Ж.Эрдэнэбат тангараг өргөж, ХӨСҮТ-ийнхөн АТГ-т шалгагдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат тангараг өргөж, ХӨСҮТ-ийнхөн АТГ-т шалгагдаж эхлэв

Ж.Эрдэнэбат тангараг өргөж, ХӨСҮТ-ийнхөн АТГ-т шалгагдаж эхлэв

News агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулахаар заасан тул УИХ-ын хаврын чуулганыг Даваа гаригт /2021.03.15/ нээсэн бол гурав хоногийн дараа  /2021.03.18/ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөв. Тэрбээр гуравдугаар сарын 3-нд шоронгоос суллагдаад байсан юм.

Түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр баривчлан саатуулсны зэрэгцээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн хугацаанд маргаан талцлыг олонтаа дагуулсны зэрэгцээ Олон улсын парламентын холбооноос “УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үр дагаврыг дагуулсан” гэдэг сануулга өгч, хэрэг нээсэн юм.

Харин өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр УИХ алдаагаа заслаа.

АН-ын даргад нэр дэвшигчид тодорч, Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргаар сонгогдов

Улс төрийн хоёрдогч хүчин болох Ардчилсан нам дотооддоо хагаралтай байгаа ч УИХ болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн алдаагаа засахаар шинэ даргын эрэлд гараад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн тэргүүлж буй намынхан гуравдугаар сарын 17-нд аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг сонгох сонгуулийг цахимаар зохион байгуулав. Сонгуулийн үр дүнгээр  Нийслэлийн Ардчилсан намын даргаар Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн Ардчилсан намын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдсон юм. Энэхүү цахим сонгуульд нийт 56985 гишүүн оролцож саналаа өгчээ.

Мөн Ардчилсан намын даргыг сонгох сунгааг өчигдөр албан ёсоор эхлүүлж, нээлт хийсэн.

Энэ удаагийнАрдчилсан намын даргын өрсөлдөөнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, хуульч Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нар өрсөлдөж байна.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын тэргүүлсэн Ардчилсан нам даргыгаа тодруулах сунгаа нь ид дундаа орсон.

Энэхүү сунгаанд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж буй.

Нэр дэвшигчид өчигдөр Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгийн гишүүдтэйгээ цахимаар уулзалт хийж, мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулсан бол өнгөрсөн хугацаанд Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гишүүдтэй цахим уулзалт хийжээ.

PCR шинжилгээний хариу хуурамчаар үйлдсэн нь илчлэгдэв

Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэрээ “Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ажилтан мөнгө авч, танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн байна. Нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан, хамгийн сүүлд өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарснаар энэхүү хууль зөрсөн үйлдэл нь илэрлээ. Ар өврийн хаалга хэрэглэдэг, хууль зөрчсөн үйлдэл нь халдвартай тэмцэх ажлыг үр дүнгүй болгож байна” гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагад хандаж, шалгалт хийхэд нотлогджээ.

Энэ тухай өчигдөр “Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний бичгийг хуурамчаар гаргаж өгсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөөгүй хүнийг шинжилгээ өгсөн мэтээр хуурамч хариу гаргасан. Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед мөнгө завшсан, бусад хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн" гэж мэдэгдсэн юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилов

Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 19-нд тушаал гаргаж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Баттөрийг томиллоо. Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирлын алба хашиж байгаад дээрх албанд томилогдлоо. Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой аж.

Боловсролын байдал:

  • 1995-2001 АШУҮИС
  • 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар
  • 2012 Манчестерын их сургууль
  • Ажилласан байдал:
  • 2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга
  • 2012-2016 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал
  • 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал

Covid-19 халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү тусгаарлахдаа идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай нь гадаа гаргаж, хүнлэг бус хандсан үндэслэлээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг чөлөөлсөн юм.

Түүний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд Д.Наранзулыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилсон билээ. Гэвч ажилчид нь PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар нотлогдсон нь чөлөөлөгдөх үндэслэл болсон бололтой, өөрөө хүсэлт гаргаж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн мэдээлэл байна.

Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байгаад тус төвийн дэд захирал, улмаар ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж