Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр /2021.03.21/ ажиллахгүй.
Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах тул нийслэлийн хэмжээнд бусад дүүрэг дэх дархлаажуулатын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Вакцинжуулалтын цэгүүд Даваа гариг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллах юм байна.
Гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн 43 цэгт 17656 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 23-наас хойш нийт 189969 хүнийг вакцинжуулжээ. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна. Өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "АстраЗенека" вакцины 75 мянган тун, Солонгос улсын "АстраЗенека" 7200 тун, Хятадын "Синофарм" вакцины 107769 тун буюу нийт 189969 тун вакцин ашиглажээ. Дээрх гурван вакцинаас "Синофарм" вакцины 42231 тун үлдсэн. Энэ нь 43 цэгт 2-3 өдөрт ашиглах вакцин юм. ХӨСҮТ-д нөөцөд 232200 давтан тун байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлсэн. "Синофарм" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас, "АстраЗенека" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ.