Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форумыг энэ сарын 29-31-ний хооронд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал А.Бакей, ШУА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Галбаатар нарын албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Форумын үеэр шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг гаргах бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэн, эрдэм шинжилгээний төвүүд, шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн корпорациуд, Шинжлэх ухаан технологийн их сургууль, БСШУЯ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлээ дэлгэх аж. Түүнчлэн дээрх арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд-биотехнологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинэ технологи, инноваци, геологи эрдэс баялаг, дэд бүтэц гэсэн таван салбарын шилдэг бүтээлд шагнал гаруулна гэдгийг БСШУЯ-ын ШУТГ-ын дарга Ө.Сүхбаатар онцолсон. Дашрамд сонирхуулахад, ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж байгаа дэвшилтэт тэргүүний технологиудыг шалгаруулж, уг технологийг үйлдвэрт нэвтрүүлэх зорилгоор хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.
Б.Анхаа
Б.Анхаа