Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх болжээ. Тэрбээр гавьяаныхаа амралтад суух хүсэлтээ өгч, тэтгэвэртээ гарсан хэдий ч цар тахлын нөхцөл байдалд шинээр томилогдсон салбарын сайд С.Энхболдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна.
Түүнээс энэ талаар тодруулахад “Үнэн. Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Заримдаа Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг мэдээлж байна” гэв.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан. Өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана.
Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” гэдгээ хэлж байв.
А.СҮРЭН