцээн явав ? Хил хаагдаад, тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй багагүй хугацаа өнгөрлөө. 

-Хамгийн сүүлд олон улсын тэмцээнд гэвэл 2018 оны Азийн наадамд л оролцсон юм байна. Тухайн үед багаараа шилдэг 16 багийн нэгээр тодорч байсан. Тэрнээс хойш 2019, 2020 онуудад тэмцээн уралдаанд оролцсонгүй. Бараг л гурван жил болж дээ. Харин өнгөрсөн онд дотооддоо Дохаг зорих эрхийн төлөөх тэмцээнд оролцсон. Эрэгтэй, эмэгтэй тус бүр Монголын шилдэг 16 теннисчин оролцсон томоохон тэмцээн. Шилдэг наймд үлдсэн тамирчид нь тойргоор өрсөлдсөн юм. Тэгсэн би эхний хоёр тоглолтондоо дараалаад хожигдчихсон. Ер нь л боломж багасчихлаа, гэхдээ эцсийг нь хүртэл яваад үзье гээд шийдсэн. Азаар боломж гарч ирж, эхний хоёр тоглолтондоо хожигдсон ч үлдсэн таван тоглолтондоо дараалан хожиж, олимпийн эрх олгох Дохагийн тэмцээнийг зорих эрхээ авсан.

-Та нэг хэсэг их спортоосоо хөндийрөөд байсан шиг санагдаж байна. Тухайн үед юу тохиолдсон юм бэ?

-Тэгсэн шүү. Анх 1999 онд 11 настайдаа С.Галбадрах болон Азийн наадмын аварга, Өмнөд Солонгосын Пак Жи Юн багш нарынхаа удирдлага дор ширээний теннисний спортоор хичээллэж эхэлж байлаа. 2005 онд 17 настайдаа улсын аварга болсныхоо дараагаар 2006 онд Хятад руу сурахаар яваад нэг хэсэг их спортоосоо хөндийрсөн. Харин 2011 онд эргэж ирээд дахин хичээллэж эхэлсэн.

-Дэлхийн аваргын E хэсэгт Монголын ширээний теннисний шигшээ баг алтан медаль хүртэхэд та тэрхүү багийн бүрэлдэхүүнд багтаж байсан санагдана. Энэ тэмцээнийхээ талаар эргэн дурсаач?

-Ширээний теннисний багийн болон ганцаарчилсан төрлийн дэлхийн аваргууд жил жилээр ээлжилж зохион байгуулагддаг онцлогтой. Миний хувьд одоогоор нийтдээ 10 дэлхийн аваргад оролцоод байна. Хамгийн анх 18 настай хүүхэд багийнхаа гуравдугаар ракетаар буюу тоглогчоор Германы Бремен хотод зохион байгуулагдсан 2006 оны багийн дэлхийн аваргад оролцож байлаа. Тухайн үед багаараа D хэсэгт багтаж, 75-р байранд орж байсан санагдана. Ямар ч байсан гуравдугаар ракетаар тоглож, учраа таарсан зургаан өрсөлдөгчөө бүгдийг нь ялж байсан юм. Харин Хятадаас эргэн ирээд 2012 оны Германы Дюссельдорф хотод зохион байгуулагдсан багийн дэлхийн аваргад дахин оролцсон. Энэ үед манай улсын чансаа доошоо унаж, дэлхийн чансаанд 110-р байранд эрэмбэлэгдэж байлаа. Энэ чансааг 97-р байр хүртэл ахиулж, 2016 онд гэхэд дахин чансаа ахиж, 62-р байранд бичигдэж, С хэсэгт багтаж эхэлсэн.

-Азийн аваргын хосын төрөлд ОУХМ Я.Бэгз та хоёр өнөө цагийн дэлхийн шилдэг хоёр теннисчин болох Хятадын Ма Лонг, Чжан Цзикэ хоёртой тааран тоглож байсныг үзэж байлаа. Олимп, дэлхийн аваргуудтай нэг ширээн дээр өрсөлдөнө гэдэг гайхалтай дурсамж биз?

-Тэгэлгүй яах вэ. 2015 оны Хятадад зохион байгуулагдсан Азийн аваргын тэмцээний үеэр ийм үйл явдал тохиолдсон. Я.Бэгз ах бид хоёр хосын төрөлд шилдэг 32-т шалгараад түрүүлж үзээгүй тэмцээн байхгүй Хятадын Чжан Цзикэ болон ширээний теннисний спортын бүх цаг үеийн шилдэг гэгддэг Ма Лонг нарын хостой учраа таарсан юм. Тэдэнтэй анх тоглохоо мэдэхэд л ойр хавьд байсан орон орны найзууд шоолж, тоглоом тохуу хийж байлаа. Ингээд тоглолт ч эхэлсэн бид хоёр эхний ээлжийн тоглолтондоо хожигдсон. Харин хоёрдугаар ээлжийн тоглолтондоо 14-12 гэсэн харьцаатай хожиж, ордоны уур амьсгалыг өөрчилж, олны анхаарлын төвд орж байв. Я.Бэгз ах бид хоёр ч итгэхгүй, бие бие рүүгээ хараад инээж байлаа. Галаа багш ч “Нэг парт авсан бол одоо хожно” гээд хурцалж байсан даа.

-Монголын ширээний теннисний спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, шинэ залуу тамирчид олноор төрж дотоодын өрсөлдөөн ч нэмэгдэж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг ч харахад ихэнхи нь залуу тамирчид байгаа харагдсан?

-Тийм шүү. Ямар ч спортод шинэ залуу тамирчид доороос гарч ирдэг. Манай ширээний теннисний залуу тамирчид хүч түрж, хурдацтай гарч ирж байна. Бөмбөг ч өөрчлөгдсөн, сэтгэлзүй, тактик ч өөр түвшинд оччихсон “Шинэ ширээний теннис” гараад ирлээ. Үүний хажуугаар шинэ залуу тамирчид олноор гарч ирж байгаад баяртай байна. Улам л олон болоосой. Холбоо маань ч ажлаа сайн хийж, залуучуудыг их дэмжиж байгаа. Тамирчдад цалин хангамж өгч, бэлтгэл хийх нөөц бололцоог нь олгож байгаа нь тун сайн хэрэг. Тамирчид ч үүнийгээ дагаад хариуцлагатай болно, дотоодын өрсөлдөөн ч тэр чинээгээрээ нэмэгдэнэ.

-Олимпийн наадам нээлтээ хийхэд дөрвөн сар гаруй хугацаа үлдлээ. Хэр догдолж байна вэ?

-Одоохондоо бодож санасан төсөөлсөн зүйл алга. Ямар ч байсан олимп бол тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Одоо бол бэлтгэлээ сайн хийж, амжилттай оролцоно л гэж бодож байна. Удахгүй судалгаа хийж, өрсөлдөгч нараа судална. Мөн сугалаа хэрхэн таарахыг харж л байя. Олимпийн наадамд оролцож байсан Монголын бусад спортын тамирчдаас ч туршлага хуримтлуулна. Сэтгэл хөдлөлөө ч сайн барьж оролцох нь зөв байх. Бөмбөг бүрийн төлөө хүчээ дайчилж, төвлөрнө. Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй л тоглолтыг үзүүлнэ.

-Та ер нь хэр сэтгэл хөдлөлдөө автдаг вэ? Мэдээж чухал тоглолтын өмнө сэтгэлзүй, биеэ бэлдэнэ биз.

-Юуны өмнө сайн унтаж амарч, хоолоо зохицуулдаг. Хамгийн чухал нь өрсөлдөгчөө судалж, тактикаа боловсруулах хэрэгтэй. Өрсөлдөгчийн сул тал дээр, өөрийнхөө давуу тал дээр тоглохыг хичээдэг. Хэрхэн тоглож буй талаараа үргэлж төсөөлдөг. Мөн дотроо хийх үйлдлүүдээ, гаргах реакциудаа урьдчилан төсөөлж боддог.

-Өөрийгөө хэр туршлагажсан гэж бодож байна вэ? 22 жил гэдэг бага тоо биш шүү.

-Өөрийгөө их туршлагажсан л гэж бодож байгаа. Залуу байхад зоригтой, чухал мөчүүдэд харанхуй үйлдлүүдийг хийдэг, эрч хүчээр ундардаг байлаа. Одоо бол туршлага суугаад тактик дээр тоглодог болоод арга билэг шиг хослуулдаг болсон. Залуу байснаа бодоход одоо илүү мэргэжлийн тамирчин тал руугаа хөгжсөн юм шиг санагдаж байна.

-Гадаад дотоодын олон тамирчдыг л шүтэж өссөн байлгүй дээ. Яг үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?

-Манай дээд үеийн ахмад тамирчид их үлгэр дуурайлал үзүүлдэг. Гэхдээ С.Галбадрах багшийгаа илүү онцолж хэлмээр байна. Багшийгаа л харж, суралцаж, хүндэлж өслөө. Ярихаас илүү үйл хөдлөлөөрөө харуулдаг хүн л дээ. Сэтгэл зүйн тал дээр ч мундаг. Харин олон улсаас гэвэл Шведийн Ян Ове Уолднер гэж домогт тамирчин бий.

-Таныг дэмжиж буй хүмүүс, гэр бүл, хайртай дотны хүмүүсдээ хандаж хэлэх үг бий юу?

-Намайг дэмждэг та бүхэн байгаагүй бол өнөөдрийн Э.Лхагвасүрэн олимпийн эрх аваад зогсч байхгүй байлаа. Мөн намайг үргэлж хурцалдаг өрсөлдөгч нар, тэдний дэмжигчид байгаагүй бол энэ амжилтыг гаргахгүй байсан байх. Та бүгдэд баярлалаа. Хурцлагдаж, дайчлагдаж, ухаажиж энд хүрлээ. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй цааш цаашдаа улам хичээж, өндөр амжилт гаргана. Мөн арыг минь даадаг, юу ч тохиолдсон хажууд минь байдаг аав, ээждээ, дүүдээ, эхнэрдээ, ах ,эгч, эмээ нартаа баярлалаа. Монголын ширээний теннисний холбооны удирдлага тэр дундаа дэд ерөнхийлөгч Д.Галсанбуян ахад талархсанаа илэрхийлмээр байна. Учир нь анх энэ боломжийг холбоонд ирж дуулгасан хүн нь Д.Галсанбуян ах юм. Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ЕНБД С.Галбадрах, Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Гадаад харилцааны Б.Баярмагнай, "Улаанбаатар Синема" ХХК-н захирал МШТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн ноён Ц.Энх-Амгалан нарт баярласнаа илэрхийлмээр байна.

Энэ бол бидний хамтын хүч, амжилт

Олимпийн эрх авсан ширээний теннисний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэнтэй ярилцсаны дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Галбадрахтай ярилцсан юм.

-Гайхалтай амжилтын эзэн болсон танд баяр хүргэе. Олон жил санаж бодож явсан зорилго тан биелсэн байх?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Монгол улс анх удаагаа ширээний теннисний төрлөөр олимпийн эрхээ авлаа. Бидний хувьд азтай, одтой өдрүүд тохиож байна. Биеийн тамир, улсын хороо маань ширээний теннисний улсын шигшээ багийг байгуулсан нь үр дүнгээ өглөө. Мөн Монголын ширээний теннисний холбоо маань сайн ажиллалаа. Цар тахлын үед олимпийн эрхийн тэмцээндээ оролцох бүхий л бололцоогоор хангалаа.

Бидэнтэй ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх байсан Хойд Солонгосын тамирчид ирж чадаагүй нь ч боломж олголоо. Ямартай ч олимпийн хоёр эрхээ авч чадлаа.

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг хэд дэх жилдээ гүйцэтгэж байна вэ?

-Анх 2000 онд холбооны дэргэд шигшээ баг байгуулагдаад л тамирчнаас нь эхлүүлээд дасгалжуулагч хүртэл нь явлаа. Тамирчнаар 20 гаруй жил, дасгалжуулагчаар мөн 20 гаруй жил гээд нийтдээ 40 гаруй жилийг энэ спортдоо зориулжээ.

-Амьдралынхаа 40 жилийг энэ спортод зориулж, шавийнхаа хамтаар олимпийн эрх авч, том зорилгоо биелүүлжээ?

-Олимпод орно гэдэг холын зорилго байлаа. Үүнийгээ биелүүлсэндээ баяртай байна. Үнэндээ бид дундаж түвшинд л байна. Яг ч цойлоод өндөрт гараагүй. Хөгжлийнхө шатанд л яваа улс. Бидэнд хийх ажил их байна. Спорт маань ч хурдтай хөгжиж байна. Дэлхийн шилдэг улсуудтай эн зэрэгцэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажил дуусаагүй дөнгөж эхэлж байна.

fbt

-ОУХМ Б.Баярмагнай Дохаг зорих тамирчнаар тодроод байсан боловч яагаад тэмцээндээ явсангүй вэ?

-ОУХМ Б.Баярмагнай маань холбооны гадаад харилцааг хариуцдаг, тэргүүлэх гишүүдийн нэг, ахмад тамирчин. Өөрөө ч ажил төрөлтэй болохоор бэлтгэл хийх цаг зав хомс учир залуучууддаа боломж олгъё гэсэн юм. Ийнхүү шигшээ багийн залуу тамирчдын дунд сорил тэмцээн явуулаад Мөнхзориг шалгарсан.

-Энэ мөчийг хэнтэй хуваалцмаар байна ? Баярлаж, талархсанаа илэрхийлэх олон хүн л байгаа байлгүй. 

-Олимпийн эрхээ авчлаа. Энэ мөчийг Оч клубыг үүсгэн байгуулагч, Монголбанкны ерөнхийлөгч асан, О.Чулуунбат ах маань байсан бол хамт хуваалцмаар байна. Мөн теннисний спортыг сонирхогчдодоо баяр хүргье. Энэ бол бидний хамтын хүч, амжилт юм шүү. Монголын ширээний теннисний холбооны удирдлагууддаа, энэ спортыг үргэлж дэмждэг ивээн тэтгэгчдэдээ, биеийн тамир, улсын хороондоо баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.58

Амжилт хүсье бүгдийг нь унтуулаад өг

Avatar

zochin 2021-03-22 202.131.251.130

Gaihalttai amjilt! Bayar hurgie!

Avatar

Зочин 2021-03-22 192.82.80.59

gadniihniig oruulahgui gsnshde anu hytd 2 baildhgd bhd yun olymp yun enhtaivan yun amjilt ntr vi kkk

Avatar

Н.Энэбиш 2021-03-22 202.9.46.221

Олимпийн эрх авч гайхалтай амжилт гаргасан дүү Лхагвасүрэндээ баяр хүргэн улам их амжилт хүсэхийн хамт, дасгалжуулагч аавд нь Энхбатдаа бас баяр хүргэн хүүгийнх нь амжилт, баярыг хуваалцья

Avatar

3333 2021-03-22 203.98.76.230

Зүгээр оролцоол ир. Мэдаал хэргүй.

Avatar

Зочин 2021-03-22 43.228.131.72

Бахархаж байна аа. Бөмбөг бөөрөнхий манайхаан урагшаа

Avatar

Зочин хэлсэн харагдаж байна худлаа 2021-03-22 64.119.27.68

Олимп зөвхөн Япончуудад зориулагдаж болохгүй шүүдээ.Утгагүй шүүдээ. Иймд манай Олимпын хороо ч саналаа дэвшүүлж орон орны үзэгчдыг оролцуулах хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2021-03-22 64.119.27.68

Олимп зөвхөн Япончуудад зориулагдаж болохгүй шүүдээ.Утгагүй шүүдээ. Иймд манай Олимпын хороо ч саналаа дэвшүүлж орон орны үзэгчдыг оролцуулах хэрэгтэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж