Уул уурхай, хүнд үйлдвэр (УУХҮ)-ийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж буй билээ.
Цар тахлын хуулийн хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажлыг үргэлжлүүлж, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон байна.
Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилжээ. Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.
2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23,6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлсэн билээ.
Б.ЖАРГАЛ