Жо Байден Ерөнхийлөгч болсноос хойш Аляскад АНУ, Хятадын анхны дээд хэмжээний уулзалт дуулиантай эхэлсэн ч төдийлөн үр дүнгүй өндөрлөлөө. Аляскын дээд хэмжээний уулзалт нутгийн цагаар энэ сарын 18-нд эхэлж, 19-нд /Улаанбаатарын цагаар 20-нд/ өндөрлөлөө. Гэвч хоёр өдөр үргэлжилсэн тус уулзалтын үр дүнд хоёр улсын харилцаа төдийлөн дээшилсэнгүй. Аляскын Анкераж хотод болсон тус дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан “Хоёр тал маш хүнд сэдвүүдээр ярилцаж, нэг нэгнээ буруутгаж, дээд хэмжээний уулзалтыг эхлүүлэв. АНУ-ын талаас эхнээсээ хүнд сэдвүүдийн тухай өргөн хүрээнд хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд түүнийгээ ч биелүүллээ. Бид уулзалтад ирэхдээ л ярих бүх зүйлээ маш тодорхой болгон бэлдсэн байлаа. Мөн гарахдаа ч бид маш тодорхой зорилготой буцлаа. Бид Вашингтонд харьмагцаа байр сууриа улам баталгаажуулахын тулд холбоотнууд, найзуудтайгаа зөвлөлдөж, ирээдүйн харилцааныхаа тухай ярих болно” хэмээжээ.
Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Бээжингийн гадаад бодлогын өндөр албан тушаалтан Ян Жиечи АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо хэлсэн аж.
Түүнээс гадна тус дээд хэмжээний уулзалт нь Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш анх удаа хоёр тал биечлэн уулзаж буй уулзалт гэдгээрээ олны анхаарлын төвд орсон билээ.
Хятадын талаас тус уулзалтад ирэхдээ Дональд Трампын захиргаан доорх хүнд хэцүү дөрвөн жилийн дараа хоёр улсын найрсаг харилцааг эргүүлэн сэргээхийг горилж байсан хэмээн ажиглагчид дүгнэж байв. Гэвч уулзалт эхлэхээс өгсүүлээд Байдены багийнхан Хонгконгийн ардчиллыг сөнөөсөн, Шинжаанд хүний эрхийг уландаа гишгэсэн, Тайванийн эсрэг илт заналхийлж байгаа зэрэг асуудалд Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа тууштай илэрхийлсэн юм. Тухайлбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид уулзалтаар Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон тэдгээр нь манай холбоотнууд, түншүүдийн нийтлэг эрх ашигт хэрхэн нөлөөлж буйг ойлгуулахыг зорьсон” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр Хятадын талаас эсэргүүцэл сонсохдоо бэлтгэлтэй байснаа мэдэгдсэн аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Блинкен, Ян хоёр Хонгконг, Шинжаан тэргүүтэй хоёр талын эсрэг байр суурьтай байгаа асуудлуудын талаар ярилцсан гэх ч Блинкений мэдэгдсэнээр тэд мөн Иран, Хойд Солонгосын талаар нээлттэй ярилцсан гэнэ.
Уулзалтын эхний өдөр Блинкен Янд хандан АНУ-ын тал Хятадын Хонгконг, Шинжаан, Тайванийн эсрэг баримталж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлэхэд Ян хариуд нь 18 минутын турш Бээжинг өмөөрч, АНУ-ыг эзэнт гүрнээс ялгарах юмгүй хэмээн буруутгахыг оролдсон аж.
Тэрбээр “АНУ-ын хүйтэн дайны сэтгэхүй хэрээс хэтэрч байна. Тэд тэрхүү бурангуй сэтгэхүйгээрээ бусад улсыг Хятадын эсрэг турхирахаа болих ёстой. Хятадын тал Блинкений байр суурийг үл хүлээн зөвшөөрч байна. Үнэн хэрэгтээ АНУ бол ялгаварлан гадуурхалт хамгийн ихээр гаарсан улс. Түүнчлэн АНУ Бээжинг цахим халдагуудад ихээр буруутгах болсон байна. Гэвч АНУ өөрсдөө энэ тал дээр хамгийн шилдэг нь гэдгийг мартаж болохгүй” хэмээн ярьсан аж.
Эцэст нь тус уулзалтыг дүгнэвэл, хоёр талын харилцаа тун таагүй байдлаас хэсэгтээ эргэн сэргэхгүй бөгөөд илт нэг нэгэндээ дайсагнасан хандлагатай байна. Түүнээс гадна АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн жилдээ Хятадын эсрэг баримталж байсан бодлогыг өөрчлөх бодолгүй байгаа бололтой.
Иймд ихэнх ажиглагчид Байденг Хятадаас ирэх хүнд дарамтын эсрэг олны хүлээлтийг амжилттай гүйцэтгэж байна хэмээн үзэж байгаа аж.
АНУ-ын батлан хамгаалах яамны Хятадын шинжээч асан Дрю Томпсон “Би Байденг Ерөнхийлөгч болмогцоо дотоод дахь цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн зохистой зохицуулахын хажуугаар Хятадтай эрс тууштай байдлаар харьцсанд маш их гайхсан. Тэрбээр дотоодын гол асуудлуудаа амжилттай шийдэхийн хажуугаар өрсөлдөгч гол хүчинтэйгээ эрс шийдэмгий харьцаж чадсанаараа бид бүхний хүлээлтийг амжилттай даван гарлаа. Байден Тайваньд улс төрийн дэмжлэг үзүүлж, зүүн Азийн холбоотнуудтайгаа бодитоор харилцаж байгаа нь Хятадын сорилтыг даван туулах асар том эрмэлзэлтэй байгаагийн илрэл юм” хэмээн ярьжээ.
Харин уулзалтын дараа Жо Байден төрийн нарийн бичгийн даргаараа бахархаж байгаагаа илэрхийлжээ. Түүний нээлтийн үеэр хэлсэн үгийг Ян хүчтэй эсэргүүцсэний дараа Блинкен хэвлэлийнхнийг гаргахын оронд суудалд нь үлдээж, Хятадын талд хэрхэн хандаж буйгаа олон нийтэд ил харуулахыг зорьсон нь нүдээ олсон үйлдэл хэмээн Байден үнэлжээ.
Эх сурвалж: FINANCIALTIMES CNN SCMP NYPOST
Холбоотой мэдээ